2012 оны УИХ-ын сонгууль болоод 20-иод хонож байгаа ч 76 гишүүн бүрдээгүй, маргаантай хэвээр байгаа. Гэтэл УИХ-д суудалтай намууд бүлгээ байгуулж, бүлгийн даргаа хэдийнэ сонгосон тухай мэдээлэл гараад буй. Энэ талаар МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатартай ярилцлаа.
-УИХ-д Өвөрхангай аймгаас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар тангараг өргөөгүй байгаа. Энэ асуудал юу болж байна вэ?
-Өвөрхангай аймгийн 100 гаруй мянган ард иргэдийн төлөөлөл болж, УИХ-д сонгогдсон хоёр гишүүний тангаргыг өргүүлж, бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх асуудлыг шуурхай шийдвэрлэх хэрэгтэй. Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн хоёр дэвшигч сонгогчдын дийлэнх олонхийн саналыг авч, ялалт байгуулсан боловч тэдэнтэй холбоотой гомдлыг нийлэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд гаргаж 24 цагийн дотор шүүх шийдвэр гаргасан.
Ингэхдээ хоёр нэр дэвшигчийг гурван зүйлээр буруутгасан. Нэгдүгээрт, архи, чокопай тараасан гэдэг. Тийм зүйл тараасан гэж ярьсан хоёр хүн нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын иргэд. Тэд хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулаад үгээ хэлчихсэн. Цагдаагийн байгууллагад мөн мэдүүлгээ өгсөн. 100.000 төгрөг аваад худал хэлсэн буруугаа хүлээсэн.
Хоёрдугаарт, 16-17 насны буюу насанд хүрээгүй хоёр хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэдэг. Гэтэл тэр хоёр хүүхэд нь манай нэр дэшигчид болон МАН-ын Өвөрхангай аймгийн хороотой ухуулагч, шадар туслахаар ажиллах ямар нэгэн гэрээ хийгээгүй. Манай сонгуулийн штабт ажиллаагүй хүмүүс. Сонгуулийн нэгдсэн арга хэмжээн дээр явж байсан хоёр хүүхдийн зургийг аваад, ийм тайлбар гаргасан байсан. Тэр хоёр хүүхэд өөрсдөө цагдаагийн байгууллага, Тойргийн хороонд очоод худал болохыг нь баталж, мэдүүлгээ өгсөн. Харин үүнтэй холбоотой юм яривал АН-ын сонгуулийн сурталчилгааны “Нар” гэдэг дууны клипэн дээр багш нь сурагчдаа зодож байгаагаар хүүхдүүдийг ашигласан байдаг. Ийм олон тохиолдол бий. Гуравдугаарт, хоёр иргэнд мөнгө өгсөн гэсэн.
Тэр хоёр иргэний нэг нь манай намын дэргэдэх НАМЗХ-нд нэгдүгээр сарын 1-нээс ажиллаад, цалингаа аваад явж байсан хүн. Нөгөө нь Зүүнбаян-Улаан суманд манай ухуулагчаар ажилласан хүн. Энэ бүхнийг холбогдох Тойргийн хороо, цагдаагийн байгууллага нь шалгаж үзээд хэрэгсэхгүй болгосон байтал хоёр нэр дэвшигчид мэдэгдэж, танилцуулалгүйгээр, тэднийг байлцуулалгүйгээр шүүхийн шийдвэр гаргасан нь тун харамсалтай. Тийм учраас нийслэлийн давж заалдах шатны шүүх, бусад байгууллага шийдвэрээ шуурхай гаргаж, Өвөрхангай аймгийн сонгогчдын эрх ашгийг нэн тэргүүнд тавиач ээ гэж хүсэж байна. Ер нь Өвөрхангай аймагт АН ялагдахаараа тахимаа өгдөггүй буруу жишиг бий болох нь.
2004 онд АН-ын З.Энхболд ялагдаад тахимаа өгөхгүй жил болж байлаа. Өнөөдөр Г.Батхүү, Д.Зоригт хоёр тахимаа өгөхгүй сунжруулж байна. Яагаад АН-ын улстөрчдийн увайгүй үйлдлээс болж Өвөрхангайчууд хохирох ёстой гэж. Тийм учраас сонгогчдын эрх ашгийг хамгаалах үүднээс нэр дэвшигчдийг маань УИХ-д оруулах хэрэгтэй. Хэдийгээр УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үед АН болон бусад намаас хууль зөрчсөн олон үйлдэл гарч байсан ч тэдгээр 30 гаруй хууль бус үйлдлийн талаар СЕХ, Тойргийн хороод, цагдаагийнхан нэг ч хариу өгөөгүй. Гэхдээ бид Ерөнхийлөгчийн зарлигаар зарласан анхдугаар чуулганы ажиллагаа эхлэхэд оролцож, 25-уулаа тангараг өргөсөн. Нэг ёсондоо МАН төрийн ажлыг гацаах шаардлагагүй гэж үзсэн. Яагаад гэвэл улс оронд шийдвэрлэх асуудал олон байна. УИХ, Засгийн газар яаралтай байгуулагдаж, улс орны өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Тиймээс ард иргэд, сонгогчдын эрх ашгийг хүдэтгээд бид шийдвэрээ гаргаж, анхдугаар чуулганд орсон.
-Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт явуулахаар болсон ч хэзээ гэдэг нь тодорхойгүй байна. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
-Бид анхдугаар чуулган дээр нэг л зүйлийг хэлсэн. 2012 оны УИХ-ын сонгуулийн асуудлыг бүрэн цэгцэлж байж дараа дараагийн алхмууд явах ёстой гэж. Нэгдүгээрт, Өвөрхангай аймгаас сонгогдоод, УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсан манай хоёр гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, тангаргыг нь өргүүлэх. Хоёрдугаарт, Баянз үрх, Сонгинохайрхан буюу Монголын 500 мянган иргэний эрх ашиг хамаарч байгаа хоёр дүүргийн хоёр мандат дээрх хоёр гишүүний асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Энэ хоёр дүүрэг дээр дахин санал хураалтыг хуулийнх нь хугацаанд яаралтай хиймээр байна. Хуульд зааснаар Тойргийн хороод нь шийдвэ рээ гаргаад, дахин санал хураалтыг долоодугаар сарын 8-нд явуулахаар товлосон. Гэтэл СЕХ техникийн шалтгаантай гэдгээр хойшлуулаад хугацаагаа зарлаагүй байна.
Албан бус мэдээллээр энэ нь автомат машинтай холбоотой гэсэн. Нэг ёсондоо автомат машины программ хийх, тэр машинд уншдаг цаасыг хэвлэхийн тулд өнөөх Америкийн компанид мөнгө төлөх болж байгаа гэнэ. Монгол төрийн үйл ажиллагаа цаашдаа тэр Америк компаниас хамаарах нь байна шүү дээ. Тэр компани “за” гэвэл бид сонгуулиа явуулж байдаг, “Болохгvй нь” гэвэл бид сонгуулиа явуулж чадахаа болих нь. Тийм учраас энэ асуудлыг хуулийнх нь хүрээнд шийдээд, болохгүй бол гараар тоолоод явуулж болно шүү дээ. Бид өмнө нь олон сонгуулийг гараар тоолоод хийж л байсан. Болдог шүү дээ. Үүнийг хуулийн дагуу шийдэж, 500 мянган иргэний төлөөллийг УИХ-д оруулж ирэх хэрэгтэй байна. МАН зарим тойрогт гар тооллого хийе гэж байгаа юм. Энэ бол МАН суудлаа нэмэх гээд, эсвэл зарим тойрогт тахимаа өгөхгүй гэж байгаа юм биш. Энэ бол Монгол Улсын төрийн ажил, цаашдаа явагдах УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгууль авто матжуулсан системээр явах уу, үгүй юу, Монголд хийгдэж байгаа сонгуулийн энэ шинэчлэлт цаашид үргэлжлэх үү, үгүй юу гэдгийг шийдэх, ард иргэд, улстөрчид намуудын дундах эргэлзээ тээнэгэлзээг арилгах алхам юм. Бид зарим газарт түүвэр гар тооллого хийж үзээд, автомат машинаа шалгавал үүнээс хойш аль нэг улстөрч, улс төрийн нам, сонгогчдын автоматжуулсан системд итгэх итгэл өндөр болно. Шинэ хууль, системээр сонгуулийг явууллаа. Үүнийгээ боловсронгуй болгохын тулд эхнийхийгээ шалгаад, эргэлзээгээ арилгаад явах нь сонгуулийн шинэчлэлтэд том алхам болно. Ийм утгаар уг шаардлагыг МАН болон улс төрийн бусад бүх хүчин тавьсан. Үүнд тодорхой хариулт өгч, шийдвэрээ гаргах ёстой.
-УИХ-ын гишүүний тангараг өргөснөөс хойш нам, эвс лүүд бүлгээ байгуулаад эхэл чихсэн биз дээ?
-АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаад УИХын дарга, Ерөнхий сайдад нэр дэвшигчдээ тодруулаад, одоогийнх юм уу, өмнөх юм уу бүү мэд, УИХ дахь бүлэгтээ бусад намуудтай зөвшилц гэсэн чиглэл өгсөн гэсэн хэвлэлийн мэдээ авсан л даа. Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хуульд УИХ-ын олонх, цөөнх гэж хэнийг хэлэх, хэрэв 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл байхгүй тохиолдолд УИХ Засгийн газраа хэрхэн байгуулах вэ гэдгийг маш нарийн журамлаж, хуульчилсан байдаг. Ард иргэд энэ удаа аль нэг намыг олонхболгоогүй. Та бүхэн энэ улсын төлөө хамтраад зүтгэ, хамтарсан Засгийн газар байгуул гэдэг сонголт хийсэн. УИХ-д хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж, УИХын даргад нэрээ дэвшүүлэх ёстой. Тэгэхээр АН өнөөдөр 31 суудалтай байгаагаараа энэ асуудлыг эхлүүлж, MАН болон бусад бүх нам, эвсэлд саналаа тавих ёстой. УИХын дарга сонгогдсоны дараа УИХ дахь намуудын бүлэг байгуулагдах учиртай.
