“Шударга ёс” эвслийн УИХ дахь бүлгийн дарга Д.Тэрбишдагва, дэд дарга Н.Батцэрэг нар өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийв. Тус эвслийн Удирдах зөвлөл хуралдаж, АН-аас ирүүлсэн хамтран ажиллах саналыг хэлэлцээд дэмжжээ.
Тэд энэ талаар хэлэлцээ хийх Ажлын хэсгийг Ч.Улаа наар ахлуулан, бүрэлдэхүүнд нь Д.Тэрбишдагва, М.Сономпил, Н.Батцэрэг, Д.Батцогт нарыг оруулан байгуулсан байна. Тэднээс зарим зүйл тодрууллаа.
-Хувь хүний болон албан тушаалын тухай яривал хэлэлцээр хүнд болно гэж УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлсэн. Энэ нь танай эвслийн зүгээс Н.Энхбаярын нэрийг цэвэрлэх шаардлага тавьсан гэж ойлгогдсон л доо. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
Д.Тэрбишдагва: -Хувь хүн гэж хэлснийг би Н.Энхбаяр гэж ойлгоогүй. Засгийн газрын сайд нарын тухай ярилаа гэж бодсон шүү дээ. Хувь хүн гэвэл би, эсвэл Н.Батцэрэг гээд хэн ч байж болно.
-Мөрийн хөтөлбөрөөсөө ямар гол санааг Засгийн газрын бодлого болгох саналтай байгаа вэ?
Д.Тэрбишдагва: -Хамгийн гол нь хоёр нам мөрийн хөтөлбөр дээрээ зөвшилц өх ёстой. АН-ын мөрийн хөтөл бө- рийг судлахад санал нэгдэх зүйл олон бай сан. Тиймээс хамтраад ажиллах боломж той гэж үзэж байна.
-АН-ынхан Хууль зүйн болон Хөдөлмөрийн яам байгуулж, зарим яамыг задлах төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Үүнд та нар хэрхэн хандаж байна вэ?
-Давхардлыг арилгах ёстой гэсэн байр суурьтай байна. Гэхдээ үүссэн нөхц өл байдалтай уялдуулан яамны тоог нэмэхийг үгүйсгэхгүй.
-Эвсэж Засгийн газар байгуулах гол ашиг сонирхол чинь юу юм бэ?
Н.Батцэрэг: Аль ч нам УИХ-д олонхийн суудал аваагүй учраас Засгийн газраа хамтарч байгуулах нөхцөл үүссэн. Үүний дагуу л АН саналаа тавьсан, бид хэлэлцээр хийж байна.
-Засгийн газарт АН болон эвслийн харьцаа 70:30 байх албан бус яриа хийсэн гэсэн. Энэ хувилбарыг танайх хүлээн зөвшөөрч байгаа юу?
Д.Тэрбишдагва: -УИХ-д АН 31, “Шударга ёс” эвсэл 11 суудал авсан. Үүнд л тулгуурлаж харьцаагаа тогтоохоор хэлэлцээр хийнэ байх. Бидэнд өөр өөрийн байр суурь бий. Үүнийг хэлэлцээрийн яв цад шийднэ. Хэн хэнийхээ саналд хүндэтгэлтэй хандана.
-УИХ-ын дэд даргаа хэзээ сонгох вэ?
-УИХ-ын дарга тодроогүй байна. Мөн хэлэлцээрийн явцад бид Засгийн газарт ямар байр суурьтай байхаар шийдсэнээс хамаарна. Талууд үдээс хойш уулзаж, хийх ажилтайгаа танилцсан байна. Улмаар хэлэлцээрийг өнөөдөр үргэлжлүүлэхээр болжээ.
С.ТУУЛ