Хамтарсан Засгийн газарт орох, улмаар сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, гол нь ямар нэг хурган дарга, сайдын сэнтийд суух санаархал Парламентад суудал авсан бүх намд байна. АН-ынхан анхнаасаа МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд түрүүлж санал тавихаа мэдэгдсэн тул боломжит хувилбарын нэг болох МАН намба заан хүлээв. Тэдний зүгээс “Бид хамтарсан Засгийн газарт чинь ормоор байна” хэмээн гүйсэнгүй, ямар нэг санал тавьсангүй. АН хэнийг сонгох бодолтойгоо шуудхан мэдэгдэхээс өмнө МАН-ынхан албан бусаар яриа хэлэлцээ хийж байсан гэх мэдээлэл бий. УИХ-ын дарга, бас бус албан тушаалыг бидэнд өгвөл… хэмээсэн санал тус намын зүгээс гарч байсан гэх. Гэхдээ АН энэ сонирхлыг нь “дарчихсан”. “Шударга ёс” эв сэлтэй хамтарч Засгийн газар бай гуулах асууд лыг ур жигдар болсон АН-ын ҮЗХ яаран шийдсэнгүй.
Бүлгээсээ Ажлын хэсэг байгуулж, боломжит бүх хувилбар (уг нь МАН ч үүнд нь багтаж байсан)- ыг нягтлахаар болсон. “Шударга ёс” эвслийнхэн “хамраа сөхөж”, арай хэтрүүлсэн шаардлага тавьснаар АН-ынхан болгоомжилсон байж болох. Юутай ч УИХ дахь бүлгээс нь Х.Баттулгаар ахлуулсан Ажлын хэсгийнхэн уржигдар оройдоо л “Шударга ёс” эвсэлд хамтрах саналаа албан ёсоор хүргүүлжээ. “Хамгийн эхлээд тэд санал тавьсан. Тиймээс эхлээд процедурын хувьд “Шударга ёс” эвсэлд саналаа тавина” гэсэн АН-ын дарга Н.Алтанхуягийн мэдэгдлийн дагуу л өрнөж буй хэрэг. Түүнээс шууд л тэднийг сонгочихлоо гэж эвслийнхэн баясах болоогүй байна. Боломжит хувилбаруудаа нягтална гэсэн учир АН-ын Ажлын хэсгээс өчигдөр ИЗНН болон бие даагч гишүүдэд урилгаа хүргүүлжээ. Нэгэнт УИХ-д олонх байхгүй, хамгийн олон суудал авсан АН ямар нэг нам, эвсэлтэй хамтарч Засгийн газраа байгуулах нь тодорхой байсан учир УИХ-д төлөөлөлтэй болсон бүх намынхан дотроо албан тушаалд санаархаж байгаа нь үнэн.
“ШУДАРГА ЁС” ЭВСЭЛ
АН сонголтоо хийгээгүй, санаагаа цухуйлгаагүй байхаас л “Хамтрах санал тавьбал хүлээж авахад бэлэн” гэж мэдэгдэж байсан учир “Шударга ёс” эвсэл албан ёсоор бичиг гардаад л өчигдөр өглөө Удирдах зөвлөлөө хуралдуулав. “АН саналаа тавиагүй байсан ч бид хамтран ажиллах санал, төлөвлөгөөгөө боловсруулчихсан л даа” хэмээн “Шударга ёс” эвслийн УИХ дахь бүлгийн ахлагч Д.Тэрбишдагва өчигдөр мэдэгдсэн. Төслөө боловсруулаад, яамдаа “хуваагаад авчихсан” учраас Удирдах зөвлөл нь “Yes” гэсэн хариу өгөх нь тодорхой байлаа. Энэ ч ёсоор болжээ. Ингээд үдээс хойш эвслийн Ажлын хэсгийнхэн АН-ынхантай хэлэлцээрийн ширээний ард суув. Бэлэн болгосон төслөө Д.Тэрбишдагва яаран задлаагүй ч Засгийн газрыг 70:30 гэсэн харьцаагаар байгуулах саналыг АН-ын Ажлын хэсгээс тавих нь тодорхой байсан юм. Энэ бол тус эвсэлд сайдын 4-5 суудал ногдоно гэсэн үг.
