Анхдугаар чуулганыг даргалах ажлаас “бултаж”, намынхаа шийдвэрт хүлэгдэж, улмаар ёсзүйгүй гэх мэт шүүмжлэлд өртөөд байсан Д.Дэмбэрэл гишүүн өчигдөр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Анхдугаар чуулганыг үр гэлжлүүлэхээр олонх хэдэн өдөр хүлээсэн. Та намын биш бие даасан гишүүний хувиар хурал даргалагчаар сонгогдсон атлаа орж ирээгүй шалтгаан нь юу байсан бэ?
-Хуралдаа орж ирэхгүй байна, саатаж байна гэсэн. Би тийм хуралдааныг удирдаад зогсож байх хүн үү. УИХ-ын гишүүдийн тал нь байхгүй байна шүү дээ. Би чинь мэргэшсэн улстөрч, УИХ-ын хамгийн ахмад гишүүн. Тэгэхээр ард түмэн намайг “УИХ-ын гишүүдийнхээ талыг оруулж чадахгүй байж даргаа сонгуулаад байна” гэнэ шүү дээ. Уржигдар орой Ерөнхийлөгч надтай уулзсан. Төрийн тэргүүн “Хоёулаа чуулганыг зөвшилцөөн гээд яах вэ. МАН орж ирэхгүй бол хуралдаанаа үргэлжлүүлье” гэсэн.
Би “Тангараг өргөсөн гишүүдийн бараг хагас нь байхгүй хуралдааныг зохион байгуулбал улсыг яаж авч яваа болох вэ. Тиймээс та бид хоёрын хэн нь ч уг хуралдаанд оролцох хэрэггүй. Үүний оронд “Та намуудад зөвшилцлөө яаралтай хий” гэсэн үүрэг өгөх хэрэгтэй” гэсэн. Ерөнхийлөгч ч намуудын дарга нарт ийм үүрэг өгсөн. Өчигдөр өглөө Төрийн тэргүүнд “Би маргааш 10.00 цаг чуулганы хуралдааныг албан ёсоор зарлая. Бэлтгэл хангах үүргийг Тамгын газарт өгье” гэж хэлсэн. Тэр өдөр нь өнөөдөр (лхагва гариг) юм. Ер нь яарвал даарна гэсэн үг бий. Улс төрийн цаашдын ажиллагаанд сайнгүй нөхцөл байдал үүслээ, би харамсаж байна.
-Тамгын газар УИХ-ын даргын тамгыг хүлээлгэж өгсөн. Тэгэхээр бүх зүйл хуулийн хүрээнд, харин ч МАН хууль зөрчөөд байгаа юм биш үү?
-Тамгын газар бол УИХ, Байнгын хорооны хуралдаанд үйлчлэх үүргээ л биелүүлсэн. Нэгдсэн хуралдаанаас тавьсан шаардлагыг тэд биелүүлэх учиртай.
-УИХ-ын даргыг хууль зөрчиж сонгосон гэж МАН үзсэн. Таны байр суурь ижил байгаа юу?
-Шинээр сонгогдсон даргыг хууль бус гэж би хараахан хэлэхгүй. Гэх дээ эрх зүйн чадамж нь эргэлзээтэй байх нь даргад өөрт нь халгаатай. Чуулганыг даргалах амаргүй. УИХ-ын 76 гишүүн бол ард түмний төлөөлөл. Тэд тус бүртээ өөрийн бодолтой, асуудлыг олон талаас тайлбарладаг, бурууг зөвөөр ойлгуулж чадах хүмүүс. Дээрээс нь одоо гурван Бүлэгтэй гэх мэтээр нөхцөл байдал хүнд байна. Тиймээс болгоомжлуулаад байсан. Өнгөрсөн дөрвөн жилд бид зөвшилцөж, итгэл үнэмшилд суурилж ажилласан. УИХ зөв сайхан төлөвшвөл төрд, ард түмэнд хэрэгтэй. Тиймээс их чухал ажил байсан, одоо юу гэх вэ, жаахан харамсаж л байна. Монголын төр эхнээсээ морин дээр эмээлээ зөв тохоод мордсон бол хэрэгтэй гэдэг үүднээс би хуралдааны бэлтгэлийг хангаад өнөөдөр хийе гэсэн юм.
-24 цагийн дотор намууд Бүлэг байгуулах бичгээ өгөх ёстой. Гэвч МАН-ын хувьд хуулийн хугацаа өнгөрлөө. Одоо Бүлэг байгуулах эрхгүй болов уу?
-УИХ-ын дарга эрх зүйн чадамжтай эсэхийг намууд хоорондоо ярилцаж байж болох байх. Жолооны ард хэн суугаа нь биш, хэр ур чадвартай жолоодож байгаа нь чухал. Ингэж ажиллавал цаашид бүх зүйл сайхан болно.
С.ТУУЛ