Эвслийн Засгийн газрыг АН болон “Шударга ёс эвсэл”, ИЗНН хамтарч 75:25 харьцаагаар байгуулах тухай гэрээ өчигдрөөс албан ёсных боллоо. Одоо АН-ынхан дээрх харьцааны дагуу Засгийн газрын газрын бүтэц бүрэлдэхүүн ямар байхыг шийднэ. 2008 онд нэгтгэсэн томоохон хэд хэдэн яамыг задалж, мөн зарим яамны чиглэл, хамаарах асууд лыг тодруулах нь тодорхой болно. ИЗНН-ынхан Засгийн газарт орохдоо Байгаль орчин, тогтвортой хөгжлийн яам байгуу лах санал тавьсныг АН хү лээж авсан юм байна. Ногоон үзэл баримтлалыг “шүтдэг” энэ намынхан тус яамыг хариуцна.
“ГУРАВНЫ НЭГИЙН” ЗАРЧИМ МӨРДӨХГҮЙ
Үндсэн хуульд 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хийхийг зөвшөөрсөн. Үүнийг эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулсан том алдаа байсан хэмээн эдүгээ шүүмжилдэг. Эдгээр заалтыг цуцлах төслийг ч УИХ-д өргөн барьчихаад удаж байна. Тэгвэл шинээр Засгийн газраа байгуулахдаа АН Засгийн газрын гишүүдийн гуравны нэгийг л УИХ-аас, бусдыг “гаднаас” бүрдүүлэх зарчим баримтална гэсэн яриа гарсан. Гэхдээ энэ яриа оргүй гэнэ. Тэд нэгдсэн бодлого баримталж, хурдтай ажиллах гэсэн гол шалгуурыг сайд болох хүмүүст тавих юм байна. Түүнээс тэр хүн УИХ-ын гишүүн байх үгүйд анхаарал хандуулахгүй аж.
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖИЛ ШИНЭТГЭЛИЙН ЯАМ БАЙГУУЛНА
“Шударга ёс” эвсэлд ногдоно гэж буй Сангийн яамнаас харьяалах зарим асуудлыг салгах аж. Тус яам зөвхөн төсвийн орлого, зарлага буюу Төрийн санг хариуцна. Эдийн засгийн бусад асуудлыг Эдийн засаг, хөгжил шинэтгэлийн яам байгуулан зохицуулах гэнэ. Мөн ГХЯ-ны хамаардаг гадаад худалдааны асуудлыг шинээр байгуулах уг яаманд хариуцуулахаар ярьж буй аж. Уул уурхайн салбар хүчээ авч, улсын төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлж байгаа. Дэлхийн анхаарлын төвд Монголыг аваачсан энэ салбарын яам тусдаа байх ёстой гэж АН үзэж байна. Тиймээс ЭБЭХЯ-ыг салгана. Орон сууцжуулах хөтөлбөр гэх мэтээр бүтээн байгуулалтын ажил ундарч, тэр хэрээр эрчим хүч, түүний эх үүсвэрийг нэмэх нь чухал болж байгаа учир энэ хоёр том салбарыг салгах нь зөв гэж үзжээ. Мөн НХХЯ-ыг хоёр салгахаа тэд хамгийн түрүүнд мэдэгдсэн.
Хөдөлмөрийн яам нь ажилгүйдэл, жижиг дунд үйлдвэрлэл болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн асуудлыг хариуцах юм. Нийгмийн халамж, гэр бүлийн чиглэлээр санаа тавих тусдаа нэг яамтай болох гэнэ. ХЗДХЯ-ыг ч Хууль зүйн болон Дотоод хэргийн болгож салгах нь тодорхой болсон. Энэ мэтээр шинэ яам байгуулж, эсвэл байгаа нэгийг нь хоёр болгож задлах учир бүтэц, бүрэлдэхүүн нэмэг дэхээр харагдана. МАН-ынх наас эхлээд АН-ын уг саналыг шүүмжилж, зарлага нэмж, “бялуу”-ны албан тушаалыг өсгөх нь гэсэн үг чулуудаж буй. Тэгвэл яам, түүнийг тэргүүлэх сайдын тоо 4-5-аар нэмэгдэх ч тэдгээрт ажиллах хүмүүсийн тоог харин ч бууруулах бодлогыг АН барьж байгаа аж.
Одоогийн 11 яаманд нийт 900 орчим албан хаагч ажилладаг юм байна. Тэгэхээр нэг яаманд 90 орчим ажилтан ногдож байна гэсэн үг. АН-ынхан одоо ажиллаж буй ажилтнуудыг нь чиглэл чиглэлээр хуваарилах учир орон тоо нэмэгдэхгүй. Харин ч давхардал ихтэй, сул цалин аваад зүгээр суудаг хүмүүсийг цомхотгож, дээрх 900 гэдэг тоог 500 гаруй болгож бууруулах замаар үргүй зардлыг хасахаар тооцож байгаа гэнэ. Нэг ёсондоо асуудлаа биечлэн анхаарч цэгцлэхийн тулд сайдын тоог нэмсэн ч яамд нь цомхон, давхардалгүй, чадварлаг ажилтантайгаар ажиллах хувилбарыг АН санал болгож буй юм байна.
С.ТУУЛ