Засагт хамтарсан “Ардчилал-Шударга ёс” эвслийнхэн өчигдрөөс Засгийн газрын шинэ бүтцийг зөвшилцөх ажилдаа орлоо. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлаар улс төрийн хүчнүүдийн аль аль нь тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа. Гэхдээ улстөрчдийн дунд яригдаж буйгаар хэд хэдэн яамыг задалж, зарим агентлагийн чиглэл, үйл ажиллагааг өргөжүүлэн яамны статустай болгох нь нэгэнт тодорхой болсон. Ингэсээр урьдчилсан таамгаар АН-ын хамтарсан Засгийн газар 19 яамтай, 21 сайдтай ажиллаж магадгүй байна. АН, “Шударга ёс” эвсэл болон ИЗНН-тай 75:25 харьцаагаар байгуулагдах энэ Засгийн газарт ИЗНН нэг, “Шударга ёс” эвсэл дөрвөн яамыг тэргүүлэхээр тохиролцсон. Харин хэн нь, алийг вэ гэдэг нь Засгийн газрын бүтцийг эцэслэн тохирсны дараа тодрохыг эх сурвалж хэлж байна. Гэхдээ ганц сайдын суудал авах ИЗНН-ын хувьд БОАЖЯ-ыг өөрчлөн, Байгаль орчин Тогтвортой хөгжлийн яам болгох саналаа илэр хийл сэн. Үүнийг нь АН хүлээн авсан тул ИЗНН энэ яамыг хариуцах нь бараг тодор хой болжээ.

Харин “Шударга ёс” эвслийн хувьд “Таван хувьсгал”-аа хийж, хэрэгжүүлэх боломжтой хууль эрх зүй, нийгмийн хамгаалал, боловсрол, эдийн засгийн чиглэлийн яамыг тэргүүлэх сонирхолтой байна. Гэхдээ АН-ынхны хувьд чиглэлийн гол яамдыг хамтрагчдаа өгөх сонирхолгүй байна. Тиймээс одоо байгаа 11 яам болон зарим нэг агентлагийг яамны статустай болгож Засгийн газрын бүтцийг нэлээдгүй данхайлгах нь тодорхой болов. Ингэснээр яамдын үйл ажиллагаа чиглэл, салбараараа нарийсаж, үйл ажилллагаа нь хөнгөрнө хэмээн тайлбарлаж буй. Гэвч яамыг наймаар нэмж, 19-д хүргэснээр үйл ажиллагаа нь сайжирч, ард түмэнд хөнгөн шуурхай үйлчилж, хүнд суртал багасч чадах уу? Яамдын албан хаагчид салбар салбараараа хуваагдаж орон тоо нэмэгдэхгүй гэж буй ч сайд нарын эрх ямбыг дагасан төсөв хөрөнгийн зарцуулалт нэмэгдэх нь мэдээж. Ингэснээр парламентад хамгийн олон суудал авч, эрх баригч намын хэмжээнд статустай болсон АН-ынхны хувьд ялалтын бялууны хэлтэрхийг олон хүнд хүргэх боломж нээгдэнэ.
