УИХ-ын сонгуулийн 10 тойрог болох Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нар үнэмлэхүй ялалт байгуулан түр үнэмлэхээ гардан авсан. Харин тус тойрогт АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нар аймгийн сонгуулийн хорооны шийдвэрийг эсэргүүцэж, харьяаллын бус шүүхэд ханджээ. Тус аймгийн МАН-ын гишүүдийн мэдээлснээр Г.Батхүү, Д.Зоригт нар сонгогчдыг сүрдүүлэн, худал мэдүүлэг өгүүлж, үүнийгээ нотлох баримт болгон харьяаллын бус шүүхэд хариуцагч нарыг оролцуулалгүй шүүх хурал явуулж хууль бус шийдвэр гаргуулсан гэнэ.
СЕХ-ноос нэр дэвшигчдийн бүрэн эрхийг баталгаажуулахдаа маргаантай байгаа тойрог гэсэн үндэслэлээр С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын бүрэн эрхийг баталгаажуулах асуудлыг хойшлуулаад байгаа. Үүнд тус аймгийн МАН-ын дэмжигч, гишүүд эгдүүцэн хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, СЕХ-нд шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм. Тэд АН-аас нэр дэвшигчдийг “Ялагдлаа хүлээн зөвшөөр” хэмээн шаардаж, СЕХ-нд Өвөрхангай аймгийн 113 мянган иргэний сонголтыг хүндэтгэн, С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг баталгаажуулахыг шаардаж, үүнийг биелүүлэхгүй бол улс төрийн өргөн хүрээтэй тэмцэл явуулах болсноо дуулгасан юм. Мөн Олон Улсын Парламентийн холбоонд хандахаар төлөвлөж байгаа аж.
Б.МАНДУХАЙ