Гурван жилийн өмнө дэлхийн аварга болсон орос боксчин Артур Бетербиев хоёр дахь олимпдоо оролцохоор бэлтгэлээ базааж байна. “Бээжин 2008”-д аваргалах боломж түүнд байсан ч шүүгчдийн балгаар хагас шигшээгээс хасагдсан билээ. Өдгөө тэрбээр шинэ жин болох 91 кг-д зодолдоно.
-Таны туйлын зорилго олимпод түрүүлэх явдал мөн үү?
-Үгүй ээ, заавал гүйцэлдүүлэх ёстой ажлуудын маань эхнийх нь.
-Шинэ жиндээ түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Аварга болохоос өөр зам үгүй. Том зорилго тавьж байж амжилтад хүрнэ шүү дээ.
-Нээлтийн ёслолд оролцох уу?
-Тийм ээ, энэ удаа боломжийг алдахгүй шүү. Бээжингийн олимпийн нээлтийн ёслолд би оролцоогүй. Учир нь маргааш нь тоглолт той байсан юм.
-Таныг олимпийн дараа мэргэжлийн бокс руу явна гэж сонинд бичсэн байсан...
-Үнэнийг хэлэхэд шийдвэрээ гаргаж амжаагүй л явна. Надад хэд хэдэн промоушнээс санал ирсэн л дээ. Ямартай ч Лондоны олимпийн үр дүнгээс шалтгаалж цаашид хэрхэхээ шийдэх байх.
Аргентиний төрийн тэргүүн бойкотлов
Аргентиний Ерөнхийлөгч Кристина Фернандес Лондоны олимпийн нээлтэд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Фолклендийн арлаас үүдэн хоёр орны харилцаанд сэв суусан учраас ийн тус улсын тэргүүн хясан боохоор шийдсэнээс гадна Засгийн газрын ганц ч төлөөлөгч Англид очихгүй аж. Британийн эрх баригчид энэ удаагийн олимпийн нээлтэд бүх улсын төрийн тэргүүнийг оролцуулж, түүхэн амжилт тогтоох хүсэлтэй байгаа билээ.
Эгч дүү Уильямсын хүсэл биелнэ
Эгч дүү Винус болон Серена Уильямс олимпийн теннисний ганцаарчилсан, хос, холимог хос тоглолтод оролцоно. “Гурван төрөлд оролцож нь бидний мөрөөдөл. Үүний тулд сайн формтой байх хэрэгтэй” хэмээн Винус өгүүлжээ. Теннисний тэмцээн долоодугаар сарын 28-нд эхлэх бол медалийн төлөөх тоглолт наймдугаар сард 4-5-нд болно. Түүнчлэн Винус олимпийн бамбарт буухиад оролцсон билээ.
Ираны тамирчид израильчуудаас зай барихгүй
Ираны шигшээ багийн тамирчид израильчуудаас “зай барих”-аа хойш тавьж, олимпийн наадамд тэдэнтэй хүч сорихоор болсныг тус улсын ҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Бахрам Афшарзад мэдэгджээ. Афин, Бээжингийн олимпод израильчуудтай таарсан тус улсын зарим тамирчин өрсөлдөхөөс татгалзсан удаатай. “Бид спортын үнэ цэнийг хүндэтгэж үзээд ямар ч улсын тамирчидтай тэмцэлдэхэд бэлэн байна” хэмээн Афшарзад өгүүлжээ.
Польшуудын найдлага тасарлаа
“Дэгү-2011” ДАШТ-ий тулгууртай харайлтын төрөлд дэлхийн аварга цол хүртсэн, Польшийн хөнгөн атлетикч Павел Войцеховски хөлний гэмлтийн улмаас тэмцээнд оролцолгүй хугацаа алдсанаар олимпийн эрх авч чадаагүй билээ. Польшийн ҮОХ түүнийг цагаан хуудсаар “Лондон-2012”-т оролцуулахыг зорьсон ч бэлтгэл сургуулилтын үеэр бэр тэл нь сэдэрч, тэмцээнд өрсөлдөх ямар ч боломжгүй болжээ. Ийнхүү польшууд нэг найдвараа алдав.
Америк гимнастикчдыг Геддерт удирдана
Өнгөрсөн жил Токиод болсон ДАШТ-д гаргасан амжилтаа Лондонд батлах эрмэлзэлтэй АНУ-ын гимнастикчид Жон Геддерт хэмээх дасгалжуулагчийн удирдлагад олимпийн наадамд оролцоно. Тэрбээр дэлхийн аварга Виберийг дасгалжуулж олон төрөлтийн аварга болоход онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Ноднингийн ДАШТ-д “Сэм авга”-ын гимнастикчид мөн багаараа тэргүүлж байв.
Лю Сян Лондоныг голжээ
БНХАУ-ын нэрт хөнгөн атлетикч Лю Сян олимпийн бэлтгэлээ Лондонд бус Германы Дюссельдорф хотноо базааж байна. Их Британийн нийслэлийн цаг агаарын байдал олимпийн аваргад таалагдаагүй учраас Германыг сонгосон бол олимпийн хотод дасан зохицохыг илүүд үзсэн Нанхиадын бусад тамирчин аль хэдийнэ Англид ирсэн ч бэлтгэлийн төв хүйтэн байсан тул өөр газар шилжихэд хүрсэн гэнэ. Лю Сян зөвхөн тэмцээн эхлэх өдөр л Их Британид очих аж. Өнгөрсөн долоо хоногт болсон “Алмаазан лиг”-ийн цувралд тэрбээр булчин нь өвдсөн шалтгаанаар оролцоогүй билээ.
Рогге Лондонд Мюнхений тухай дурсав
ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге Лондоны олимпийг Зохион байгуулах хороо аюулгүй байдалд онцгой анхаарч байгааг сайшаагаад “Лондоны гу дамжуудад цэргүүдтэй тааралдах нь энгийн тохиолдол гэж ойлгож болох юм. Аюулгүй байдал аливаа олимпийн хамгийн гол асуудал. Зочид, тамирчид тавгүйтсэн байдал ажиглагдахгүй байгааг би анзаарч байна. ХХХ олимп сайхан болно оо. ОУОХ “Мюнхень-1972” олимпоор гарсан гэнэтийн халдлагыг үр гэлж санадаг. Үүнээс хойш 40 жил өнгөрчээ” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр өгүүлэв.