-Удирдах зөвлөл бүрэлдэхүүнээрээ огцорлоо
11.00 цаг. МАН-ын Бага хурал өчигдөр Тусгаар тогтнолын ордонд 60 гаруй хувийн ирцтэйгээр эхэллээ. 09.30 цагт хурал эхлэхээр зарласан ч 310 гишүүнээс нь цувсаар 11.00 цаг хүргэсэн юм. Бага хурал бүхэлдээ хэвлэлийнхэнд хаалттай болсон.
МАН-ын дарга С.Батболд, түүний өмнөх дпарга С.Баяр нар арын хаалгаар ордон руугаа нэвтэрсэн. Уг хурлаар УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд ялагдал хүлээсний хариуцлагыг удирдлагаасаа нэхэж, “шүүсэн” юм. Мөн Бага хурлынхаа өмнө Удирдах зөвлөл нь хариуцлага хүлээж, бүрэлдэхүүнээрээ огцорсон байна.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болох боломжтой хүмүүсийн нэгээр тодроод буй Ж.Сүхбаатараас Бага хурлын талаар асуухад “МАН хэдийгээр албан ёсоор сөрөг хүчин болоогүй ч энэ байр сууринд шилжинэ. Эрх баригчдын бодлогын алдаа, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, улс оронд тулгамдсан асуудлыг шийдэх санаачилгыг дэвшүүлэх нь хүчтэй сөрөг хүчний зарчим.
Засгийн газар байгуулах үйл яцвад оролцож чадахгүй болно гэдэг бол намд хэцүү. Бодлогоо хэрэгжүүлж чадахгүй гэсэн үг. Ийм нөхцөлд нам илүү дотогшоо ажиллах ёстой. Олон нийтэд итгэлээ сэргээхийн тулд төрийн үйл ажиллагаанд хүчтэй оролцож, шат шатны сонгуульд ялах ёстой. Үүний тулд боловсон хүчин, санхүү, дүрмийн шинэчлэл чухал. Үүнийг хийж чадахгүй л бол тухайн намын дэмжлэг буурна. Уг дэмжлэгийг нэмэх нь удирдах бүрэлдэхүүний гол үүрэг” гээд танхимаас нэрийг нь ерөнхий нарийн бичгийн даргад дэвшүүлбэл өрсөлдөнө гэдгээ хэлэв. Намын бага хурал дээрээ С.Батболд өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газрын хийсэн ажлыг тайлагнажээ. Бүх боломжоо дайчилж ажилласнаа хэлсэн байна. Мөн сонгуульд намаа ялагдуулсны хариуцлагыг удирдлага нь бүхэлдээ хүлээж буйг өчигдөр мэдэгджээ.
Ерөнхий нарийн бичгийн дарга нь УИХ-ын гишүү болж дүрмийн дагуу ажлаа өгсөн бол намын дарга болон Удирдах зөвлөлийн гишүүд нь ч хариуцлага хүлээж ажлаа өгсөн байна. Мөн сонгуульд нам нь ялагдсаны бурууг хууль эрх зүйгээс биш, бодлого үйл ажиллагаанаасаа эрж, ирэх жилүүдэд сонгогчдын итгэлийг олж авахын төлөө ажиллах ёстойг тэр хэлжээ. Дээрээс нь МАН-ын саналыг хоёрдуулсан МАХН-ын дарга Н.Энхбаярыг явуулга, санал тоолох автомат машины “но” ялагдахад нөлөөлсөн гэсэн аж.
Мөн сонгуульд АН-аас гурван хувиар бага санал авсан учир хоёр нам хоёулаа адилхан ялагдсан гэсэн дүгнэлт хийхээ ч мартсангүй. Ингээд энэ “хохирлыг” даван туулж, алсыг харсан зөв шийдвэр гаргахын тулд дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байх ёстойг сануулсан байна. Удирдах зөвлөлөөс намын шинэ даргад Ө.Энхтүвшинг, ерөнхий нарийн бичгийн даргад Д.Цогтбаатар, Г.Занданшатар нарыг дэвшүүлсэн бол танхимаас Э.Мөнх-Очир, Ж.Сүхбаатар нарыг санал болгосон байна. Дугаар шилжих мөчид Бага хурал үргэлжилж байлаа.
С.УУЛ