Олимпийн галт бамбар нээлтийн ёслолоос яг долоо хоногийн өмнө буюу баасан гаригт Лондон хотноо ирлээ. Бамбарыг Гилфордоос нисдэг тэргээр авчирсан байна. Улмаар бямба гаригт бамбар Лондоны 33 дүүргийг тойрох аянаа эхэлжээ. Бамбар теннисний тэмцээн болох Уимблдонд саатсан бол маргааш Темза мөрний хойд эргээр аялж, “Уэмбли” цэнгэлдэхэд хүрэлцэн ирнэ. Дараа нь Британийн ерөнхий сайдын оршин суудаг Даунинг стрит болон Букингемийн ордноор аялах юм байна.
Харин нээлтийн өмнөх өдөр буюу пүрэв гаригт Лондон хотын төв гудамж болох Оксфорд стритээр хоёр давхар автобус хөлөглөн ард иргэдтэйгээ “уулзах” төлөвлөгөө гарчээ. Лондоноор аялах долоо хоногийн хугацаанд хоёр сая иргэн бамбарын буухианд оролцох таамгийг зохион байгуулагчид гаргасан юм. Хэрвээ дээрх тооны хүн хамрагдвал бамбарт буухианд оролцсон хүний тоо 11 саяд хүрэх аж. Эцэст нь баасан гаригт бамбар Хэмптон кортоос завиар Темза мөрнийг туулан аялсаар нээлтийн ёслол болох олимпийн цэнгэлдэхэд ирэх юм байна.
БЕКХЭМИЙН ГЭР БҮЛ ОЛИМПИЙН ГАДНА ҮЛДЭХГҮЙ
Таван тивийн 200 гаруй орны тамирчид 16 хоногийн турш 302 багц медалийн төлөө өрсөлдөх олимпийн наадам эхлэхэд дөрөвхөн хоног үлдлээ. Зохион байгуулагчид олимпийн нээлтийн ёслол, тэр дундаа бамбар хэрхэн асаах талаар ганц ч үг дуугарахгүй байгаа. Гэхдээ хаалтын ёслолын хөтөлбөр олонд ил болжээ. Их британичууд хаалтын үеэр дэлхий нийтэд танигдсан томхон хамтлагуудаа дуулуулах гэнэ. Тухайлбал, бидний сайн мэдэх Take That, The Queen, Pet Shop Boys, Kaiser Chiefs, Elbow, One Direction, Oasis хамтлагууд хаалтын үеэр ая дуугаа өргөх нь. Мөн The Telegraph мэдээлснээр Spice Girls хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзан дээр гарч, 2000 оны эхээр хит болж байсан “Wannabe” дуугаа дуулах аж. Ингэснээр олимпийн наадмын үйл ажиллагаанд Бекхэмийн гэр бүлийн төлөөлөл ямар ч байсан оролцох нь.
Дэвидийн хувьд Их Британийн хөлбөмбөгийн шигшээд тоглох хүсэлтэй байсан ч талаар болсон. Харин эхнэр нь гэр бүлээ төлөөлөн олимпийн хөдөлгөөнд хувь нэмрээ оруулахаар болжээ. Түүнчлэн хаалтын арга хэмжээнд Кейт Мосс, Наоми Кэмпбелл, Лили Коул, Жоржиа Мэй Жаггер зэрэг супер моделиуд оролцох юм байна. Эцэст нь цэнгэлдэхэд цугласан 10 мянган тамирчин том дэлгэцээр гарах олимпийн үеийн торгон агшнуудыг сэтгэл догдлон үзэх юм. Сонирхуулахад зохион байгуулагчид хаалтын ёслолд гар бие оролцсон бүх хүмүүст бэлгэдлийн төдий цалин болох 1 фунтыг олгох аж.
