- Н.Алтанхуягийг Ерөнхий сайдад, З.Энхболдыг УИХ-ын даргад дэвшүүлэхийг ҮЗХ дэмжлээ -
Эвслийн Засгийн газрыг хэнтэй хамтарч байгуулах асуудлын хувь заяаг шийдэхээр АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд өчигдөр Төрийн ордонд цуглалаа. Тус намын ҮЗХ 228 гишүүнтэй.
Тэд дүрмийнхээ дагуу намын дарга Н.Алтанхуягийг Ерөнхий сайдад, мөн гишүүн З.Энхболдыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх санал оруулж, эвслийн Засгийн газрыг байгуулах тухай гэрээг хэлэлцэж, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг нарын илтгэлийг сонссон юм.
Хурлыг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат даргалж, хэлэлцэх асуудлаа танилцуулснаар илтгэлийн хэсэг хүртэл хэсэг нь хэвлэлийнхэнд хаалттай болсон.
ФРАКЦУУД ТОХИРОЛЦСОН УЧИР ҮЗХ-НЫ ХУРАЛ НАМ ЖИМ БОЛОВ
ҮЗХ хуралдахын өмнө АН дахь фракцын хан уулзаж, тохиролцоогоо хийсэн гэнэ. Бүгдийн санаанд нийцэх хувилбар гэж байхгүй ч олонхийн саналаа дагахаар зарим нэг “эсэргүү” гишүүд нь арга буюу зөвшөөрчээ. Фракцуудтайгаа тохиролцож чадсан учир ҮЗХ-ны хурал дээр ямар нэг гал ассангүй, намдуухан болсон. Н.Алтанхуягийг Ерөнхий сайдад, З.Энхболдыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг ҮЗХ-ний гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн байна. Н.Алтанхуягт цөөн тооны гишүүн асуулт тавьсан аж. Гэхдээ сонгуулиар намаа олонх болгоогүй учраас хариуцлага тооцно, огцруулна гэх мэтийн яриа, санал гараагүй гэнэ.
ХЭНТЭЙ ЭВСЭХИЙГ ШИЙДЭХ ЭРХИЙГ БҮЛЭГТЭЭ ШИЛЖҮҮЛЖЭЭ
АН хэнтэй хамтарч Засгийн газраа байгуулах вэ гэдгийг ҮЗХ шийдэх байлаа. Удирдлагынх нь зүгээс ҮЗХ-нд “Шударга ёс” эвслийг санал болгосон. Өнгөн дээрээ ҮЗХ-ны гишүүд энэ хувилбарыг дэмжсэн гэх ч эцсийн шийдвэрийг яаран гаргасангүй. Тэд Ажлын хэсэг байгуулж, нам бүртэй зөвшилцөх эрхийг УИХ дахь бүлэгтээ шилжүүлсэн юм. Улмаар 16.00 цагт бүлгийн хурлаа зарлажээ. Үүгээр ганц “Шударга ёс” эвсэл биш, МАН, ИЗНН, бие даагчидтай ч хэлэлцээрийн ширээний ард сууж, хувилбар бүрийг нягтлах гэнэ. Хэдийгээр АН албан ёсны шийдвэрээ гаргаагүй, бас шууд л “Шударга ёс” эвсэлтэй хамтарна гээд гараа өргөчихөөгүй ч өчигдөр Төрийн ордонд “АН-ынхан МАХН, МҮАН-тай Засгийн газраа 70:30 харьцаагаар байгуулах гэнэ” гэсэн яриа тарсан байлаа. Үдээс хойш АН-ын бүлэг хуралдаж эвсэл байгуулах хэлэлцээ хийх Ажлын хэсгийг байгуулав.
