УИХ-ын 69 гишүүн тангаргаа өргөсөн Анхдугаар чуулганаас хойш дөнгөж өчигдөр даргатай боллоо. Хамгийн олон суудал авсан АН-ын зүгээс гишүүн З.Энхболдыг УИХын даргад нэр дэвшүүлж, тэр талаараа бусад намтай зөвшилцсөн. МАН-аас зөвшилцлийн хариуг дөрвөн өдрийн турш хүлээгээд өчигдөр олонх шийдвэрээ гаргав. МАН-д УИХ-ын даргад нэр дэвшигчийн талаар зөвшилцөх бичгийг хүргүүлээд дөрвөн өдөр хүлээсэн ч тэд хариугаа өгөөгүй, бас тус намын гишүүн Д.Дэмбэрэл хурал даргалах үүргээ гүйцэтгэсэнгүй.
“Нэг бичгийн хариуг дөрвөн өдөр хүлээлээ. Нэг намаас болж төрийн ажил гацах ёсгүй” гэсэн байр суурийг гишүүд илэрхийлж, Ч.Сайханбилэг “Энэ хуралдаанд ирсэн хамгийн ахмад гишүүн Л.Цогоор хурлаа удирдуулаад явъя” гэсэн санал гаргав. Хэдэнтээ уулзаж, лавлахад Д.Дэмбэрэл дарга “Даваа гаригт хурлаа удирдана” гэж хариулсан ч намынхаа шийдвэрт хүлэгдээд орж ирж чадаагүй юм.
Мөн тэрбээр АН-ын даргатай уулзах санал тавьжээ.“Шударга ёс” эвслийн Бүлгийн ахлагч Д.Тэрбишдагва “Баасан гаригт Д.Дэмбэрэл даргатай уулзахад даваа гаригт хурлаа удирдана гэсэн. Гэвч тэр хугацаа нь өнгөрчихлөө. Төрийн ажил цалгардалгүй үргэлжлэх ёстой учраас Ч.Сайханбилэгийн саналыг дэмжиж байна. Гэхдээ дуудлаа гэлгүйгээр “урьсан” гэж ойлгоод Д.Дэмбэрэл даргатай дахин нэг ярилцах хэрэгтэй байх” гэснээр Н.Алтанхуягийн хамт гарлаа. Тэр хооронд гишүүд байр сууриа илэрхийлэв.
Д.Эрдэнэбат: -Зөвшилцөх бичгийн хариуг дөрөв хоног хүлээлээ. Бид бичгээ өгч, Ажлын хэсэгтэй нь ч уулзсан. Одоо хангалттай. Төрийн ажил ийм удаан хугацаанд гацах ёсгүй. Олонхийн эрх мэдэл АН ба эвсэлд шилжсэнийг МАН ойлгох ёстой. Бид тав хоногийн турш хүлээж, улс төрийн соёл гаргалаа.
С.Оюун: -Өмнө нь УИХ-ын даргыг сонгоход парламентад суудалтай ИЗНН-тай олонх зөвшилцөж байгаагүй. Тэд олонх болохоороо зөвшилцөхгүй байж болдог, цөөнх байхаар зөвшилцөх ёстой болдог байж болохгүй.
М.Зоригт: -Аливаа нам хурлаа ажлын бус өдрөөр хийх ёстой. Гэтэл МАН зориуд ажлын өдөр Бага хурлаа хийж, төрийн ажилд саад боллоо. Д.Дэмбэрэл дарга орж ирэхгүй бол хурлаа үргэлжлүүлье.
Х.Тэмүүжин: -Анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч л зарлах эрхтэй. Түүнээс хамгийн ахмад гишүүн буюу хурал даргалагчид ийм эрх байхгүй. Д.Дэмбэрэл дарга үүрээ умартан, намын эрх ашгийг дээгүүр тавьж, Анхдугаар чуулганы үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар саатуулж байна. Дэгийн тухай хуулийн дагуу хурлын үйл ажиллагаанд саад болсон УИХ-ын гишүүний санал хэлэх эрхийг хасаж, гурван цагийн турш чуулганаас хөөдөг. Д.Дэмбэрэл дарга орж ирвэл хуулийн дагуу ийм хариуцлага тооцож, дараагийн даргалагчийг сонгоод явъя. МАН-ын бүлэг албан ёсоор байгуулагдаагүй байхад эрх мэдэл эдлэх гэж оролдож байна.
