Монгол Улсын даргалж буй Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн ивээл дор зохион байгуулж буй Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаарх олон улсын чуулга уулзалт Улаанбаатар хотноо нээгдлээ.
Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд тус чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Монголчууд эмэгтэйчүүдийн нийгэмд манлайлах, хүндлэгдэж ирсэн уламжлалыг үргэлж баяжуулж ирсэн түүхтэй. Манай ард түмэн саяхан болсон сонгуулиар парламентдаа есөн эмэгтэй удирдагчийг сонголоо.
Тэд ийнхүү зөвхөн эмэгтэйчүүдийн бус, нийт Монголын ард түмний төлөөлөл болж байна. Энэ бол манай эмэгтэйчүүдийн гаргасан том амжилт бөгөөд тэд илүү нэгдмэл, илүү ажил хэрэгч болж байна.
Манай Засгийн газар эмэгтэйчүүдийн төлөөллийг төр засгийн байгууллагын бүх шатанд дэмжиж ирсэн бөгөөд миний толгойлж буй Засгийн газарт нэг сайд, гурван дэд сайд ажиллаж байна. Манай Засгийн газрын анхаарлын төвд байдаг өөр нэг чухал асуудал бол гэр бүл, эмэгтэйчүүдийн оролцооны чадавхийг бэхжүүлэх явдал бөгөөд бид энэ чиглэлээр хууль эрх зүйн зохицуулалт хийлээ. Тухайлбал Жендерийн тэгш байдлын тухай хуулийн тө сөл санаачлан батлуулав. Одоо Парламентаар Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ.
Монгол Улсын Засгийн газар дөрөв буюу түүнээс олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалахад чиглэсэн нийгмийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна” гэв.Мөн Энэхүү чуулга уулзалт нь монгол эмэгтэйчүүд зөвхөн аж байдлаа дээшлүүлээд зогсохгүй улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахад тэднийг уриалан дуудсан, түлхэц өгсөн арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд онцлоод, та бүхэн ийнхүү хуран чуулж, хамтран ажиллаж байгаа нь биеэ биенээсээ суралцах, харилцан ойлгохын үлгэр жишээг харуулаад зогсохгүй, олон орны эмэгтэйчүүд, нийгмийн байдал, үндэс угсаа, шашин шүтлэгээс үл хамааран эв нэгдэл, хамтын ажиллагааны сэжмээр холбогдох боломжийг бүрдүүлж байна гэлээ.
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг Монгол Улс даргалах санаачилгыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтонтой гурван жилийн өмнө уулзахдаа гаргаж байсан бөгөөд эдүгээ энэ үйл явц бодит хэрэг болж, тус нийгэмлэгийн ивээл дор чуулга уулзалт болж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм. Энэ үеэр НХХ-ийн сайд Т.Ганди¬гаас чуулга уулзалтын хөндөх сэдвийн талаар асуухад “Эрчим хүч, эдийн засгийн тогтвортой өсөлтийн асуудлыг эмэгтэйчүүд хэрхэн үр өгөөжтэй байлгах талаар ярилцаж байна. Эрчим хүч бол хөгжлийн эх үүсвэр. Эрчим хүч хязгаарлагдмал газар ажилгүйдэл, ядуурал, соёлын хомсдол, бодлогын хүртээмжтэй бус байдал нэлээд ажиглагддаг.
Хангамжийн асуудал буюу сэргээгдэх эрчим хүч, байгалийн хүчин зүйлийг ашиглахад эдийн засгийн хуваарилалтыг зөв оновчтой хийхэд Монгол Улс ямар шинэ бодлого гаргах талаар хэлэлцэж байна. Нөгөө талаас тогтвортой хөгжил хүмүүсийн амьдралд нэн чухал юм. Эдийн засгийн хүртээмжийг хүмүүнлэг, энэрэнгүй болгох нь чухал байна. Хэн хүчтэй нь давамгайлж үр өгөөжийг нь амсах бус, хүмүүнлэгээр эдийн засгийн өсөлтийг тэгш хүртээмжтэй болгох хүрээнд цоо шинэ бодлого, соёл, сэтгэл зүй улстөрч¬дөд хэрэгтэй” хэмээв.
Чуулганы хүндэт зочдоор Бүгд найрамдах Кыргыз улсын Ерөнхийлөгч асан, хатагтай Роза Отумбаева, Ардчиллын төлөөх Үндэсний нийгэмлэгийн дарга Ричард А.Генхард, Канад улсын Ерөнхий сайд асан хатагтай Ким Кэмпбелл, Бүгд Найрамдах Косово улсын шадар сайд Эдита Тахири, Бангладешийн Элчин асан Насим Фирдаус, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга, Элчин сайд Мариа Лейснер нар хүрэлцэн иржээ. “Эмэгтэйчүүд, эрчим хүч, эдийн засгийн тогтвортой хөгжил”, “Ядуурлыг бууруулах зорилгоор эмэгтэйчүүдийн бүтээлч бизнес эрхлэлтийг дэмжих стратеги”, “Эмэгтэйчүүдэд газар, байгалийн баялаг болон сэргээгдэх эрчим хүч ашиглах илүү өргөн боломж олгох нь”, “Хувийн хэвшилд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх нь” ,”Эмэгтэйчүүдийн улс төрийн ба иргэний оролцоог нэмэгдүүлэх нь” зэрэг сэдвээр салбар хуралдаан, зөвлөлдөх уулзалт, туршлага солилцох хэлэлцүүлгүүд болох юм байна.
Чуулганы хаалтын арга хэмжээ өнөөдөр төрийн ордонд болно.
Б.БЯМБАСҮРЭН