Yahoo-гийн тоймчид Лондоны олимпод од болон гялалзах улс бүрийн шилдэг таван тамирчинг цувралаар нэрлэж буй. Бид эндээс хойд хөрш Оросын тамирчдын талаарх мэдээллийг хүргэе. Елена Исинбаева (тулгууртай харайлт) Өмнөх хоёр олимпод бүхнээс өндөрт харайсан Елена энэ удаа алтаа дархалж чадвал гурван олимп дараалан түрүүлсэн анхны харайгч болно. Гэхдээ тэрбээр ноднингийн ДАШТ-д бүтэлгүйтэж, медаль ч хүртэж чадаагүйг мартаж болохгүй. Дэлхийн таван удаагийн аварга тэрбээр танхимын (5.01) болон задгай талбайн (5.06) дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг юм.

Мария Савинова (гүйлт) 26 настай Мария бүсгүй анхны олимпдоо оролцох гэж буй. Гэхдээ энэ нь түүний алт авах магадлалыг огтхон ч бууруулахгүй. Учир нь тэрбээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 800 метрийн зайд босоо байж Европ, ДАШТ болон танхимын тэмцээнүүдээс зөвхөн алтан медаль зүүсэн. Ялангуяа ноднин Дэгүд болсон ДАШТ-д гол өрсөлдөгч К.Семеняг хол орхисон нь оросуудад итгэл найдвар төрүүлж байна. Анастасия Давыдова (уран сайхны сэлэлт) Түүний медалийн цуглуулгыг харах юм бол яагаад энэ жагсаалтад багтсан нь шууд ойлгогдоно. Анастасия 2001 оноос хойш хос болон багийн төрөлд олимпийн наадмаас дөрөв, ДАШТ-ээс 12 алтан медаль хүртжээ. Гэхдээ энэ удаа түүний үнэнч хамтрагч Анастасия Ермакова багийн бүрэлдэхүүнд багтаагүй нь эргэлзээ дагуулж байна.
Виктория Комова (гимнастик) Дөнгөж 17 настай энэ охин Оросын гимнастикийн сургалтад шинэ өнгө төрх нэмсэн хэмээн мэргэжилтнүүд үнэлдэг. Өнгөрсөн жил Токиогийн ДАШТ-ээс дамжуургын төрөлд алт авч, олон төрөлтийн нийлбэр дүнгээр аман хүзүүдсэн түүнийг Лондонд дутуугаа гүйцээнэ гэж таамаглаж буй. Ялангуяа энэ жил Брюссельд болсон Европын АШТ-д итгэлтэй түрүүлсэн нь мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авахад хүргэжээ.
Евгений Коротышкин (усанд сэлэлт) Оросын усны багийн ахлагч, 29 настай Коротышкин хэд хэдэн төрөлд хурд сорьдог боловч 100 метрийн эрвээхэй сэлэлтэд урдаа улаан хөлтнийг оруулах тун дургүй. Энэ зайдаа ч дэлхийн дээд амжилтыг эзэмшсэн хэвээр. Хэрвээ тэр Лондоны усан замд өөрийн хэмжээнд уралдаж чадвал нэг алт, 2-3 мөнгө, хүрэл медаль оросуудад ирэх магадлалтай. Түүнчлэн yahoo-гийн экспертүүд теннисч М.Шарапова, волейболч Е.Гамова, гурвын харайлтын Т.Лебедева нарыг Лондонд гялалзах тамирчнаар нэрлэжээ.
Оросууд Бээжингийн олимпод өөрсдийнх нь хувьд тааруу амжилтад тооцогдох 21 алт, 21 мөнгө, 28 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр БНХАУ, АНУ-ын ард жагссан юм. Харин энэ удаа Лондоны дэвжээнд хэрхэн өрсөлдөх бол?
Г.БАЯРСАЙХАН