“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ УИХ-ын сонгуулийн үйл явцад хийсэн мониторингийн дүнгээ өчигдөр танилцууллаа. Тэд сонгогчдын нэрсийн жагсаалт, саналын хуудас тоолох үйл явцад болон сонгуулийн автоматжуулсан систе мийн үйл ажиллагаа, хэвлэл мэдээллээр сурталчилгааг хэрхэн мэдээлсэнд мониторинг хийжээ. Ингэхдээ хүн ам ихтэй нийслэлийн Сонгино хайрхан дүүргийг сонгож сонгуулийн 20 хэсгийн хороонд сонгогчдын нэрийн жагсаалтад ажиглалт хйисэн аж. Олон улсад хэрэгжүүлдэг “жагсаалтыг хүнтэй тулгах”, “хүнээ жагсаалттай тулгах” гэсэн хоёр аргаар нягталсан байна. Хоёр дахь аргын дагуу хэсгийн хороонд ил тавьсан нэрийн жагсаалтыг тулгахад долоон хүний регистрийн дугаар, гурван хүний нэр буруу, 12 хүн нас барсан, нэг хүн хорих ял авсан, 56 хүний нэр жагсаалтад байхгүй зэрэг зөрчил илэрсэн байна.
Сонгогчдын сонгуультай холбоотой мэдлэг, мэдээлэл хомс байсан нь санал өгөх явцад багагүй хүндрэл учруулжээ. Тухайлбал, саналаа хэрхэн тэмдэглэх, саналын хуудсаа яаж уншуулахаа мэдэхгүйгээс санал тоолох машиныг гацаасан тохиолдол гарсан байна. Мөн 24 дүгээр тойргийн 25 дугаар хэсгийн хороо, 22 дугаар тойргийн 71 дүгээр хэсгийн хороонд санал тоолох машин нь түлхүүр, кодоо таниагүйгээс сонгууль эхлэх хугацаа хойшилжээ. Энэ сонгуульд нийт 2446 санал тоолох машин ажилласнаас арав гаруй нь гацаж, гар ажиллагаанд шилжсэн байна. Гэхдээ ажиглагчид уг машиныг сайн ажилласан гэж үнэллээ.
Харин ажиллуулсан хүмүүсээ илүү сургаж, дадлагажуулах, хөндлөнгийн байгууллагаар гэрчилгээжүүлэх шаардлагатай гэв. Мөн “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага болох “Глоб интернэшнл” ТББ-аас хийсэн “УИХ-Хэвлэл мэдээллийн мониторингийн дүн”-г танилцуулсан юм. Уг судалгаанд хамрагдсан МҮОНТ, “UBS”, “ТВ5”, “ТВ9”, “MN25” телевизэд эерэг мэдээлэл давамгайлсан байна. МҮОНТ-ийн төвийг сахисан мэдээлэл нийт цагийн есөн хувийг эзэлжээ. Харин ТВ5 телевизийн төвийг сахисан мэдээлэл 36 хувь байсан нь хамгийн өндөр үзүүлэлт ажээ. Мөн арилжааны телевиз сонгогчдын боловсролд маш бага цаг зарцуулсан бол МҮОНТ сонгуультай холбоотой мэдээллийн 33 хувийг сонгогчдын боловсролд зориулжээ.
Н.Уянга