Саудын Арабын бүсгүйчүүдэд Шариатын хууль үйлчлэх нь өнгөрсөн. Тэд эрх чөлөөнөөс тусгаарласан гивлүүрээ хол гэгч нь хаяад зуны ХХХ олимпод хүч сорих л үлдлээ. Бусад олимпийн хачин жигтэй оролцогчдын тухай өгүүлэхэд хамгийн түрүүнд Сиднейн олимпод живэх дөхсөн Экваторын Гвинейн усанд сэлэгч, Бээжинд хурд сорьсон Австралийн гей гүйгч санаанд орно.
Тэгвэл Африкийн хиймэл хөлтөн Их Британид уралдах нь бас нэг сюрприз. Зуны ХХХ олимпийг чимэх өөр оролцогчид ч байна. Дээр өгүүлсэнчлэн Шариатын хуулиар бүсгүйчүүд машин унах, гудамжаар зугаалах, олон нийтийн газар нүүрээ ил гарган явахыг цээрлэдэг билээ. Харин дөрөвхөн хоногийн дараа болох их олимпийн туган дор хөнгөн атлетикч Сара Аттар, жүдоч Вожан Шахрхани нар бусад орны эмэгтэйчүүдийн нэгэн адилаар хувцаслаж, аз заяагаа гайхан алхах нь тодорхой болсныг онцлох нь зүйтэй.
Сиднейн олимпийн усанд сэлэлтийн урьдчилсан шатанд Экваторын Гвинейн шумбагч Эрик Муссамбани, 100 м-т уралдахдаа живэх дөхжээ. Дөнгөж сэлж сурч буйн адилаар ус самардан, аврал хайсан түүнд сүүлийн 15 м дутуу байхад аврагчид ирж тусламж үзүүлсэн хөгтэй явдал гарчээ. Бүх хэрэг дууссаны дараа тэр “100 м хэтэрхий урт зай юм” хэмээн толгой сэгсэрсэн гэдэг. Бээжингийн олимпийн усанд үсрэлтийн тэмцээнд дуулиантай ялалт байгуулсан Австралийн Мэтью Мичем удалгүй гаж донтон гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Олимпийн дараа түүнд олон сайхан санал ирж, гэрээ байгуулах компаниуд хуйларсан ч “сэтгэцийн гажиг”- ийг нь арилгаж чадсангүй. Хоёр жилийн өмнө тэрбээр Кельн хотноо болсон гей нарын наадамд оролцсон бөгөөд гэмтлийн улмаас Лондоны олимпод хүч сорих боломж олдоогүй аж.
Олимпийн дөрвөн удаагийн аварга, усанд үсрэгч Грег Луганис ч мөн гомо байсан нь сонирхолтой. Атлантын олимпод оролцогч, Брунейн султаны дүү, мэргэн буудагч Жефри Болкиах бэл бэнчин зузаан нэгэн байжээ. Эх орондоо хувийн амьтны хүрээлэн, хэдэн зуун машин, арван онгоц, гучин эхнэртэй тэрбээр хөдөлгөөнт байны тэмцээнд дөнгөж 49-р байр эзэлсэн аж. Буугаа тэрбээр үнэт чулуугаар чимэглэсэн байсан гэдэг. “Сөүл-1988” олимпод Багамын дарвуулт завьчин Рэндолф Ноулз найм дахь наадамдаа өрсөлдөн дуулиан дэгдээв. 1948 оны Лондоны олимпод анх оролцон,1956 онд хүрэл медаль хүртэж, найман жилийн дараа Токиод аваргалсан тэрбээр Сөүлд 70 настайдаа хүч сорихдоо 33-тай Стивен Келлитэй хослон “сэлж” 19 дүгээр байр эзэлсэн түүхтэй. Тэгвэл 2012 оны олимпод ӨАБНУ-ын хөнгөн атлетикч Кастер Семеня тод мөрөө үлдээнэ.
Дэндүү эршүүд, генийн өөрчлөлттэй гэгдэж буй тэрбээр эмэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тэмцсээр,
олон ч шинжилгээ өгсний эцэст Лондоны олимпод өрсөлдөх эрх авчээ. Үүнтэй төстэй нэг тохиолдол гарсан нь Бразилийн жүдоч Эдинанси Фернандес да Силва бөгөөд хүйсээ солиулах мэс засал хийлгэсний дараа 19-тэйдөө анхны олимпдоо оролцжээ.
Атлантын олимпийн дараа тэрбээр гурван ч наадамд хүч сорьсон байна. Сонирхолтой нь амьдралынхаа дийлэнх жилүүдэд Силва косметик хэрэглэж, эмэгтэйчүүдийн хувцас өмсөж хэвшээгүй аж. Лондоны олимпийг чимэх бас нэг ер бусын тамирчин хиймэл мөртлөө хурдан хөлт Оскар Писториус.
Бээжингийн олимпод жирийн тамирчидтай уралдах хүслээ илэрхийлсэн боловч IAAF зөвшөөрөөгүй. Харин Лондонд л түүний мөрөөдөл биелэх нь тодорхой болсон юм. Тэрбээр эрүүл тамирчидтай өрсөлдөх анхны паралимпчин биш. Өмнөд Африкийн сэлэгч Наталья Дю Туа (зүүн хөл нь хиймэл), Польшийн теннисчин Наталья Партыка (баруун гар) нарын тамирчин эрүүл тамирчидтай өрсөлдсөн билээ. “Амстердам-28”-д олимпийн хошой аварга Унгарын Оливер Халашши оролцох шийдвэр гаргах нь амар байгаагүй. Авто осолд орсон, усан полочны хөлийг өвдгөөр нь тайрах шийдвэр эмч нар гаргасан юм. Гэвч энэ бүхэн Оливерийг мохоосонгүй, усан спортоор биеэ эмчилж, Унгарын 25 удаагийн аварга болсон түүхтэй. 1938 онд аавыгаа дайснуудаас хамгаалан тэмцэж байгаад тэр буудуулан нас баржээ.
Дашрамд дурдахад АНУ-ын гимнастикч Жорж Эйсер хиймэл хөлтэй мөртлөө энгийн тамирчдаас дутуугүй өрсөлдөж, регби тоглож байгаад баруун гараасаа салсан Шинэ Зеландын Мюррей Хальберг холын зайд хурдалсан түүхтэй. Бээжингийн олимпод оролцогч, итали хөнгөн атлетикч Ассунта Леньянтег золгүй хувь тавилан хүлээж байсан юм. Хараа муутай тэрбээр зээрэнцэг шидэлтийн тэмцээнд оролцсоны дараа харалган болжээ. Мэс засал хийлгэсэн ч сэхэл авсангүй. Өдгөө тэрбээр Лондоны олимпод оролцохоор зэхэж байна. Сиднейн олимпийн 400 м-т түрүүлсэн Кэти Фримен “Ногоон тив”-ийн бэлэг тэмдэг мөнөөс мөн. Өвөрмөц хувцсаараа бүхний анхаарлыг татсан тэрбээр алтан медаль хүртсэнийхээ дараа зэрлэг амьдралтай аборигенуудын тухай, өдгөө ч загасчлан амьдардаг, англиар ганц ч үг мэддэггүй, соёл иргэншлээс алслагдсан хүмүүсийн тухай өгүүлсэн юм.
Б.ӨЛЗИЙТОГТОХ