Х.ТЭМҮҮЖИН ИРЭЭДҮЙД ХИЙХ АЖЛАА ТАНИЛЦУУЛАВ
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ҮЗХ-ныхоо гишүүдэд “Хууль зүйн бодлогын шинэчлэлийн асуудал” сэд вээр илтгэл тавьсан. АН-ынхан Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хууль зүйн яамыг салгаж байгуулах гэж байгаа. Сайдаар нь Х.Тэмүүжин ажил лана гэсэн мэдээллийг түүний илтгэл батлах шиг болов. Тэр яг л Хууль зүйн сайдын байр сууринаас ирээдүйд хийх ажил, бодлогоо танилцуулсан юм. Хууль зүйн яам хүний эрхийг чухалчилж ажиллах гэнэ. Хүний эрхийг хангаж буй эсэх талаар бүх хуульд мониторинг хийж, энэ чиглэлээр бодлого боловсруулах юм байна. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлогыг цэгцэлж, хил дамнасан болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй хатуу тэмцэхээ “сайд” мэдэгдлээ. Авлига, хээл хахуульгүй, шударга ёс тогтсон нийгэмтэй амьдралыг бий болгохоо АН амласан. Энэ хүрээнд цагдаагийн байгууллагын бүтцийг өөрчилж, Хэв журмын хэлтсийг орон нутагт нь шилжүүлэх аж. Хэв журам, Хэрэг бүртгэх газрыг нэгтгэж, хүчирхэг мөрдөн байцаах албатай болох нь.
Хууль зүйн яам нэгдсэн бодлоготой байхын тулд чадварлаг хуульчидтай байх бодлого хэрэгжүүлэх юм байна. Зөвхөн шударга хүмүүс л “түүний яаманд” ажиллах гэнэ. Авлигатай тэмцэхийн тулд холбогдох төрийн байгууллага, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг өөрчлөх шаардлагатай аж. Тэрбээр “АН авлигатай хатуу тэмцэнэ. АН-аас албан тушаалд томилог дон очих хүн бүр авлигын эсрэг тэмцэх сэтгэлтэй, ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой. Үүний тулд албан тушаалд очих хүмүүстэйгээ ашиг сонирхлын зөрчилгүй байх гэрээ байгуулна. Авлигатай тэмцэх мэдээж хэцүү, олон эсэргүүцэл, явуулгатай тулна. Гэхдээ үүнд автахгүй байх нь чухал шүү” гэлээ. УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг Грузин төрийн бодлогоо хэрхэн эрс өөрчилсөн тухай жишээг танил цуулсан. Шинэчлэлийг эсэргүүцсэн төрийн албан хаагчдыг бөөнд нь халж, орны хүмүүсийг гаргах гэх мэтээр их зориг шаардагдсан гэнэ. Ийм эр зоригтой байж чадвал АН амласан шинэчлэлээ хийж чадна хэмээн ҮЗХ-ны гишүүдээ урамшуулав. Бас “Зорилгоо биелүүлэхийн тулд бид хоногт 18 цагаас багагүй, мөн амралтын өдөргүйгээр ажиллах ёстой” гэлээ. Энэ нь үнэн бол АН-ынхан ирэх дөрвөн жил амрах завгүй ажиллах нь. ҮЗХ-ны хурлын талаар зарим гишүүний байр суурийг сонирхлоо.
С.ЭРДЭНЭ: ТӨГС ШИЙДЭЛ ГЭЖ БАЙХГҮЙ
-Мэдээж тодорхой тохиролцоонд хүрсэн учраас өнөөдрийн хурал боллоо. АН нийгмийн хүлээлтийг хангах ёстой гэсэн зарчим баримталсан. Нийгэм АН-ын үйл хөдлөл бүрийг анхааралтай ажиглаж байна. Шинэ УИХ, Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэхийг ард түмэн харж байна. Үүнийг харгалзаж нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулсан. Аливаа шийдэл төгс байдаггүй ч ҮЗХ санал нэгтэйгээр дэмжлээ.
Цаашид Засгийн газрын бүтэц, УИХ-ын бүрэлдэхүүнийг томилоход илүү нарийн анхаарах байх.
-Намын даргад хариуцлага тооцох эсэх яриа гарсан уу?
-Хариуцлага тооцоход хэзээ ч хоцрохгүй. Алдаа гаргавал хариуцлага тооцох ёстой.
-Таныг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлсэн тухай яриа байсан?
-Одоогоор тодорхой ярьсан юм алга.