УИХын тухай хуульд Нам, эвслийн бүлэг яаж байгуулагдах ёстойг мөн заасан байгаа. Гэтэл “Шударга ёс” эвслийн бүлэг байгуулагдлаа. АН-ын бүлгийн дарга сонгогдлоо гээд яриад байна шүү дээ. Нам, эвслийн бүлэг байгуулах шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг анхдугаар чуулганаар УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор УИХ-ын даргад мэдүүлнэ гэж хуульд заасан. Одоо даргагүй УИХ яваад байгаа шүү дээ. Тэгэхээр процедурын хувьд УИХ-ын даргаа сонгоод дараа нь бүлгүүд байгуулагдагдаад, дарга, дэд даргууд нь сонгогдоод, УИХ-ын Байнгын хороод нь байгуулагдаж, дараа нь Ерөнхий сайдаа сонгох, томилох ажилдаа орох ёстой. Ерөнхий сайд сонгогдсоны дараа Засгийн газар нь бүтэц бүрэлдэхүүнээ батлуулаад, сайдуудаа томилуулж, хуулийн дагуу явах ёстой. Гэтэл өнөөдөр тангараг өргөснийхөө маргааш буюу УИХ-ын дарга байхгүй байхад хэн нь сайд болж, аль нь ямар яамаа авах вэ, агентлагийн дарга нь хэн болох вэ гэдэг албан тушаал, ширээ сандал хуваах ажилдаа орчихоод байна. АН 31 суудалтай байж ялсан мэт авирлаж, дангаараа тоглолт хийж болохгүй. Үүнийг хуулийн хүрээнд, бусад нам хүчнүүдтэй зөвшилцөж хийх ёстой. АН засаг төрөө байгуулахдаа эхнээсээ хуулийн дагуу хийхгүй бол мордохын хазгай болно. Тиймээс хуулийн хүрээнд ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна.
-Та тэгэхээр АН-ыг хууль зөрчиж байна гэж үзэж байгаа юм аа даа?
-Тийм ээ. Энэ удаагийн сонгуулийн дүн их онцлогтой. МАН 25-уулаа тангараг өргөсөн. Түр үнэмлэх авсан хоёр гишүүнтэйгээ нийлээд 27-уулаа болно. Баянзүрх дүүргийн дахин санал хураалт манай намын хоёр нэр дэвшигчийн дунд болох учраас 28 суудалтай гэсэн үг. Хэрэв Сонгинохайрхан дүүрэгт бид ялбал МАН 29, АН 31 суудалтай болно гэсэн үг. Аль намыг сонгох нь тодорхойгүй ч манай намаас угшилтай бие даагч хоёр бий. Дахин гараар тоолоход суудлын харьцаа тун ойрхон болж мэдэхээр ийм нөхцөлд 76-уулаа бүрдэж байж УИХ болон Засгийн газрыг байгуулах асуудлыг явуулах нь хамгийн зөв үйлдэл. Тийм учраас үүн дээр дүгнэлт хийж, хуулийнхаа дагуу ажиллаач гэж АН-аас хүсэж байгаа юм. Үндсэн хуулийн 24, УИХ-ын 14, 25, 26 дугаар зүйлийг үндсэндээ тэд зөрчиж байна. УИХ-ын таван чуулганыг хэрхэн явуулахыг хуулиар журамласан байдаг.
Анхдугаар чуулганаар хэлэлцэх асуудал юу байх вэ гэдгийг заачихсан. Гэтэл өнөөдөр АН Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө ярина гэж байна. Ерөнхий сайд нь томилогдоогүй байхад яаж мөрийн хөтөлбөрөө гаргах юм бэ. УИХ-ын дарга нь сонгогдоогүй байхад яаж бүлгээ байгуулаад байгаа юм. Энэ мэтээр олон зөрчил байна. Эцэст нь хэлэхэд сонгуулийн дүнг эцэслэж, үүний дараа хүчний харьцаагаа тодорхой болгочихоод УИХ, Засгийн газраа байгуулах ажилдаа оръё. Журам, хуулиараа явья гэж байгаа юм. Манай нам ард иргэдийнхээ саналыг хүндэтгэж, сонгуулийн дүнг хүлээн зөшөөрч байна. Гэхдээ сонгуулийн байгууллага шийдвэрээ хууль журмын дагуу гаргаж, сонгогчдын эрх ашгийг дээдлэх ёстой. Ардчиллын үнэт зүйл нь хуулиа баримталж, чанд мөрдөж ажиллах. Тиймээс эхнээсээ хуулиа зөрчөөд, сандал ширээ, албан тушаал яарьж, цөөн хүний хүрээнд булагнаж, бүлэглээд байвал энэ үйл явц гацаанд орно гэдгийг хэлмээр байна.
Р.ОЮУН