Америкчууд хэдхэн хоногийн дараа эхлэх олимпийн наадамд шилдэг сагсчдаа илгээхээр болсон нь олны анхаарлын төвд байгаа. Харин “Мөрөөдлийн баг”-ийг Лондонд хүрэлцэн ирэхээс өмнө анхаарал татаж буй зарим асуудлыг шинжээчид хөнджээ. Бас эдгээр таван асуултынхаа хариултыг бичсэн байна.
1.Үндсэн бүрэлдэхүүнд хэн тоглох вэ? Крис Пол үндсэн холбогчоор, довтлогч-хамгаалагчаар Коби Брайант, хөнгөн довтлогчоор Леброн Жеймс, хүчний довтлогчийн байрлалд Кармело Энтони, төвийн тоглогчоор Тайсон Чандлер гарах болов уу. К.Пол бага зэрэг гэмтэлтэй байгаа. Хэрвээ тэр нь тоглолтод нөлөөлөх хэмжээнд байвал оронд нь Д.Уильямс гарах магадлалтай. К.Энтони багтаа хөнгөн довтлогчийн байрлалд тоглодог. Гэхдээ 2008 оны олимпод хүчний довтлогчоор муугүй тоглосон билээ.
2.Америкийн гол өрсөлдөгч хэн бэ? Ах, дүү Газолоор удирдуулсан Испани хамгийн эхний нэр дэвшигч болж байна. Энэ багт тэднээс гадна С.Ибака, Р.Фернандес, Х.Кальдерон гээд аль хэдийнэ олны танил болсон залуус бий. Харин залуу холбогч Р.Рубио гэмтлийн улмаас олимпийг өнжих болсон нь харамсалтай. Түүний оронд Х.Кальдерон үндсэнд гарч, “Реал”-ын залуу холбогч С.Родригес сэлгээнээс тоглох болов уу. Түүнчлэн испаничууд энэ жилийн драфтын 22-р сонгогдон “Портлэнд”-д очсон хүчний довтлогч В.Клаверийг дуудаад байгаа юм. Испанийн араас М.Жинобили, Л.Скола тэргүүтэй Афины олимпийн аварга Аргентин, Т.Паркер, Н.Батум, Б.Диауг эгнээндээ багтаасан Франц жагсана. Уг нь Ж.Ноа оролцсон бол францчууд илүү хүчирхэг болох байлаа. Мөн Литва, Бразилийг ч тооцооноос хасч болохгүй.
Олимпийн түүхэн дэх хамгийн хурдтай баг бүрдсэн үү?
Хурд болон биеийн хүч америкчуудын гол зэвсэг. Одоогийн шигшээд Р.Уэстбрук, К.Пол, Д.Уильямс гэсэн хурдтай холбогчид бий. Мөн Дюрант, Жеймс, Энтони нар ч тэсрэлттэй хурдтай. Америкчууд хэд хоногийн өмнө Доминиканыг 113:59-өөр буулгаж авахад тэдний тоглогчид нисэх мэт л дүүлж байлаа. Тэр тоглолтод гурван холбогч нь айлын хамгаалалтыг дураараа сэтэлж, А.Игуодала хамгаалалтад найдвартай байв.
Тоглогчид хангалттай өндөр байж чадах уу?
Америкийн багт 208 см-ээс дээш өндөртэй гуравхан тоглогч байгаа нь Т.Чандлер (216 см), К.Лав (208), Э.Дэвис (208) юм. Дээр нь 203 см өндөртэй Энтони хүчний довтлогчийн байрлалд тоглоно гэж байгаа. Гэтэл тэдний гол өрсөлдөгч Испанид гэхэд 213 см По Газоль, 216-тай Марк Газоль, 208 см С.Ибака гээд мангасууд бий. Энэ тохиолдолд тэд өндрөөрөө яах аргагүй дээрэлхүүлэх болно. Гэхдээ дасгалжуулагч энэ сул талаа хурд, хүчээр нөхөх төлөвлөгөөтэй байгаа нь гарцаагүй.
Шигшээгийн тоглогчид хангалттай туршлагатай байж чадах уу?
1992 оноос хойших хамгийн туршлагатай баг энэ удаа бүрдээд байна гэхэд хилсдэхгүй. Леброн, Мело нар гурав дахь олимпдоо хүч үзэх гэж байгаа бол Коби, Пол, Дерон нар дөрвөн жилийн өмнө аваргалсан багт тоглож байв. Мөн Дюрант, Чандлер, Уэстбрук, Лав, Игуодала нар хоёр жилийн өмнө ДАШТ-д аваргалсан билээ. Харин олон улсын тэмцээний туршлагагүй хоёрхон тоглогч байгаа нь Ж.Харден, Э.Дэвис юм. “Баг доторх уур амьсгалыг сайжруулах нь бидний хамгийн түрүүнд хийх ажил. Залуус маань одоо олон жил хамтдаа тоглосон юм шиг ойлголцож, нэг баг болж чадсан” хэмээн дасгалжуулагч Кржыжевски өгүүлж байна.
Б.ТЭМҮҮЛЭН