Эвслийн Засгийн газар байгуулах яриа хэлэлцээ тойрсон сэдвээр бие даагч гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нарын байр суурийг сонирхлоо.
-АН-аас танд хамтарч ажиллах тухай албан ёсоор санал тавьсан уу?
-Албан ёсоор хандаагүй ч албан бусаар ярьсан зүйл бий. Бие даагч гишүүн мөрийн хөтөлбөртэй. Тиймээс үүнийгээ хэрэгжүүлэх шаардлага гарна. Энэ агуулгаараа Засгийн газартай хамтарч, үйл ажиллагаанд нь оролцох шаардлага гарахыг үгүйсгэхгүй.
-Өвөрхангай болон нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэг мандатын дүн гараагүй байгаа. Хэрэв эндээс АН-ын талд шийдвэр гарах юм бол ИЗНН болон бие даагчидтай хамтраад Засгийн газар байгуулах нэг хувилбар бий. Үүнийг та юу гэж бодож байна вэ?
-Тийм боломж байгаа. Гэхдээ тулсан 39 гишүүнтэй байхад хэн нэг нь гадагшаа, дотогшоо явахад л ирц дутна. МАН, “Шударга ёс” эвслийнхэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадах уу, үгүй юү гэдэг нь Засгийн газарт орж чадах эсэхээс хамаарна. Харин “Шударга ёс” эвсэлтэй хамтрах нь илүү зөв сонголт гэж бодож байна.
-Таны зүгээс АН-д санал тавих уу?
-Би өөрөө түрүүлж санал тавихгүй. Ер нь бол газар шороо, байгалийн баялгаа хамгаалах асуудлаар өмнөх УИХ-д хамтарч ажиллаж байсан гишүүд бий. Тэдэнтэйгээ хамтраад л явна.
-Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд АН-тай хамтарч ажиллахыг дэмжинэ гэлээ. Тэгэхээр танд сайдын суудал санал болговол хүлээж авна гэсэн үг үү?
-Байдлаас л болно. Гэхдээ татгалзах зүйл байхгүй.
-Таны мөрийн хөтөлбөрийн гол агуулга юу вэ?
-Хөдөөд малчин залуус амьдрах боломжийг хангах, тэдэнд зориулсан байр сууцны асуудлыг шийдэхээр тусгасан. Мөн Мөрөн суманд орон сууцны хөтөлбөр эхлүүлэх амлалт бий. Өнгөрсөн дөрвөн жилд би ДЦС барих ажлыг эхлүүлсэн. Манай аймгийн 10 мянган айл жилд 10 мянган машин мод түлдэг. Манай улсын ойн нөөцийн 30 хувь нь Хөвсгөлд байгаа. Тиймээс ойн нөөцөө хамгаалахын тулд орон сууцжуулах шаардлагатай.
-Бие даагч гишүүдийг намууд “элсүүлэхийг” эрмэлздэг. Таныг МАХН-ыг сонгох байх гэсэн таамаг байна. Ямар нэг намын гишүүн болох уу?
-Одоогоор таамаглал шүү дээ. Дөнгөж сонгогдож орж ир чихээд нам хайгаад гүйх нь хаашаа юм.
С.Ганбаатар: Би жирийн иргэдээ л төлөөлнө
-Бие даагч гишүүд хамтарсан Засгийн газарт орох сонирхолтой байгаа гэх мэдээлэл байна. Таны хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Би Монголын нийт жирийн хөдөлмөрчнийг төлөөлөн УИХ-д сууж байгаа. Засаглалыг хянах, сайжруулах, ил тод болгох гэж УИХ-д сонгогдсон болохоос биш Засгийн газарт орохыг зориогүй. Дарханчууд намайг хараат бус ажилла гэж сонгосон. Тиймээс ямар нэг бүлэг, фракцаас хараат бусаар зөвхөн сонгогчдынхоо эрх ашгийн өмнөөс төр засагт болж буй үйл явдлыг мэдээлж ажиллана. Засгийн газар жирийн иргэдийн төлөө ажиллаж байвал би тэнд орсон, ороогүй дэмжинэ. АН санал тавьсан, эсэхээс үл хамаараад миний байр суурь хэвээр байгаа.
С.УУЛ