Шадар сайдаар Н.Энхбаяр, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайдаар Н.Удвал, Сангийн эсвэл Гадаад харилцааны сайдаар М.Энхсайхан гэх мэт хувилбар тэдний дунд яригдсан аж. Энэ тухай хэвлэлээр олон мэдээлсэн. Бас Монгол банкийг “Шударга ёс” эвсэл “авч”, О.Чулуунбатыгаа тийш нь зүтг үүлэх сонирхолтой гэх яриа ч байна. Мэдээж Н.Энхбаяр Шадар, эсвэл өөр ямар нэг сайд болохын тулд нэр цэвэр байх ёстой. Энэ шаардлагаа тэд тавина. АН-ын ҮЗХ эвслийг шууд л гар өргөн сонгоогүйн учир үүнтэй холбоотой. Тиймээс хэлэлцээр халуухан болжээ. АН-ын зүгээс тав биш дөрвөн сайдын суудал, бас Н.Энхбаяргүйгээр гэсэн болзол тавьсан байна. “Шууд л сана лаа тулгаад байвал хэлэлцээр үр дүнд хүрэхгүй, тиймээс хэн хэндээ хүндэтгэлтэй хандана” хэмээн Д.Тэрбишдагва мэдэгдсэн.
ИЗНН
Хэдийгээр АН-ын Ажлын хэсэг хамтрах тухай албан бичгээ амласнаараа “Шударга ёс” эвсэлд түрүүлж хүргүүлсэн ч ИЗНН-тай хамгийн түрүүнд хэлэлцээр хийсэн юм. ИЗНН-ын гол үзэл баримтлал нь “ногоон”. Тиймээс тэд байгаль орчны чиглэлийн сайдын суудлыг шохоорхжээ. Ингэхдээ Байгаль орчин, тогтвортой хөгжлийн яам байгуулж, улмаар сайдыг нь хариуцлагатайхан шиг хийж чадахаа хэлсэн байна. АН-ын Ажлын хэсгээс УИХ-д хоёр суудалтай энэ намд нэг сайдын суудал санал болгожээ. ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Бид хэдийгээр УИХ-д хоёр төлөөлөлтэй ч тавьсан саналыг нь шууд л хүлээн зөвшөөрчихдөг нам биш” хэмээн “томров”. Мөрийн хөтөлбөртөө ногоон үзэл баримтлал, байгаль орчныг тогтвортой хөгжүүлэх бодлогыг нь тусгахыг ИЗНН мэдээж хүссэн байна. Дээрээс нь болж өгвөл хоёр сайдын суудалд санаархжээ. АН харин албан тушаалыг “цацахыг” хүсэхгүй, хямгадав. Юутай ч тэд харилцан саналаа тавиад толгой дохин салсан байна.
БИЕ ДААГЧИД
Энэ УИХ-д гурван бие даагч бий. Хөвсгөлөөс Ц.Даваасүрэн, Дархан-Уулаас С.Ганбаатар, Дорнодоос Х.Болорчулуун сонгогдсон. Тэдэнтэй хамтран ажиллах талаар АН тодорхой яриа хэлэлцээ хийсэн аж. Энэ бол мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх “алтан боломж”. “Гол нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж талаас нь харж байна. Сайдын суудал санал болговол татгалзахгүй” хэмээн Ц.Даваасүрэн ярьсан. Харин С.Ганбаатар хараат бус гишүүн хэвээр байхыг илүүд үзжээ. АН-ын хэлэлцээрээс МАН харин гадуур үлдэв. Тэд эвслийн Засгийн газар бүрдэх эсэх хэлэлцээрээс “гадуурхагдсанаа” намын даргаа солих, хариуцлага тооцох тухай яриагаар сарниулахаар хичээв. Бусад нам, эвслийнхэн өнгөн дээрээ “Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, гол заалтыг нь тусгах л чухал” гэж буй ч сайдын, ямар нэг агентлагийн дарга, дэд сайдын суудалд санаархаж байгаа нь нууц биш. АН харин санаархагчдаас хэнийг нь сонгох бол.
С.ТУУЛ