Зуны олимпийн XXX наадам Лондон хотноо эхлэхэд ердөө найман хоног үлдлээ. Тэгвэл “Goldman Sachs” саяхан Лондоны олимпийн эдийн засгийн тооцоо болон медалийн урьдчилсан судалгаа, таамгийг нийтлэв. Лондоны олимпод ямар улс, хэдэн медаль авах вэ гэдгийг тооцохдоо эдийн засгийн өсөлт, технологийн дэвшилийг нэвтрүүлсэн байдал, өмнөх олимпод үзүүлсэн амжилт, тамирчдын төрөл тус бүр дэх эрэмбэ зэргийг харгалзан үз жээ.
Ийн тооцоход Монгол Улс нэг алт, мөнгө, хүрэл гурав, нийт дөрвөн медаль хүртэж, медалийн тоогоор 45 дугаар байрт жагсаж магадгүй гэв. Тэгвэл АНУ 37, БНХАУ 33, Их Британи 30, ОХУ 25 алтан медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлнэ хэмээжээ. Мөн “Herald Sun” сонины дэвшүүлсэн таамгаар манай тамирчид алт, мөнгө, хүрэл тус бүр нэг, нийт гурван медаль хүртэж, багийн дүнгээр 41 дүгээрт жагсах магадлалтай гэжээ.
Сонирхуулахад, Лондоны олимпод 205 орны, 10500 тамирчин, 302 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Ж.ТЭГШЭЭ