МАН маргааш Бага хурлаа хийж, УИХ-ын сонгуульд олонх болж чадаагүйн алдаа, оноогоо хэлэлцэнэ. Үүнээс уг хурлаар намын дарга болон намын ерөнхий нарийн бичгийн даргаа шинээр сонгох юм. С.Батболд ажлаа өгсний дараа УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Тиймээс түүний нэрийг Удирдах зөвлөлөөс уг албан тушаалд санал болгох хувилбар бий. Үүнээс гадна намын даргад М.Энхболд, Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил, Ё.Отгонбаяр нар “нэр дэвшиж” магадгүй гэсэн мэдээлэл байна.
М.Энхболд бол намын дарга байсан хашир улстөрч. Гэвч энэ жилийн сонгуульд МАН нийслэлд ялагдал хүлээсэн нь хотын фракцийг толгойлдог түүний нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. Намын даргад Ө.Энхтүвшинтэй өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай Н.Энхболд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга болсон учраас жагсаалтаас хасагдана. Ц.Мөнх-Оргилын тухайд “Долоодугаар сарын 1”-ний хэрэгт нэр нь холбогдож, асуудал үүсгээд буй.
Тэгвэл намаа олон удаагийн сонгуульд удирдаж ялалт байгуулж байсан Ё.Отгонбаяр хамгийн боломжтой хувилбар болж байна. Гэвч энэ эрхэмд өөрт нь намын дарга болох амбийц байхгүй гэсэн мэдээлэл бий. Ирэх дөрвөн жилд МАН-ыг удирдах эрхмийн нэр маргааш тодорно.
Г.ГЭРЭЛ