ХАМГААЛАЛТАД АЖИЛЛАХ ЦЭРГИЙН ТОО НЭМЭГДЖЭЭ
Хэд хоногийн өмнө Болгарт явж байсан Израилийн жуулчдын автобусыг амиа золиослогч дэлбэлснээс болж найман хүн нас барж, 34 хүн шархадсан. Террористуудын энэхүү халдлага Лондоны олимпийг зохион байгуулагчдад нэгийг бодуулсан бололтой. Тиймээс аюулгүй байдлыг сахин хамгаалахад дахин 3500 цэрэг нэмж дайчлахаар болсон байна. Ингэснээр олимпийн наадмын хамгаалалтад ажиллах албан хаагчийн тоо 17 мянгад хүрчээ. Энэ нь Афганистанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн тооноос хоёр дахин их юм. Британичууд G4S хэмээх харуул, хамгаалалтын компанитай байгуулсан гэрээний дагуу тэндээс цэрэг татаж байгаа. G4S нь 125 оронд үйл ажиллагаа явуулдаг, дэлхийн хамгийн том хамгаалалтын компани аж. Харуул, хамгаалалтын нийт зардлын хэмжээ 1.55 тэрбум доллар болсон нь англичууд аливаа гэмт халдлага болохоос ямар их болгоомжилж буйн жишээ. Өдгөөгөөс 40 жилийн тэртээ Мюнхений олимпод алан хядагчид тамирчдын тосгонд нэвтэрч, Израилийн 11 тамирчныг хөнөөсөн хар түүх бий.
ИХ БРИТАНИ ЭХНИЙ ШАЛТГАЛТДАА БҮДРЭВ
1976 оноос хойш нэг баг болон нэгдээгүй Британийн хөлбөмбөгчид Лондоны олимпод зохион байгуулагчийн хувиар оролцохоор болсон билээ. Англи, Уэльсийн тоглогчдоос бүрдсэн Их Британийн шигшээ олимпийн өмнөх эхний болоод сүүлийн сорилго тоглолтоо Бразилийн эсрэг хийлээ.
Мидлсбро хотын “Riverside Stadium”-д болсон энэхүү уулзалтад зочин баг Бразил 2:0-ээр хожжээ. Эхлээд Неймарын стандартаас дамжуулсан бөмбөгийг “Тоттенхэм”-ийн хагас хамгаалагч Сандро мөргөн гоолын салхийг хагалсан. Дараа нь Халкыг торгуулийн талбайд нэвтрэх үеэр Ричардс дүрэм зөрчин унагааж, багаа хүнд байдалд оруулжээ. Пенальтийг Неймар амжилттай гүйцэтгэн эцсийн цэг тавьсан юм.
Бразил энэ тоглолтод хожсоноор олимпийн наадамд түрүүлэх магадлал өндөр гэдгээ харуулав. Бразилийн хөлбөмбөгчдийн хувьд түрүүлж үзээгүй цорын ганц тэмцээн нь олимп. Тиймээс энэ жил тун хүчтэй багийг Лондон руу илгээж байгаа. Харин С.Пирсийн залуусын хувьд хоорондоо ойлголцож, нэг баг болж амжаагй нь харагдлаа. үлдсэн багахан хугацаанд бэлтгэлээ сайн базаахгүй бол түрүүлэх нь байтугай медаль ч авахад бэрх. Их Британийн шигшээ долдугаар сарын 26-нд Манчестер хотын “Олд Траффорд” цэнгэлдэхэд Сенегалын эсрэг эхний тоглолтоо хийнэ. Тэдний багтсан “А” хэсэгт Уругвай, Арабын нэгдсэн Эмиратын шигшээ байгаа.
Их Британи-Бразил 0:2
Гоол: Сандро 12, Неймар 35 пен
Их Британи: Стил (Батлэнд 46), Тейлор, Бертранд (Синклейр 49), Томкинс (Каулкер 46), Ричардс (Доусон 74), Рөүз, Клеверли, Аллен, Гиггз (Рамси 63), Старриж (Корк 46), Беллами (Сорделл 64)
Бразил: Барбоза, Рафаэль, Т.Сильва, Жуан, Марсело (А.Сандро 80), Сандро (Данило 85), Ромуло, Оскар (да Сильва Лукас 68), Леандро Дамиао (Пато 74), Неймар, Халк (Паоло Энрике 68)
Г.БАЯР