11.50 цаг. Н.Алтанхуяг, Д.Тэрбиш дагва нар орж ирлээ. Н.Алтанхуяг гишүүн “Д.Дэмбэрэл дарга маргааш 10.00 цагт баараггүй гэж байна” гэлээ. Ч.Сайханбилэг “Тамгын газраас лавлагаа авсан. Энэ чуулганд ирсэн хамгийн ахмад гишүүн нь Л.Цог байна. Тиймээс Л.Цог гишүүн хурлын даргын байрыг эзэлж, хурлаа үргэлжлүүлнэ үү. Санал хураагаад яах вэ, ямар насыг нь тогтоох гэж байгаа биш” гэсэн юм. Гишүүд Л.Цогийг УИХ-ын даргын суудалд суухыг урихад нөгөөх нь багахан эргэлзэв. Тэгээд “Олонхийн даалгавар гэж ойлгож байна. Санал хураахгүй ч гэсэн намайг дэмжиж буй, эсэхээ харуулаад гар өргөнө үү. Дараа нь маргаад байж магад” гэснээр гишүүд ярсхийтэл гар өргөж санааг нь амраав.
11.55 цаг. Л.Цог гишүүн УИХ-ын даргын суудалд сууж, 69 гишүүнээс 43 нь ирснээр ирц 62 хувь байгааг танилцуулсан. Ингээд хамгийн олон суудал авсан АН-ын дарга УИХ-д нэр дэвшигчээ танилцууллаа. Төрийн байгууллагад олон жил ажилласан туршлага, мэдлэгийг нь харгалзаад З.Энхболдыг санал болгосноо тэр хэлэв. Нэр дэвшигчээс Д.Ганхуяг, Н.Батцэрэг хоёр зарим зүйлийг асуулаа. Ахмад гишүүнээсээ эхлээд хуулиа зөрчдөг, намын эрх ашгийг төрийнхөөс дээгүүр тавьдаг өнөөдрийнх шиг байдалтай хэрхэн тэмцэхийг нь Д.Ганхуяг асуугаад “Хууль тогтоохтой ижил хэмжээнд хуулийн хэрэгжилтэд анхаарна” гэсэн хариу авлаа. Бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх, эсэх Н.Батцэрэгийн асуултад З.Энхболд “Өөрчлөх юм бий. Гэхдээ Тамгын газар бол Засгийн газар шиг эрс өөрчлөлт хийх боломжгүй бүтэц. Үндсэн хуульд заасны дагуу Тамгын газрын эрхийг бүрнээр нь хэрэгжүүлнэ” гэж хариулав.
Ц.Даваасүрэн: -Өмнө нь 10 гаруйхан хүн суучихаад ирц 39 гэж тооцоод л хууль баталдаг байсан. Тийм ч учраас муу хууль гарч байлаа. УИХ-ын дарга болвол та ирцээ бүрэн бүрдүүлж, хууль батлах үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж байгаарай. Мөн Оюутолгойн гэрээний алдааг энэ УИХ засах байх. УИХ-ын гишүүний дархлааг хангахад анхаарах хэрэгтэй. Төрийн байгууллагаас гишүүд мэдээлэл авах гэхээр үл хүндэтгэдэг тал бий.
Ж.Батзандан: -Өмнөх УИХуудаас ялгаатай байж, иргэддээ нээлттэй ажиллаарай. Иргэдийг хүлээн авах өрөөг илүү томсгож, тав тухтай болгох хэрэгтэй. Энэ мэт зохион байгуулалтын асуудалд санаа тавих нь чухал. Энэ мэтээр гишүүд захиасаа өгөв. Г.Уянга гишүүн анх удаа чуулганы танхимд үг хэлэхдээ хэдийнэ шийдчихсэн асуудлын араас “харуусчээ”. Тэрбээр “Энэ чуулган процедурын хувьд зөв эсэхэд би эргэлзэж байна. Хуульд хамгийн ахмад гишүүн хурал удирдана гээд хоёрдмол утгагүйгээр заачихсан. Гэтэл бид дараагийн ахмад гишүүнээр хурлаа удирдуулснаар Цэц дээр унах вий. Хүлээвэл буруудах зүйлгүй байсан шүү дээ. МАН, Д.Дэмбэрэл даргын л нэр хүнд унах байсан” гэж хэлээд Л.Цог даргаас “Та наад үгээ хурал эхлэхийн өмнө хэлэх байж дээ” гэсэн хариу сонсов.
