-Засгийн газрыг 65:35 харьцаатайгаар байгуулна-
Найр наадам дуусаж, налгар намар айлчлан, улс төр ид бужигнах үе эхлэв. УИХ-д хамгийн олон суудал авсан намын хувиар АН Засгийн газрыг хэнтэй хамтарч байгуулахаа шийднэ. Тэд МАН ба “Шударга ёс” эвсэл гэсэн хоёр хувилбарын сүүлийнхийг сонгосон. Энэ зам хэр урт байх бол доо гэсэн эргэлзээ цөөнгүй хүнд төрж буй нь нууц биш. Хамтарч ажиллаж сурснаараа МАН-ыг л сонгохгүй дээ гэх шүүмжлэл ч гарч байна. Юутай ч АН сонголтоо хийжээ, өнөөдөр болох тус намын ҮЗХ энэ сонголтыг баталгаажуулах эсэхийг шийднэ. ҮЗХ-ны өнөөдрийн шийдвэрээс дараа дараагийн ажил шуударна.
Тохиролцоо, зөвшилцлөөр дүүрэн байх энэ долоо хоногт гол шийдвэрүүд гарна. “Алх цохих” ажилдаа шуудрах учир АН-ынхан хэнийг ямар албан тушаалд томилох, “Шударга ёс” эвсэлтэй ямар тохиролцоо хийхээ наадмын өдрүүдээр ярьж өнжсөн биз. Ямар ч байсан УИХ дахь АН-ын бүлэг уржигдар хуралдаад Ерөнхий сайдад намын дарга Н.Алтанхуяг, УИХ-ын даргад гишүүн З.Энхболдыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн шинэ УИХ, Бүлэг бүрдэж буй учраас гишүүн Д.Эрдэнбатыг Бүлгийн даргаар сонгосон аж. АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар дөрвөн жил ажиллаж, гурван ч сонгуульд намаа ялуулсан Д.Эрдэнэбатад ердөө л Бүлгийн даргын суудал ногдсонд гайхах хүн байж болох. Гэхдээ сайдаас “төвөгшөөж”, УИХ дахь бүлгээ удирдах саналыг тэр өөрөө гаргасан гэх. Аль нэг сайдад нэр дэвших байсан хүн саналаараа татгалзсанаар бусдад нь “бялуу”-ны зүсэм нэгээр илүү гарч буй юм.


Х.ТЭМҮҮЖИН ХУУЛЬ ЗҮЙН, С.БАЯРЦОГТ САНГИЙН САЙД БОЛОХ УУ
Хэн хэн сайд болох тухай ярихын өмнө Засгийн газрын бүтцийг тодорхойлох учиртай. Хууль зүйн болон Хөдөлмөрийн яамыг тус тусад нь байгуулахаа АН мэдэгдсэн. Ингэхээр одоогийн 13 яамны тоо нэгээр нэмэгдэнэ гэсэн үг. Үүний дараа талууд харьцаан дээрээ тохиролцоно. 2008- 2012 онд МАН, АН-ынхан 60:40 харьцаатайгаар Засгийн газраа байгуулсан туршлага бий. Тэгвэл энэ удаа АН-ынхан “Шударга ёс” эвсэлд 65:35 гэсэн харьцаа санал болгож буй мэдээлэл байна. Энэ бол АН-д 11, “Шударга ёс” эвсэлд таван сайд ногдоно гэсэн үг. Бодлогын гурван яаманд ч энэ харьцаа үйлчилнэ гэвэл “Шударга ёс” эвсэлд Ч.Улаан, О.Чулуунбат гээд Сангийн сайдын алба гүйцэтгэх боломжтой хүн байгаа. Хууль зүйн сайдад АН-ынхан Х.Тэмүүжинг сойж, С.Баярцогтод Сангийн яамыг нь буцаан өгөх сураг бий. Чиглэлийн бусад яамны тухайд эвслээс Н.Удвалыг Эрүүл мэндийн сайдад зүтгүүлэх санаа байгаа гэнэ. Юуны өмнө харьцаагаа тохирч, АН аль яамдаа өөрөө авахыг тодорхойлсны дараа нэр зоох ажилдаа орох юм байна.
АН-ынхан фракцууддаа “бялуу”-наас тэнцүүхэн хуваарилах ёстой. Тэгэхгүй бол анх удаа УИХ-д олон суудал авсан түүхэн амжилтаа дотоод тэмцэл нь нурааж орхино. Төр барьж, тулж явсан туршлагатай нам болсон учир АН асаасан гал руугаа ус цацахгүйгээр дотроо тохиролцож чадах биз. Мөн АН-ынхан “Засгийн газрыг аль болох УИХ-аас хараат бусаар байгуулах” зарчим баримталж буй юм байна. Гуравны нэг гэсэн хязгаарыг тэд тавих болов уу. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гишүүдийн гуравны нэгийг л УИХ дотроос бүрдүүлэх босго тогтоох магадлалтай. “Шударга ёс” эвслийн тухайд МАН-аас өрсөж Засгийн газарт орох урилга хүлээж авсан учир хэн хэнээ сайд болгох талаар ханцуйдаа төлөвлөгөө боловсруулчихсан суугаа.
Албан ёсны, эцсийн шийдвэрийг өнөөдөр ҮЗХ гаргах учир нэрээ зарлаж, “гэнэдэхгүйгээ” тэд мэднэ. УИХ дотроос тэд Ч.Улаан, Д.Тэрбишдагвыгаа сайдад зүтгүүлнэ. Д.Тэрбишдагвын тухайд өмнө нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд байсан туршлагатай тул энэ салбартаа “буцаж очих” магадлалтай. Мөн эвсэл дотроо МАХН, МҮАН тохиролцох учиртай. МҮАН-ын хувьд уг намын буурийг сахиж ирсэн дэд дарга Б.Цогтгэрэлийг хоосон үлдээхгүйг хичээх биз. Сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, М.Сономпил гээд туршлагатай хүн ч МҮАН-д цөөнгүй.
МАХН-ын тухайд Н.Удвал, О.Чулуунбат гэх мэт боломжит хувилбар бий. Бүгд л адилхан “бялуу” хүртэхийг хүсэж, ам бийц нь хөдөлчихсөн яваа. Гэхдээ хэнд аль сал ба рын мэдлэг, туршлага байгааг нэр дэвшүү лэхдээ анзаарах ёстой. ҮЗХны шийдвэр гараатахвал л “Шударга ёс” эвслийнхэн ханцуйдаа боловсруулсан сайдад нэр дэвшигчдийн жагсаалтаа гаргаж ирээд тохиролцооны ширээний ард суухад бэлэн байгаа. Хөшигний ард сайдын суудлын төлөөх тэмцэл өрнөж байна. Ямартай ч фракц, нам эвслүүдийн тохиролцооноос нүдээ олсон, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүн гарч ирэх нь хамгийн чухал.
С.ТУУЛ