Францын гүйгч Кристоф Лемэтр 100 метрт уралдахаас татгалзан, 200 метрт оролцох болжээ. Тэрбээр уг зайд хүрэл медаль авах боломжтой хэмээн үзэж буй гэнэ.
Өнгөрсөн баасан гаригт 200 метрийг 1991 секундэд туулсан нь дэлхийд гуравдугаарт тэмдэглэгдэх үзүүлэлт юм. 22 настай тэрбээр 100 метрт 10 секундээс дотогш гүйсэн цагаан арьст анхны гүйгч билээ.
Хоёр мянган цэргийг нэмж дайчилна
Олимпийн наадмын үеэр аюулгүй байдлыг хангахад нэмж хоёр мянган цэрэг гаргахаар болсон тухай Британийн спортын сайд Хью Робертсон хэллээ. Британичууд G4S хэмээх харуул, хамгаалалтын компанитай байгуулсан гэрээний дагуу тэндээс цэрэг татаж байгаа аж. Ингэснээр аюулгүй байдалд зарцуулах зардал 476 сая фунт болон нэмэгдэж байгаа аж. G4S нь 125 оронд үйл ажиллагаа явуулдаг, дэлхийн хамгийн том хамгаалалтын компани юм. Олимпийн наадмын үеэр 17 мянган албан хаагч аюулгүй байдлыг сахиулах бөгөөд энэ нь Афганистанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн тооноос бараг хоёр дахин илүү юм.
Нээлтийн үзүүлбэрийг 30 минутаар товчилжээ
“Лондон-2012” олимпийг Зохион байгуулах хорооноос хүмүүсийн аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслээс хоцроохгүй байлгах үүднээс олимпийн нээлтийн ёслолыг 30 минутаар хасахаар шийдвэрлэснээ мэдэгдлээ. Цэнгэлдэх хүрээлэнд цугларсан хэдэн мянган үзэгч нээлт дууссаны дараа “ордон”-оос гарахын тулд шахцалдан, тээврийн хэрэгсэлд амжиж суухын төлөө эмх замбараагүй байдал үүсгэхээс болгоомжлон хагас цагаар товчилсон байна. Тиймээс дугуйтай акробатын үзүүлбэр жагсаалтаас хасагджээ.
Хамгийн ахмад тугчин
Лондоны олимпийн нээлтийн ёслолд Армений тугийг 83 настай, ЗХУ-ын нэрт гимнастикч асан Альберт Азарян залахаар болжээ. “Манай ҮОХ ХХ зууны Армений шилдэг тамирчныг сонгож авсан нь тохиолдлын хэрэг биш” хэмээн албаны хүмүүс мэдэгдсэн байна. Цагтаа цахилж явсан энэ эр цагаригт дүүжингийн төрөлд өндөр амжилт гаргаж байсан юм. 1952-1962 оны ЗХУын АШТ-д Азарян 11 удаа түрүүлснээс цагаригт наймантаа алтан медаль зүүжээ. 1954, 1958 оны дэлхийн аварга тэрбээр 1956, 1960 оны олимпийн аварга юм. Зодог тайлсныхаа дараа нэрт гимнастикч Ереван дахь гимнастикийн сургуулийг удирдаж, улмаар олон улсын шүүгч болсон. Түүний хүү Эдуард “Москва- 80”-ын гимнастикийн багийн төрөлд манлайлсан түүхтэй. Өдгөө Азарян Армений гимнастикийн холбоог тэргүүлдэг аж.
Коста Рио-де-Жанейрод бэлтгэл хийж байна
Бразилийн хөлбөмбөгийн холбоо “Шахтер” клубт илгээсэн албан захидалдаа хагас хамгаалагч Дуглас Костаг олимпийн наадамд шигшээ багтаа оролцох мэдээллийг хүргэжээ. Лондоны олимпод оролцохын тулд тэр Рио-де-Жанейрод байж, шигшээ багтайгаа бэлтгэлд хамрагдаж байгаа гэнэ.