А.Бакей гишүүн ийнхүү эргэлзэж байгаа хүмүүст тайлбар хийлээ. “УИХ-ын Дэгийн тухай хуулийн 11.2-т “УИХ-ын насаар ахмад гишүүн чуулганы хуралдаа ныг удирдана” гэж заасан байгаа. Чуулганы хуралдаан гэсэн байна шүү. Үүнийг нийт гишүүний, эсвэл тангараг өргөсөн гишүүдийн үү, эсвэл тухайн хуралдаанд оролцогчдоос хамгийн ахмад нь уу гэх мэтээр гурван утгаар ойлгож болно. Гэхдээ эхний хоёр утга нь явцуу юм. Хүнд ямар ч асуудал гарч болно, өвчин зовлон тохиолдоод хурал удирдаж чадахгүй бол яах юм. Тиймээс тухайн чуулганы хуралдаанд оролцогчдоос хамгийн ахмад гишүүн нь гэсэн утгаар ойлговол зөв. Энэ хуралдаан хуулийн хүрээнд болж байгаа. Үндсэн хуульд ч нийцэж байна” гэлээ.
УИХ-ын даргаар З.Энхболдыг сонгохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад 42 гишүүний 40 нь буюу 95.2 хувь нь дэмжлээ. Гишүүд алга ташиж, З.Энхболдод баяр хүргэсэн. Шинэ гишүүд анх удаа санал өгч бай гаа учир товчлуур дарахдаа будилж байсан юм. М.Гарамгайбаатар, Ш.Түвдэндорж яг ингэж будлиад эсрэг товч дарчихсанаа мэдээд сандралдав. Бусад нь тэднийг шоолсон бол Тамгын газрын ажилтнууд товчлуур яаж дарах талаар заавар өглөө. Үүний дараа УИХ-ын даргаар З.Энхболдыг томилж, тухайн өдрөөс хэрэгжих тухай тогтоолыг батлахад ахиад л Л.Цог, Д.Батцогт хоёр будилж, эсрэг товч дарсан юм. Бусад нь дэмжсэнээр зургаа дахь УИХ-ыг З.Энхболд дар га лахаар болов. Ингээд чуулганы тан химд УИХ-ын даргын тамгыг залж, хурал даргалагч Л.Цог түүнийг шинэ спикер З.Энхболдод гардуулан өгч, суудалд нь суулгав.
Хурал даргалсан Л.Цогд бусад гишүүн нь хүндэтгэл үзүүлэн алга ташиж байлаа. Аль нэг нам гэж явцууралгүйгээр бүх гишүүнтэй хамтран ажиллаж, мэдлэг туршлагаа дайчлахаа УИХ-ын шинэ дарга мэдэгдлээ. УИХ-ын даргыг сонгосны дараа намууд Бүлэг байгуулах тухай албан бичгээ өгөх ёстой. МАН-ынхан хуралд суугаагүй, “Шударга ёс” эвслийн хэн энэ бичгээ бэлтгээгүй байсан тул АН-ын дарга л шинэ даргадаа албан бичгээ өглөө. Бүлэг байгуулах тухай шийдвэр, гишүүдийн нэрсийг уншсанаар албан ёсных болдог.
ЕРӨНХИЙЛӨГЧ ШИНЭ СПИКЕРТ БАЯР ХҮРГЭВ
УИХ-ын даргаар З.Энхболдыг сонгосны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг хүлээн авч уулзан баяр хүргэв. Ерөнхийлөгч ард түмэн, улс үндэстнийхээ болон хууль, шударга ёсны эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж ажиллахыг УИХ-ын даргаас хүссэн байна. Мөн “Энэ УИХ-аас ард иргэд олон зүйл хүлээж байгаа. Тиймээс тэр бүхнийг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж, амжилттай ажиллаж чадна гэдэгт тань итгэж байна” гэжээ.
С.УУЛ