АН-ынхан эвслийн Засгийн газрын түншээр МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийг сонгож, эхлээд саналаа тавина гэж байсан. Хэдийгээр албан ёсоор уг эвслийнхэнд санал тавиагүй ч ширээний ард яриа хөөрөө өрнөжээ. Энэ сонголтыг хийснээр АН-д учирч болох эрсдэл хэвлэлийнхний зөгнөснөөр болов бололтой.
МАХН, МҮАН-ынхан Н.Энхбаярын нэрийг цэвэрлэх саналаа илэрхийлсэн байж болзошгүй нь. Тиймээс АН-ын ҮЗХ энэ асуудлыг нэг их эргэлзэхгүйгээр шийдэж, “Шударга ёс” эвсэлтэй хамтрах саналыг баталгаажуулна гэсэн таамаг талаар болов. “Хэн нэг хувь хүн болон албан тушаалын тухай яриад эхэлбэл л тохиролцоо хүнд байдалд орно” гэсэн УИХ дахь АН-ын бүлгийн даргын яриа энэ эргэлзээг бататгаж орхилоо.
Н.Энхбаярт үүсгэсэн эрүүгийн хэргийг шүүх маргааш шийднэ. Түүнд ял өгөх үү, үгүй юү гэдэг нь тохиролцооноос ихээхэн хамаарна. Дээрээс нь Н.Энхбаяр сонгох эрхийг нь зөрчсөн хэмээх гомдлыг Цэцэд гаргачихсан, жагсаалтаар сонгогдсон гурван хүнийхээ тангаргийг өргүүлэлгүйгээр түдгэлзүүлчихсэн яваа. Эвсэлтэй нь хамтрах АН-ын саналыг тэр өөртөө ашиггүйгээр өнгөрөөхийг хүсэхгүй. Эвслийнхэн ч санааны зоргоор Н.Энхбаярыг хаячихгүй. Тэгэхээр албан бусаар ширээний ард суухдаа АН-ынханд тэд уг саналаа тавьж, эргэлзээ үүсгэсэн байж мэдэх юм. АН-д анхнаас байсан МАН хэмээх хувилбарыг тэд одоо эргэж харах уу, эсвэл анх ярьсандаа үнэнч байж “Шударга ёс” эвслээ сонгох уу гэдгийг УИХ дахь бүлгээс байгуулсан Ажлын хэсгийн тохиролцооны үр дүн шийднэ.
Одоогийн байдлаар АН УИХ-д 31 гишүүнтэй. Сонгинохайрханы дахин сонгууль, Өвөрхангайгаас түр үнэмлэх авсан МАН-ын хоёрыг түдгэлзүүлэх үү гэх мэтээс хамааран АН-д ИЗНН ба бие даагчид гэсэн өөр нэг хувилбар гарч ирнэ. Тэгвэл ИЗНН-аас хамтрахад бэлэн гэдгээ АН-д илэрхийлчихэж. Гурван бие даагч ч ийм санал тавих сураг байна. Ямар тай ч ҮЗХ шууд шийдвэр гаргасангүй, АН дахин тал талаас нь тунгааж үзэх гэнэ.
С.ТУУЛ