“Евро 2012”-оор гялалзсан ОХУ-ын хагас хамгаалагч Алан Загоевыг сонирхогч багуудын тоо эрс нэмэгдсэн билээ. Оросын спортын сэтгүүлчид түүнийг сонирхсон багуудын төсөв санхүү, Загоевын “ЦСКА”-тай байгуулсан гэрээний нөхцөл, авдаг цалин зэргийг харгалзан доорх дүгнэлтийг хийжээ.
“Арсенал” - магадлал 3%
Уг нь хаана авьяаслаг залуучууд тодорно, түүнийг Арсен Венгер үнэд орохоос нь өмнө амжиж авдаг заншилтай. Гэтэл Лукас Подольски, Оливье Жиру, Янн Мвила нарыг авч, солилцоо наймааны зах дээр идэвхтэй ажиллаж буй “Арсенал”-ын сонирхож буй тоглогчдын жагсаалтад Загоев байхгүй нь хачирхалтай. Магадгүй Венгер Аршавины жишээг давтах вий гэхээс болгоомжилсон байж мэднэ.
Тэгээд ч Алан очих дээрээ тулбал Аршавинаас үнэтэй ирэх нь тодорхой учраас “канониорууд” улирлын хамгийн үнэтэй наймаагаа нэлээд бодож байж хийх нь тодорхой. Хэдий тийм ч дээрх нотолгоонууд “Арсенал” түүнийг огт сонирхохгүй гэсэн баталгаа биш юм. “Буучид” мэргэн бууч Робин ван Персигээ явуулсан тохиолдолд довтолгооны шугамандаа нэмж хүн авах нь тодорхой.
“Бавари” – магадлал 5%
Мюнхений багийн менежерүүд “Евро 2012”-ын бас нэгэн нээлт Хорватын Марио Манжукичийг сонирхож, “Вольфсбург”-т 13 сая евро амласан билээ. Мөн тэд “Атлетик Бильбао”-гийн Хави Мартинесийг түүнээс өндөр үнэлж байгаа аж. Харин “Бавари”-гийн шинэ спортын захирал Маттиас Заммер остеи залууд талтай байгаа аж. Тэрбээр оросууд хэсгийн хоёр дахь тоглолтоо Польштой хийхийн өмнөхөн Загоевын аавтай утсаар ярьсан аж. Мөн Арьен Роббений гэмтэл германчуудын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж болзошгүй.
“Лацио” – магадлал 5%
Ромын баг жил бүр “ЦСКА”-тай Кейсүке Хондагийн талаар хэлэлцээ хийдэг ч үр дүнд хүрэхгүй байгаа. Япон залуугаас гадна Якуб Блашчиковски, Димитар Бербатов, Ибраим Афеллай нартай нэр холбогдож байсан италичууд Еврогийн дараахнаас “ЦСКА”-гийн өөр нэгэн тоглогч Загоевыг сонирхож эхэлсэн тухай мэдээлэл мэр сэр гарах болов. Гэвч “Лацио” 15 саяас дээш үнээр тоглогч авч байсан тохиолдол маш цөөхөн.
“Интер” – магадлал 7%
“Интер” энэ зун Жулио Сезарыг Самир Хандановичоор сольж, Лусио, Майкон, Станкович, Форлан нарыг явуулж, бүх шугамандаа өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа билээ. Шинээр авах тоглогчдын тоонд мэдээж Аланы нэр орсон. Ялангуяа түүний Петр Чехийн хаалганд оруулсан хоёр гоол томчуудын анхаарлыг нэлээд татсан билээ. Аваргуудын лигт “Челси”-тэй таарах магадлалтай багийн хувьд байж болох л сонголт. Гэхдээ “Хар-хөхүүд” дундын шугамын олон аргентин тоглогчийнхоо нэгийг гайгүй үнэ хүргэн зарсны дараа л Загоевыг авчрах тохироо бүрдэнэ.
“Тоттенхэм” – магадлал 15%
Лука Модрич, ван дер Варт нараа явуулах нь тодорхой болчихоод байгаа “Тоттенхэм” Загоевыг Европын АШТ-д оролцож байхад аавтай нь утсаар ярьжээ. Тэгээд ч Лондоны баг орос тоглогчийн төлөө 20-25 саяыг зарлагадаж чадах санхүүгийн боломжтой ганц баг болчихоод байна. Гэхдээ Моуриньо, Перес хоёрыг Снейдер луу зүтгэж, Модричийг авах бодлоо орхивол “Тоттенхэм” Аланы араас тэгтлээ улайрахгүй биз ээ. Загоевын аав Алан Триэл ч гэсэн хүүгээ “Чи Жирковын жишээг давтах хэрэггүй. Тэнд зэвэрч сэлгээний тоглогч болсноос үлдсэн нь дээр” гэж ятгасан сурагтай.
“ЦСКА” – магадлал 65%
Европын аваргын дараа Армийн төв клуб гол тоглогчоо 25 саяар үнэлэх болсон нь сонирхогч багуудын цөөнгүй хэсгийг үргээхэд хүргэсэн. Хэрэв үнэхээр л “Евро 2012”-ын нээлтүүдийн нэг Загоевыг ямар ч үнээр хамаагүй эгнээндээ нэгтэхийг хүсч байгаа баг олдохгүй аваас Алан “ЦСКА”-даа үлдэх магадлал өндөр.
А.ЭРДЭНЭБОЛД