Хамтарсан Засгийн газрыг аль намтай хамтарч байгуулах тухай цөөнгүй хоног үргэлжилсэн таамгийг тайлж, АН-ын дарга Н.Алтанхуяг ийнхүү мэдэгдлээ. Ажилтай, орлоготой монгол хүнийг бий болгож, авлига хээл хахуулийг устган, шударга ёс тогтоох нь АН-ын “Монгол хүн-2020” мөрийн хөтөлбөрийн гол агуулга. Энэ бодлогыг нь дэм жиж ажиллах нам, эвсэл нь одоогоор “Шударга ёс” болж буй аж.
Гэхдээ энэ асуудлыг АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо эцэслэн шийднэ. Намын дарга ийм санал оруулах юм байна. ҮЗХ наадмын дараа хуралдах гэнэ. АН-ын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар өчигдөр сэтгүүлчдэд энэ талаар мэдээлэл хийсэн юм. Тус намын генсек УИХ-ын гишүүн болсон учир холбогдох хууль, намын дүрмийн дагуу энэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. ҮЗХ-гоор түүнийг чөлөөлж, орны хүнийг сонгоно. Энэ талаар Д.Эрдэнэбат “АН УИХ-д олонх болоогүй ч хамгийн олон суудал авсан ялалт гэсэн үг.
Өнгөрсөн баасан гаригт миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрхээ баталгаажуулсан учир одоо албан тушаалаа өгч байна” гэсэн юм. Наадам лаж дуустал УИХ-ын дарга тодрохгүй, Засгийн газрыг байгуулахгүй харзнах юм байна. Сэтгүүлчид тэднээс зарим зүйл тодрууллаа.
-“Шударга ёс” эвсэлтэй хамтрахаар тэд Н.Энхбаярын нэрийг “цэвэрлэх” шаардлага тавина. Энэ нь авлигын эсрэг тэмцэх зорилготой чинь тэрсэлдэх юм биш үү?
-Бид хэн нэг хувь хүнтэй биш, хоёр намаас бүрдсэн эвсэлтэй хамтран ажиллах гэж байна шүү дээ.
-Анхдугаар чуулганы өмнө МАНын дарга С.Батболд хамтарч Засгийн газар байгуулахад бэлэн гэсэн санаагаа илэрхийлсэн. Тэдний зүгээс ийм санал тависан уу?
Н.Алтанхуяг: Процедурын хувьд эхлээд “Шударга ёс” эвсэлд санал тавьж, Засгийн газраа бүрдүүлэхээр ажиллана.
-“Шударга ёс” эвсэлтэй хамтарлаа гэхэд тэдэнд сайдын хэдэн суудал ногдох бол?
-Бид 2004, 2008 онд хам тарч ажиллаж, туршлагатай болсон. Хамтрахад хамгийн гол нь хийх ажлаа тохирох юм билээ. Түүнээс жижиг сажиг асуудлаар нэгнээ татаж унагаад байвал хэцүү.
-АН хэдийгээр УИХ-ын сонгуулиар хамгийн олон суудал авсан ч олонх болж чадаагүй. Тиймээс намын даргад хариуцлага тооцож, огцруулна гэх яриа байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Наадмын дараа ҮЗХ болно. Янз бүрийн өөр байр суурьтай хүн байхыг үгүйсгэхгүй. Өөлөхийг хүсэх юм бол өө олдоно. Гэхдээ АН-ын нэр хүнд өндөр болсон. 1996 оных шиг ялсныхаа дараа бужигнана гэж зарим хүн бодоод байх шиг байна. Тийм зүйл болохгүй гэдгийг ҮЗХ-ны хурал харуулах байх. Өнгөрсөн дөрвөн жилд манай ҮЗХ хэдэн удаа хуралдсан билээ, тэр тоолонд ямар нэг “цус гаргана” гэсэн хүлээлт байсан. АН “нялхсын өвчин”-д нэрвэгдсэн үе өнгөрч, одоо хэрсүүжсэн. Тийм ч учраас биднийг ард түмэн сонгож, гурван ч сонгуульд яллаа.
-МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх бас өнөөдөр ажлаа өгч буй юм билээ. Тэр хүн намаа сонгуульд ялагдуулсан хариуцлагаа хүлээж байгаа. Танай генсекийн ажлаа өгч буй шалтгаан юу юм бэ?
-Сайн ажилласан гавьяагаа хүлээж байна гэж ойлгоход болно. Намаа НИТХ-д ялуулж, УИХ-д хамгийн олон суудал авахад Ерөнхий нарийн бич гийн дарга маань хамтарч ажилласан. Ерөнхийлөгчийн сонгуулийг ч сайн зохион байгуулсан. МАН-ын У.Хүрэл сүхтай жишиж болохгүй.
-УИХ-ын даргыг хэзээ сонгох вэ. Хэний нэрийг ярьж байгаа тухай мэдээлэл байна уу?
-Долоодугаар сарын 16-наас энэ бүх ажилдаа ханцуй шамлан орно.
С.ТУУЛ