АН-аас Х.Баттулгаар ахлуулан байгуулсан Ажлын хэсгийнхэн өчигдөр ИЗНН, “Шударга ёс” эвслийнхэнтэй ээлжлэн уулзаад завгүй өнжлөө. Засгийн газар хамтарч байгуулах асуудлаар “Шударга ёс” эвслийнхэн Ч.Улаанаар, ИЗНН-ынхан С.Дэмбэрэлээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулсан. Талууд уржигдар эхний уулзалтаа хийсэн бол өчигдөр хоёр дахиа хэлэлцээрийн ширээний ард суусан байна.
Эхний уулзалтаар хамтарсан Засгийн газар ямар ажил хийх тухай АН-ын саналыг сонсож, харилцан болзлоо ярилцсан. Тэгвэл өчигдөр тус тусдаа боловсруулсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө солилцсон аж. Тэд бүгд өөр өөрийн хувилбараар хэнд хэдэн сайд ногдохоо тооцож, төслөө боловсруулсан байсан юм. “Шударга ёс” эвслийнхэнд АН-аас дөрвөн сайдын суудал санал болгож буй ч нөгөөдүүл нь голонгуй байгаа сурагтай. Тэд “Ядаж таван сайдтай болно” хэмээн зүтгэж байна. Юутай ч хэлэлцээрээ тэд өчигдөр үдээс хойш дахин үргэлжлүүлжээ. Мөн тодорхой үр дүнд хүрч зөвшилцтөл хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхгүй байхаар тохиролцсон байна.
Юутай ч АН-ынхан түншлэх талдаа сайдын зургаан суудал санал болгох мэдээлэл бий. Үүний дөрөв нь “Шударга ёс” эвсэлд, нэг нь ИЗНН-д, нөгөөг нь бие даагч гишүүнд оноох бололтой. “Шударга ёс” эвслийнхэн Шадар сайд, ЭМЯ, ХХААХҮЯ, Сангийн яамыг сонирхож буй бол ИЗНН Байгаль орчин, тогтвортой хөгжлийн яам байгуулаад хариуцаж ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. Харин гурван бие даагчаас С.Ганбаатар Засгийн газрын бүрэлдэхүүнд орохоос татгалзаж, Ц.Даваасүрэн санал хүлээн авахад бэлэн гэдгээ мэдэгдсэн.
МАН-ын угшилтай гишүүн Х.Болорчулуун харин энэ талаар ам ангайсангүй. Тиймээс Засгийн газартаа урих бие даагч-сайд нь Ц.Даваасүрэн байх магадлал өндөр байна.