З.ЭНХБОЛД: ОЛОНХГҮЙ ПАРЛАМЕНТ УЧИР АЖИЛЛАХАД ХҮНД БАЙНА БАЙХ
-УИХ-ын дарга болвол ажлаа юунаас эхлэх вэ?
-Одоо бол нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж байна. УИХ-ын чуулганаар эцсийн шийдвэрийг гаргана. Юуны өмнө эвслийн гэрээ байгуулж, олонхоо бүрдүүлсний дараа УИХ-ын бүх томилгоог хийнэ. Дарга, дэд дарга, Байнгын хороодын болон дэд хороодын даргыг томилно. Үүний дараа Засгийн газраа байгуулна.
-Энэ УИХ-ын онцлогийг хэрхэн харж байна вэ?
-Олонхгүй Парламент учраас ажиллахад хүнд байна байх.
-АН болон “Шударга ёс” эвсэл Засгийн газарт 70:30 гэсэн харьцаатайгаар хамтарна гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-Ямар ч харьцаа байсан хэлэлцээрийн явцад шийднэ. Одоо тааж хэлэхэд хэцүү. Гэрээний төслөө ч бэлэн болгоогүй байна шүү дээ. УИХ дахь Бүлгээс Ажлын хэсэг байгуулж, яриа хэлэлцээ хийнэ.
Д.ЭРДЭНЭБАТ: ЯМАР НЭГ ХУВЬ ХҮН, АЛБАН ТУШААЛ ЯРИВАЛ ТОХИРОЛЦОО ХҮНДЭРНЭ
-ҮЗХ-ноос эвслийн Засгийн газар байгуулах эрхийг Бүлэгт өглөө. Бүлэг ямар зарчмаар ажиллах вэ?.jpg)
-Одоо Бүлэг хуралдаж Ажлын хэсгээ зохион байгуулна. Улс төрийн бусад нам, хүчинтэй бид албан ёсоор ямар нэг урьдчилсан гэрээ хэлэлцээр хийгээгүй. Үүнийг Ажлын хэсэг байгуулж байж эхэлнэ. Бид эвсэж, хамтарч болно. Гэхдээ ард түмний хүлээж буй шинэчлэлийг хамтарч хийх улс төрийн хүчинтэй л эвсэнэ.
Энэ нь хариуцлага тооцож, авлигын эсрэг тэмцэж, төрийн бүтцийг зөв чиглүүлж чадах хүчин байх ёстой. Ажлын хэсэг байгуулаад анхны хэлэлцээ хийхэд ямар нэг хувь хүн, албан тушаалын тухай яривал асуудал хүндэрнэ. Бид нэгдсэн бодлоготой байж л том өөрчлөлт хийнэ.
-“Шударга ёс” эвсэлтэй хамтарна гэсэн эцсийн шийдвэр гарсангүй. Тэгэхээр бусад нам эвсэл, тухайлбал МАН-тай хамтрах нь ч нээлттэй байна гэсэн үг үү?
-“Шударга ёс” эвсэлтэй хамтрах асуудал нээлттэй. Тэд хамгийн түрүүнд санал тавьсан. Мөн ИЗНН ч хамтарч ажиллах санал тавьсан байгаа. Бие даагчдаас ч санал тавих сураг байна. Хамгийн гол нь ямар нэг албан тушаал биш, бодлого, зорилго дор нэгдэх нь чухал. Сүүлийн 20 гаруй жилд бий болсон хүнд суртал, шударга бус байдал, авлигыг бидэнтэй хамтран үгүй болгох улс төрийн хүчнийг сонгоно.
-Ерөнхий сайд, УИХ-ын даргад нэр дэвшүүлэхэд эвсэх намын саналыг сонсох шаардлагагүй байсан уу?
-АН саналаа гаргах эрхтэй. Бид энэ УИХ-д хамгийн олон суудал авч ялсан. Тиймээс саналаа эхэлж тавих нь зарчмын асуудал. Улмаар Ерөнхий сайд, УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг бид дүрмийнхээ хүрээнд шийдлээ.
С.ТУУЛ