1.Рикки Рубио (Испани, сагсан бөмбөг)
Амжилт: 2009, 2011 оны Европын аварга, 2008 оны олимпийн мөнгөн медальтай
Шалтгаан: Өвдөгний холбоос шөрмөс тасарсан
Испанийн лигт 14-хөн настайгаасаа тоглож эхэлсэн Рубиог NBA-д ч амжилт олно гэдэгт европчууд итгэлтэй байлаа. 20 настай тэрбээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Миннесота”-гийн лидер тоглогч болж чадсан ч 2012 оны гуравдугаар сард өвдгөндөө хүнд гэмтэл авсны улмаас дор хаяж зургаан сар талбайд гарах боломжгүй болсон билээ.
2. Чэн Фэй (БНХАУ, спортын гимнастик)
Амжилт: “Бээжин 2008” олимпийн багийн төрөлд аваргалж, ДАШТ-ээс таван алтан медаль хүртэж байв
Шалтгаан: Өсгийний гэмтэл
Дэлхийн хамгийн нууцлаг бэлтгэлийн горимтой Хятадын шигшээ багийн дасгалжуулагчид 24 настай Чэнийг Лондоны олимпийн өмнө дэвжээндээ эргэн ирэх боломжтой хэмээн мэдэгдэж байлаа. Гэвч саяхан болсон багийн хурлаар гурван жил гаруй хугацаанд ачаалалтай бэлтгэл огт хийгээгүй Чэнийг XXX олимпийг өнжүүлэх шийдвэр гарсан юм.
3. Нельсон Эвора (Португал, хөнгөн атлетик)
Амжилт: 2007 оны дэлхийн, 2008 оны олимпийн аварга
Шалтгаан: Шилбэний яс нь хугарсан
Зааны ясан эргээс гаралтай тэрбээр урт, өндөр, гурвын харайлтаар хүч сорьдог цөөхөн авьяаслаг тамирчдын нэг. Харамсалтай нь 2004, 2009 оны улирлыг гэмтлийн улмаас өнжсөн золгүй явдал нь түүнд дахин тохиов.
4. Тедди Тамго (Франц, хөнгөн атлетик)
Амжилт: 2011 оны Европын аварга, танхимын гурвын харайлтын дэлхийн дээд амжилтыг (17.92 м) эзэмшдэг
Шалтгаан: Шагайны гэмтэл
Цугларалтад байхдаа шигшээ багийн нэг бус гишүүнтэй зодолдож, тэмцээн уралдаанд оролцох эрхээ хагас жилээр хасуулж байсан франц эр энэ удаа гэмтэл бэртлийн улмаас олимпийг цэнхэр дэлгэцээрээ үзэх нь.
5. Бланка Власич (Хорват, өндрийн харайлт)
Амжилт: Дэлхийн хошой аварга, “Бээжин 2008”-ийн мөнгөн медальтай
Шалтгаан: Өсгийний гэмтэл нь сэдэрч дахин мэс засалд орсон
Охиныхоо дасгалжуулагчаар ажиллдаг эцэг Йоско нь саяхан “Бланкагийн мэс засал амжилттай болсон ч олимпийн наадам хүртэлх богинохон хугацаанд формондоо орж чадахгүй учраас бид ярилцаж байгаад өнжих шийдвэр гаргалаа” хэмээн сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
6. Дуайт Филлипс (АНУ, хөнгөн атлетик)
Амжилт: “Афин 2004” олимпийн аварга, ДАШТ-д дөрвөн удаа түрүүлсэн
Шалтгаан: Өсгийний гэмтэл
Бээжингийн олимпийн сорилго тэмцээнд азгүйтэж байсан Америкийн шилдэг уртын харайгч Филлипс гэмтлийн улмаас дөрвөн жилийн турш хүлээсэн “Лондон 2012”-оо мөн л өнжихөөр боллоо. Тэрбээр ирэх жил Москвагийн ДАШТ-ээс алтан медаль авчихаад зодог тайлна гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.
7. Ян Торп (Австрали, усанд сэлэлт)
Амжилт: Олимпийн тав, ДАШТ-ий 11 алтан медальтай
Шалтгаан: Сонгон шалгаруулах тэмцээнд оролцоогүй
“Усны хүн”-ий олимпод оролцохгүй болсон гол шалтгаан нь хэтэрхий их жин нэмсэн (107 кг татаж буй) явдал. Чухам үүнээс болж сорилго тэмцээнд оролцоогүй аж. Австралийн спортын сэтгүүлчид Торпыг ирэх жилийн ДАШТ-д оролцоно гэдэгт итгэхгүй байгаа бөгөөд удахгүй зодог тайлна хэмээн таамаглаж байна.
8. Патрик Макау (Кени, хөнгөн атлетик)
Амжилт: Марафон гүйлтийн дэлхийн рекорд болох 2 цаг 3 минут 38 секундын амжилтыг эзэмшдэг
Шалтгаан: Сорилгод оролцоогүй
Тэрбээр Лондоны марафоны үеэр гэмтэл авч, сонгон шалгаруулах тэмцээнд оролцож чадаагүй тул Кенийн олимпийн шигшээ багт багтаагүй юм.
9. Энди Шлек (Люксембург, дугуй)
Амжилт: “Тур де Франс 2010”-ын аварга
Шалтгаан: Формондоо орж амжаагүй
Дугуйн ертөнцөд хаанчлалаа тогтоогоод байсан Контадороос “Тур де Франс”-ын аваргын титмийг гуядаж авсан Энди Шлек Лондоны олимпод оролцож чадахгүй болсноо твиттертээ бичжээ. Сар гаруйн өмнө болсон “Критер Дофине” уралдааны үеэр үүссэн нураанд өртсөн нь түүний хуучин гэмтлийг сэдрээсэн аж.
10. Жоаким Ноа (Франц, сагсан бөмбөг)
Амжилт: 2011 оны Европын АШТ-ий мөнгөн медальтай
Шалтгаан: Шилбэний гэмтэл
Ноа нэлээд хожуу буюу 26 настайгаасаа Францын шигшээ багт дуудагдах болсон ч богинохон хугацааны дотор багтаа Тони Паркераас дутахааргүй үүрэг рольтой чухал тоглогч болсон билээ. Харамсалтай нь шилбэндээ авсан гэмтэл түүний анхны олимпдоо оролцох мөрөөдлийг үгүй хийв.
Р.МАНЛАЙ