Иван Тихон (Беларусь)
Төрөл: Хөнгөн атлетик
Дүүгүүр шидэгч Тихон Бээжингийн олимпийн дараа спортын амьдралаа хоёр жил завсарласны эцэст өрсөлдөөний талбартаа эргэн ирж, “Лондон-2012”-т хүч сорихоор болжээ. “Афин-2004”-ийн мөнгө, “Бээжин-2008”-ын хүрэл медальт тэрбээр чансаагаараа дөрөвт бичигддэг нэгэн.
Татьяна Лебедева (ОХУ)
Төрөл: Хөнгөн атлетик
Хоёр жилийн турш ямар ч тэмцээнд оролцоогүй тэрбээр хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэж, 2016 оны олимпийн гольфын төрөлд тамирчдаа оролцуулахыг шамдан, Волгоградын гольф сонирхогчдын холбооны тэргүүний алба хашиж байна.
Гэвч тэрбээр айсуй олимпод оролцох зорилгоор бэлтгэлээ базааж, энэ улирлын хамгийн сайн амжилтыг Оросын АШТ-ий гурвын харайлтын төрөлд тогтоосон (13,84). Өмнө нь гурван олимпод оролцохдоо алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль зүүжээ.
Ара Абрахамян (Швед)
Төрөл: Сонгомол бөх
Дөрвөн жилийн тэртээх олимпийн сонгомол бөхийн 84 кг-ын хагас шигшээ барилдааны үеэр багагүй хэл ам гарч, шүүгчийн шийдвэрийг эрс буруушаасан Абрахамянд хатуу арга хэмжээ аван хассан билээ.
“Надад хүрэл медаль хэрэггүй. Би зөвхөн алтын төлөө л энд ирсэн. Энэ бол миний сүүлчийн олимп” хэмээн өгүүлсэн түүний тэмцээнд оролцох эрхийг хоёр жилээр хязгаарласан юм. Шийтгэлийн хугацаа аль хэдийнэ дууссан учраас “Афин-2004”-ийн хүрэл медальт, 36 настай энэ эр гурав дахь олимпдоо хүч сорихоор зэхэж байна.
Тирунеш Дибаба (Этиоп)
Төрөл: Хөнгөн атлетик
Бээжингийн олимпийн ялалтын дараа гэмтлийн улмаас 2010 оныг хүртэл тамирчны амьдралаа завсарласан этиоп бүсгүй өнгөрсөн жил Мадридад зохиогдсон тэмцээнд оролцон, шагналын тавцанд зогссон түүхтэй. Лондоны олимпод аварга цолоо хамгаалах амлалтыг Дибаба Этиопийн хөнгөн атлетикийн холбоонд өгчээ.
Лора Манаду (Франц)
Төрөл: Усанд сэлэлт
Усан санг ч, нэр хүндтэй сэтгүүлүүдийг ч чимдэг, үзэсгэлэнт бүсгүй Лора 2008 оны олимпийн дараа Манон хэмээх охиноо төрүүлж, хэд хэдэн кинонд тоглож амжжээ. Түүний авааль нөхөр нь мэргэжил нэгт Фредерик Буске юм. Өнгөрсөн намраас загварын ертөнц рүү шаргуу довтолсон тэрбээр Лондоны олимпийн сонгон шалгаруулах тэмцээний гурван зайд ялалт байгуулжээ.
Тиа Хеллебо (Бельги)
Төрөл: Хөнгөн атлетик
Бээжингийн олимпийн өндрийн харайлтын төрөлд алтан медаль хүртсэний дараа их спортоо орхиж буйгаа албан ёсоор зарласан Тиа хоёр жилийн дараа спортдоо эргэн ирсэн юм. 2010 оны танхимын тэмцээнүүдэд оролцсоноос хойш хагас жилийн дараа охиноо төрүүлсэн тэрбээр “Лондон-2012”-т хүч сорих төлөвлөгөөтэй бөгөөд Европын АШТ-д айрагджээ. Энэ улирлын хамгийн сайн амжилт нь 1,96.
Елена Соболева (ОХУ)
Төрөл: Хөнгөн атлетик
Дөрвөн жилийн тэртээх олимпод амжилт гаргах үндэслэлтэй тамирчин хэмээн Соболеваг үзэх хүн олон байлаа. Гэвч допингийн шинжилгээнд унасан Оросын долоон хөнгөн атлетикчийн тоонд багтсан тэрбээр тэмцээнд оролцох эрхээ хоёр жилээр хасуулсан юм. Энэ гашуун түүх Лондоны өмнө давтагдахгүй нь мэдээж.
Глеб Гальперин (ОХУ)
Төрөл: Усанд үсрэлт
Бээжингийн олимпийн хошой хүрэл медальт энэ эр гэмтлийн улмаас спортоос хоёр жил хагасын зай барьжээ. Хүнд мэс заслын дараа их спортдоо эргэн ирсэн Глеб Лондоны олимпод өрсөлдөнө. 2012 оны олимпоос алтан медаль хүртэнэ гэдэг хэцүү боловч спортдоо эргэн ирсэндээ тэр баяртай байна.
Каталина Понор (Румын)
Төрөл: Спортын гимнастик
Афины олимпийн гимнастикийн багийн төрөлд алтан медаль авчрахад гол нөлөө үзүүлсэн Понор дамжуурга, чөлөөт хөдөлгөөнд өндөр амжилт гаргадаг. Тус наадмын дараа өвдөгний гэмтлийн улмаас спортоо орхисон румын бүсгүй гимнастиктаа эргэн ирэхийг хэдэнтээ хичээсэн боловч бүтсэнгүй. “Бээжин-2008”- ын үеэр мөн л гэмтэл нь сэдэрчээ. Харин өнгөрсөн хавар Лондоны олимпийн бэлтгэлд орж, Европын олон төрөлтийн аваргаар тодорч, дамжуурганд түрүүлсэн юм. Энэ олимп түүний хоёр дахь наадам нь билээ.
Либби Трикетт (Австрали)
Төрөл: Усанд сэлэлт
“Ногоон тив”-ийн эмэгтэй “Ян Торп” 2009 оны сүүлчээр их спортдоо ирж, бэлтгэл сургуулилт хийж эхэлжээ. Олимпийн гурван алт, дэлхийн найман удаагийн аварга тэрбээр 2011 оны ДАШТ-д шагналт байр эзэлж чадаагүй ч Лондоны олимпийн буухиа сэлэлтэд л зөвхөн уралдана.
Б.ӨЛЗИЙТОГТОХ