Олимпод оролцох Оросын теннисчид
Лондоны олимпод оролцох ОХУ-ын теннисний шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан тоглолтод Михаил Южный, Николай Давыденко, Александр Богомолов, Дмитрий Турсунов нар тоглох бөгөөд хос тоглолтод Южный Давыденко, Богомолов Турсунов нар оролцох юм. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан тоглолтод Мария Шарапова, Вера Звонарева, Мария Кириленко, Надежда Петрова нар хүч сорино. Хос төрөлд Кириленко Петрова, Веснина Макарова нар өрсөлдөх юм байна. Харин Светлана Кузнецоваг нөөцөнд үлдээжээ. Бэртэлтэй байгаа Звонареваг тоглох боломжгүй болбол Кузнецова орлох аж.
Дашрамд дурдахад Мария Шарапова нээлтийн ёслолд эх орныхоо тугийг залах билээ. Р.Надаль өөртөө итгэлтэй байна Олимпийн аварга теннисчин Рафаэль Надальд “Лондон-2012- ”-ын нээлтийн ёслолд Испанийн тугийг залах нэр хүндтэй үүрэг оногджээ. “Их дуулга”-д 11 удаа түрүүлсэн тэрбээр тугч болсондоо туйлын сэтгэл хангалуун байгаа гэнэ. Харин Испанийн ҮОХ түүний амжилтаас гадна нийгмийн идэвх зүтгэлээр нь сонгосон тухай мэдээллээ. Түүний хүчтэй өрсөлдөгч Н.Жокович Сербийн тугийг залах билээ. Р.Надаль Лондоны олимпоос медаль авна гэдэгтээ маш итгэлтэй байгаа аж.
Э.Интон Лондонд рекорд тогтоох уу
АНУ-ын хөнгөн атлетикч Эштон Итон дэлхийн дээд амжилтыг арван төрөлтөд шинэчилсэн билээ. Лондоны олимпод оролцох Америкийн сонгон шалгаруулах тэмцээнд 9039 оноо авснаар үнэмлэхүй амжилтын эзэн болсон аж. Дэлхийн рекордыг өмнө нь Чехийн Роман Шебрле 2001 онд тогтоосон (9026) түүхтэй. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс мөнгө энэ оны танхимын ДАШТ-д долоон төрөлтөд дэлхийн дээд амжилтын эзэн (6645) түүнийг “Лондон-2012”-аас алтан медаль авах боломжтой хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг.
Германы багийн хамгийн, хамгийн
Германы шигшээ багийнхан хамгийн хамгийнаа шалгаруулжээ. Хамгийн намхан тамирчнаар тодорсон Оксана Чусовитина 143 см өндөр, 43 кг жинтэй гимнастикч бөгөөд зургаа дахь олимпдоо оролцохоор зэхэж буй нь энэ. Тэрбээр Барселоны олимпоос багийн алт, “Бээжин-2008”-аас мөнгөн медаль зүүж байжээ. Тус улсын хамгийн залуу нь 15-тай гимнастикч Янин Бергер бол их жинтэй нь хүндийг өргөгч Матиас Штайнер (145 кг), өндөр нь волейболчин Маркус Бёме (2.11 см) нар юм.
Хиймэл хөлтийн эсрэг
Америкийн гүйлтийн нэрт тамирчин Майкл Жонсон ӨАБНУын гүйгч Оскар Писториусыг энгийн тамирчидтай өрсөлдөх ёсгүй хэмээн үзэж байна. “Би Оскарыг сайн мэднэ. Тэр сайн тамирчин боловч хиймэл хөлөөрөө яаж энгийн тамирчидтай тэмцэх юм бэ” гэж ярьжээ. Паралимпийн гурван удаагийн аварга Писториус Лондоны замд 4х400 метрийн буухиа гүйлтэд оролцохоор зэхэж буй билээ.
200 мянган тасалбар худалдаанд гарлаа
“Лондон-2012” олимпийг зохион байгуулагчид энэ долоо хоногт 200 мянган тасалбар худалдаанд гаргалаа. Тэд ийм хэмжээний билет борлуулалтад гаргахаар урьдчилан төлөвлөөгүй байсан нь сонирхолтой. Эдгээрийн 50 мянга нь хөнгөн атлетик, зүлэгний хоккей, элсний волейболынх аж. Үнийн хувьд нээлт, хаалтын ажиллагааны тасалбар хамгийн өндөр ханштай.
Б.ӨЛЗИЙ