МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнээс цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг авлаа.
-Танай намын залуучууд шинээр жигүүр байгуулахаа мэдэгдэж эхэллээ. Намын удирдлагуудтай уулзаж ярилцсан уу?
-Мэдээж хүмүүс үзэл бодлоо илэрхийлж байгаа. Зарим нь ирж уулзаж, зарим нь бичгээр саналаа өгч байгаа. Миний хувьд уулзах хүсэлт тавьсан бүхэнтэй нь уулзаж ярилцаж байна. Тэдний дунд тийм хүсэлт гаргасан манай намын зарим гишүүн бий. Улс төрд энэ хэвийн л үзэгдэл.
-Танай намын Удирдах зөвлөлөөс намын даргад Ө. Энхтүвшин гишүүнийг нэр дэвшүүлсэн юм байна. Энэ асуудлыг намын их хурлаар шийдэх үү.
-Намын даргын орон гарсан тохиолдолд шинэ намын даргыг Бага хурлаар сонгох боломжтой дүрмийн заалттай. Ингэж шийдэж байсан тохиолдол ч бий. Намын Их хурлын тухай асуудлыг Бага хурал өөрөө жич шийдэх боломжтой.
-НАМЗХ сонгуульд амжилттай оролцсон учраас Таныг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөнө гэх юм. Танд тийм бодол бий юу?
-Үгүй дээ. Би бол үүрэг гүйцэтгэж байгаа хүн. Зурвасхан атлаа амаргүй, хариуцлагатай цаг хугацаанд намын Удирдах зөвлөл, Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааг хэвийн шуурхай үргэлжлүүлж, намын эв нэгдлийг хангах нь л миний үүрэг. Маргааш болох Бага хурлаар энэ асуудал дүрмийн хүрээнд шийдэгдэнэ. Ерөнхий нарийн бичгийн даргын алба бол манай намын хувьд бодлогын том ажил. Миний хувьд нэр дэвших бодолгүй байгаа.
-Таныг Сүхбаатар дүүргийн цагдаа саатуулсан гэсэн. Юу болсон юм бэ.
-Автомат машинтай холбоотой хардалт зөвхөн надад биш хүн болгонд л байсан шүү дээ. Солонгосын компанийг унагаад, Америк машиныг сонгох үед сонирхлын зөрчил байж болно гэдгийг СЕХ дарга өөрөө хэлсэн протокол нь www.parlament.mn дээр байгаа. Та нар үзээрэй. Ардчилсан нийгэмд хүн хардах эрхтэй. Хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлт тавих эрхтэй шүү дээ.