Харин ард түмэнд, татвар төлөгчдөд ямар ашигтай байх бол? Яамдыг жижиглэн салгаснаар төрийн хүнд суртал багасна, буурна гэдэг. Гэтэл амьдрал дээрээ тийм байж чаддаг бил үү. 2000 онд 11 яам, 15 сайдтай байв. 2004 онд 13 яам, 18 сайдтай болсон. 2007 оны арванхоёрдугаар сард С.Баяр Засгийн газрын тэргүүнээр томилогдоод Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан сайдын албан тушаалыг байхгүй болгож, Засгийн газар 16 гишүүнтэй болсон. 2008 онд 11 яам, 15 сайдтай ажиллаж байв. Харин одоо ЭБЭХЯ, ХЗДХЯ, НХХЯ, ХХААХҮЯ-ыг хоёр салгаж, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо болон Мэдээлэл, шуудан харилцаа технлогийн газрыг яамны статустай болгох юм байна. Ингэснээр 2012 оны Засгийн газар 19 яам, 21 сайдтай ажиллах нь. Үүнд:
1.Сангийн яам
2.Батлан хамгаалахын яам
3. Гадаад харилцааны яам
4.Боловсрол, шинжлэх ухааны яам
5.Соёлын яам
6.Эдийн засаг, шинэтгэлийн яам
7. Нийгмийн хамгаалал, хүн амын бодлогын яам
8.Хөдөлмөрийн яам
9.Эрдэс баялгийн яам
10.Түлш, эрчим хүчний яам
11.Байгаль орчин тогтвортой хөгжлийн яам
12.Зам тээврийн яам
13.Барилга, хот байгуулалтын яам
14.Үйлдвэржилт, хөнгөн үйлдвэрийн яам
15.Хүнс, хөдөө аж ахуйн яам
16.Хууль зүйн яам
17.Дотоод хэргийн яам
18.Мэдээлэл харилцаа холбоо технологийн яам
19. Эрүүл мэндийн яам
Засгийн газрын шинэ бүтэц ийм байх нь. Харин дээрх яамдыг тэргүүлэх сайд, дэд сайд нарын нэр дэвшүүлэлт, томилгооны талаар ярьж эхлээгүй байна. Тэр тусмаа АН-ын улстөрчдийн хувьд бялууны хэлтэрхий хүртэж чадах эсэх нь ирэх долоо хоногийн дунд хүртэл шөнө нойргүй хонуулах болол той байна. Харин “Шударга ёс” эвслийн хувьд зорьсон дөрвөн яамаа авч чадвал сайдууд нь бэлэн гэнэ. Шадар сайдаар Д.Тэрбишдавга, Эрүүл мэндийн сайдад Н.Удвал, Дотоод хэргийн сайдад Г.Цог нарын нэр тодорхой болсон. Харин Сангийн яамыг “Шударга ёс” эвслийнхэнд өгсөн тохиолдолд харьяалах зарим асуудлыг салгах аж. Тус яам зөвхөн төсвийн орлого, зарлага буюу Төрийн санг хариуцна.
Харин эдийн засгийн бусад асуудлыг шинээр байгуулагдах Эдийн засаг, хөгжил шинэтгэлийн яам зохицуулах бөгөөд энэ яамыг АНынхан өөрсдөө авахаар яригдаж байна. Тиймээс “Шударга ёс” эвслийнхэн Сангийн сайдад М.Энхсайханыг сойж байгаа ч АН-ынхан дэмжих эсэх нь тодорхойгүй байна. АН-ын улстөрчдийн хувьд сайдын амбиц нь сонгуулиас дутахааргүй өрсөлдөөнтэй байна. Тойрогт үзээд унасан Кёкүшюзан Батбаяр, Батын Батбаатар, Б.Мөнхтуяа Ц.Баярсайхан, Батж.Батбаяр зэрэг экс их хурлын гишүүдээс эхлээд, нэр дэвших квотоо булаалгасан “Жиип сервис”-ын Мөнх-Эрдэнэ, “Глобал удирдагч”-ийн Отгонбат зэрэг залуучууд сайдын суудалд өөрөө өөрсдийгөө сойгоод, марафондоо гарсан мэдээлэл байна. Ямар ч байсан шинэ Засгийн газрын бүтцийг энэ долоо хоногт багтаан хэлэлцэж дуусгахаар төлөвлөжээ.
Хэрэв дээрх бүтэц дэмжигдвэл “хонь бүрэн, чоно цатгалан” гэгчээр сайдын суудал аль алинд нь хангалттай хүрэлцэнэ. Харин 19 яам, тэднийг дагасан агентлаг, төрийн албаныхан ард түмний амьдралд хүртээмжтэй үйлчилж чадах эсэхийг цаг хугацаа харуулна биз ээ.