“УИХ-ын даргад АН-аас З.Энхболдыг нэр дэвшүүлэхдээ бидэнтэй зөвшилцөөгүй” гэсэн шалтгаар Анхдугаар чуулганд оролцохоос татгалзсан МАН-ынхан өнөөдөр хариугаа өгөх учиртай. УИХ-ын тухай хуулийн 9.2-т “УИХ-д хамгийн олон суудал авсан нам УИХ-ын даргад нэр дэвшүүлэхдээ бусад намтайгаа зөвшилцөнө” гэснийг тэд үндэслэж буйгаа мэдэгдсэн.
Гэвч “бусад” гэдэг нь бүх нам гэсэн үг биш. Тиймээс МАН-тай зөвшилцөх албагүй юм байна. 2008 онд ч МАН УИХ-ын даргад нэр дэвшүүлэхдээ ИЗНН-ынхантай зөвшилцөөгүй гэдгийг С.Оюун гишүүн сануулсан. УИХ-д олонх бүрдсэн л бол Анхдугаар чуулганыг үргэлжлүүлж, спикер болон Ерөнхий сайдыг сонгох боломжтой. Тиймээс МАНынхан өнөөдөр албан бичгийн хариуг өгөхгүй бол АН-ынхан, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын болон бие даагч гишүүд Анхдугаар чуулганыг үргэлжлүүлж, УИХын дарга, Ерөнхий сайдыг томилох аж. Юутай ч АН-ын зүгээс өнгөрсөн пүрэв гаригт УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлаар зөвшилцөх тухай албан бичгийг МАН-д хүргүүлсэн.
Баасан гаригт Бүлгийн гишүүдээ төлөөлж чуулганд орж ирсэн Н.Энхболд дарга “Тэр бичгийг өглөө жижүүрээс авсан. Одоо л намын дарга уншиж байгаа байх” гэсэн юм. АНын дарга Н.Алтанхуяг энэ байдлыг нь бяцхан “явуулж”, “10 алхмын цаана байгаа МАН-ын байр руу тэр бичиг их удаан очиж, та нар ч араас нь муу хөөцөлдсөн байна” гэсэн билээ. Пүрэв гаригт тэр бичгийг авах хүн МАН-ынхнаас олдоогүй учир жижүүр дээр нь орхисон гэх яриа ч байгаа юм. Баасан гаригт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаад Зөвшилцөх ажлын хэсэг байгуулжээ. Хууль эрх зүйн хувьд заавал тэдэнтэй зөвшилцөх албагүй гэдгийг 2008 онд хамтарсан Засгийн газар байгуулж үзсэн туршлагатай намынхан мэдэхгүй байна гэж үгүй. Үүнээс гадна Анхдугаар чуулганаар УИХ-ын даргыг томилсны дараа Бүлгүүд албан ёсоор байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулна. Тэр болтол бүлэг албан ёсных биш учир завсарлага авах эрхгүй юм.
Мөн УИХ-ын даргыг томилох эсэх нь Бүлгийн биш, гишүүдийн асуудал. УИХ-ын даргаа томилоогүй, Бүлэг албан ёсоор баталгаажаагүй байхад нэр дэвшигчийн асуудлыг МАН-ын бүлгээр ярих нь ч зүйд нийцэхгүй. Тэгэхээр тэд зүгээр л цаг хожихыг хүсчээ. УИХ-ын сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрч чадахгүй, гол дүр байх гэж хичээж буй бололтой. Баасан гаригийн үдээс хойш УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат МАНынхантай уулзсан байна. МАН-ынхан “Хэрэв З.Энхболдыг УИХ-ын даргаар томилуулах зөвшөөрлийг биднээс хүсэж байгаа бол…” гээд хэд хэдэн нөхцөл тавьжээ. Энэ нь Өвөрхангай аймгаас сонгогдсон хоёр гишүүнийх нь нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх гэх мэт өмнө нь хэвлэлийнхэнд дэлгэж байсан шаардлагууд нь байсан бололтой.
Харин АН-ын бүлгийн дарга “Хуулийн дагуу танай нам ямар нэг нөхцөл тавих эрхгүй. Бичгээр хариугаа өгнө үү” гэж хэлээд гарчээ. АН-ын зүгээс улс төрийн соёл гаргаж, өнөөдрийг хүртэл МАН-ыг хүлээх юм. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаад эцсийн хариугаа гаргах юм билээ. Тэд зөвшөөрсөн, эсвэл дэмжихгүй гэсэн ямар ч хариу өгсөн, Анхдугаар чуулган өнөөдөр үргэлжлэн хуралдана.
С.ТУУЛ