-Ирц бүрдээгүй учир тэд өчигдөр хуралдаж чадсангүй
УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 2012 оны сонгуулиар өмнөх Парламентынхаас гурав дахин нэмэгдсэн билээ. Хүн амын 50 хувийг бүрдүүлдэг бүсгүйчүүдээ төлөөлөх, тэдний эрх ашгийг хамгаалж, нийгэм, эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэхийн тулд УИХ-д бүлэг байгуулах “үүргийг” сонгогдсон есөн бүсгүйд өчигдөр төрийн бус байгууллагынхан өгсөн байна. УИХын гишүүн С.Оюун, Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа, Р.Бурмаа, М.Батчимэг нар өчигдөр эмэгтэйчүүд, хүүхэд, бэлгийн цөөнхийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус 18 байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзаад ийм “үүрэг” авчээ. Төрийн бус байгууллагынхан салбар салбарт нь тулгамдсан ямар асуудал байгааг эмэгтэй гишүүдэд мэдэгдсэн аж.

.jpg)
Сонгуулийн урьдчилсан дүн гарч, бүсгүйчүүдийн төлөөлөл УИХ-д нэмэгдсэн даруйд эмэгтэй гишүүд ч өөрсдөө энэ талаар ярилцаж байсан юм. Энэ үеэр гишүүн Л.Эрдэнэчимэг “Бид шинэчлэлийг өөрсдөөсөө эхэлнэ. Манай есөн эмэгтэй гишүүн эрэгтэй улстөрчид болон нийгмийг холбох гүүр болж ажиллана. Эмэгтэйчүүдийн асуудал тогтолцоо өөрчлөх хэмжээнд очсон байна. Тиймээс үүний төлөө ажиллахад шантрах зүйл гарч магад, та бүхэн бидний ар тал болж ажиллаарай” гэлээ. Мөн тулгамдсан асуудлуудаас эхний ээлжинд хэрэгжүүлэхийгээ сонгож, бүлгийн зохион бай гуу лалтад орж ажиллахаа эмэгтэй гишүүд мэдэгдсэн.
Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үед саналаа илгээхийг бас төрийн бус байгууллагынхнаас хүслээ. Төрийн бус байгууллагынхантай уулзсаныхаа дараа эмэгтэй гишүүд Бүлэг байгуулах хурлаа хийхээр төлөвлөсөн юм. Гэвч З.Баянсэлэнгэ, Г.Уянга нар намын дарга Н.Энхбаярынхаа шүүх хуралд суугаад завгүй, МАН-ын Д.Оюунхорол бас ирсэнгүй. Тиймээс ирц бүрдэж, есүүлээ цуглахаар Бүлэг байгуулах асуудлаа ярилцаж, зохион байгуулалтаа хийе хэмээн хойшлуулав. Уулзалтын талаар зарим гишүүний байр суурийг сонслоо.
С.Оюун: -Энэ асуудлуудыг шийдэхийн тулд төрийн бус байгууллагуудтай байнгын холбоотой харилцаж, мэдээллээ хэрхэн солилцох механизмаа тодорхойлох хэрэгтэй байна. Эмэгтэй гишүүд Бүлэгтэй болно. Улмаар нарийн бичгийн дарга болон байгууллагуудтай харилцах хүнээ томилно. Тулгамдсан олон асуудал байгаа учир тодорхой хэдийг нь сонгож аваад ажил хэрэг болгохын төлөө зүтгэхээр ярилаа. Хүүхдийн цэцэрлэг, сургууль, төрөх эмнэлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах зэргийг сонгож авах байх. Эмэгтэй гишүүний тоо ес болсон учир бодит ажил хийж чадахаа харуулна. Эрэгтэй улстөрчдийг бодвол бүсгүйчүүд нарийн, чимхлүүр ажилдаа сайн.
Ц.Оюунгэрэл: -УИХ-ын эмэгтэй гишүүд төрийн бус байгууллагатай хамтраад төрийн анхааралд өртөж байгаагүй олон том асуудлыг шийдэхээр ярилаа. Хамгийн түрүүнд хандлагыг өөрчлөх тэмцэл чухал байна. Энэ бол нэгнээ байхгүй мэт үл тоомсорлохоо больж, байгаа асуудлыг олж хараагүй мэт царайлахгүйгээр бүх зүйлийг эрх тэгш шийдэх чиглэлд хамтрана гэсэн үг. Зөвхөн жендер биш, эрүүл мэнд, нийгэмд гадуурхагдаж буй бэлгийн цөөнхийн эрх ашгийг ч сая хөндсөн. Энэ ялгаварлалыг төрийн бодлого болон уламжлалт сэтгэлгээгээр бэхжүүлчихсэн. Үүнийг өөрчилж өгөөч гэж хүслээ. Бид саналыг нь хүлээж авахдаа баяртай байна. Манай гишүүдийн олонх нь хүний эрхийн салбарт ажиллаж байсан, энэ зовлонг ойлгодог. Тиймээс энэ чиглэлээр төрийн бодлогыг өөрчлөхийн төлөө ажиллахад бэлэн байна. Төрийн бус байгууллагынхнаас биднийг Бүлгээ байгуулж, зохион байгуулалтад ор гэсэн тодорхой санал гаргалаа.
С.ТУУЛ