МЧБХ-ны Удирдах зөвлөлийн хурал болж, Лондоны олимпод зодоглох тамирчдын нэрсийг зарлалаа. ДАШТ болон сонгон шалгаруулах тэмцээнээс эрхээ авсан найман бөхөөс эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд л өөрчлөлт оруулж, О.Насанбурмаагийн оронд С.Батцэцэгийг барилдуулах шийдвэр гаргажээ. Дэлхийн аварга С.Батцэцэгийн хувьд энэ жилийн “Mongolia Open”, МБАТС-ын XIII наадамд гол өрсөлдөгчөө ялсан нь багш, дасгалжуулагч нарын шийдвэрт нөлөөлсөн бололтой.
Ийнхүү зуны олимпийн XXX наадамд эрэгтэйчүүдээс Баяраагийн Наранбаатар (55 кг), Пүрэвжавын Өнөрбат (74 кг), Оргодолын Үйтүмэн (84 кг), Жаргалсайханы Чулуунбат (120 кг), эмэгтэйчүүдээс Даваасүхийн Отгонцэцэг (48 кг), Сүндэвийн Бямбацэрэн (55 кг), Соронзонболдын Батцэцэг (63 кг), Очирбатын Бурмаа (72 кг) нар дасгалжуулагч А.Цэдэнсодном, Б.Баяраа, Ц.Баярсайхан, З.Дүвчин, Т.Сүхбаатар нарын удирдлага дор барилдахаар боллоо.
Баг тамирчдыг МЧБХны ерөнхийлөгч Л.Чинбат, хүндэт ерөнхийлөгч Д.Дагвадорж, дэд ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нар ахлан явах бол Ц.Сэрээтэр олимпийн дэвжээнд шүгэлдэх ажээ. Харин нөөц тамирчнаар 63 кг-ийн жинд О.Насанбурмааг авч явахаар болжээ. Мөн өнгөрсөн баасан гаригт олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан дээр чөлөөт бөхийн бэлтгэлийн төвийн нээлт боллоо.
Нэгэн зэрэг зургаан дэвжээ зассан, олон улсын стандартад нийцсэн уг төвийн нээлтийн ажиллагаанд БТСГ, МҮОХ-ны удирдлагууд болон чөлөөт бөхийн үе үеийн алдартнууд, олимпод зодоглох тамирчид оролцсон юм.