УИХ дахь АН-ын бүлгээс байгуулсан Ажлын хэсгийг гишүүн Х.Баттулга ахалж, бүрэлдэхүүнд нь С.Эрдэнэ, Ч.Сайханбилэг, Ц.Баярсайхан, Х.Тэмүүжин нар багтсан. Тэд уржигдар “Шударга ёс” эвсэлд хамтран ажиллах саналаа хүргүүлсэн бол өчигдөр өглөө ИЗНН-д ханджээ. Мөн бие даагчидтай ч албан бусаар ярилцсан аж. Ингээд хамгийн түрүүнд ИЗНН-ынхантай хэлэлцээр хийв. Энэ талаар ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлээс тодрууллаа.
-АН-ын Ажлын хэсэгтэй эхний уулзалтаа хийлээ. Улмаар эвслийн Засгийн газрын зорилго, бүтцийн тухай ерөнхий мэдээллийг сонссон. Мөн ИЗНН-ын мөрийн хөтөлбөрийн гол үзэл санаа болох ногоон эдийн засгийн тухай асуудал мөрийн хөтөлбөрт хэрхэн тусах талаар асуусан. Аль ч намын мөрийн хөтөлбөрт үзэл санаа нь шингэсэн тогтвортой хөгжлийг бид онцолж байна. Энэ тогтвортой хөгжлийн асуудлыг шинэ Засгийн газарт ямар институц хариуцахыг лавласан.
Бид бол Байгаль орчин, тогтвортой хөгжлийн яам байгуулах саналаа хэлсэн. Энэ талаар хамтарч ажиллахад бэлэн байгаа. Мөн манай хөтөлбөрт халамжийн шинэ систем бий болгохоор тусгасан. Бэлэнчлэх сэтгэлгээг халсан, дороос дээш тогтолцоотой болох ажлыг тодорхой сангуудаар дамжуулан хэрэгжүүлэх саналтай байгаа. Засгийн газарт төлөөлөлтэй болвол бид ийм чиглэлээр ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Гэхдээ эд нар сандал суудлаа хуваарилна, “Шударга ёс” эвсэлтэй ярина гээд хэцүү л дээ. Бид хэдийгээр хоёр гишүүнтэй ч өгснийг нь авчихдаг нам биш. Манай хоёр гишүүн 20 хүний хэмжээний ажил хийх чадвартай.
-Өөрөөр хэлбэл, байгаль орчны салбарын сайдыг танай нам авах сонирхолтой юм байна, тийм үү?
-Байгаль орчин гэж явцуурахгүй. Одоо БОАЖЯ гэж байна. Байгаль орчныг тогтвортой хөгжилтэй уялдуулах нь чухал. АН-аас нэг сайдын суудал санал болгосон. Бид нэг яамны төлөө явахгүй. Үнэндээ тоо чухал биш. Бидэнд ийм яамтай болж, мөрийн хөтөлбөрийн ногоон үзлээ Засгийн газрынх болгох нь л чухал байна. Ногоон эдийн засаг, байгаль орчны асуудлыг хариуцсан тусдаа яам байгуулахгүй бол нэг хоёр мод тарих, говьд очиж хуралдах гэх мэт шоуны зарчмаар хол явахгүй. Тиймээс энэ асуудлыг бид хариуцах сонирхолтой байна. Тэд “Сонслоо” гэсэн. Үдээс хойш эргээд ярилцана.