МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордонд гурван өдөр болж өндөрлөлөө. Тус нам бага хурлаараа олон зүйлийг ярилцаж, намын шинэчлэлээ гүнзгийрүүлэх талаар багагүй маргалдаж, тодорхой шийдэлд хүрэв. Намын бага хурлаар гаргасан хамгийн том өөрчлөлт нь намын удирдлагуудаа шинээр сонгосон явдал байсан. МАН намын даргаараа Монголын “улс төрийн тогоо ”-нд олон жил “чанагдсан”, туршлагатай парламентч гэгддэг Ө.Энхтүвшинг томилсон. Тус намын жирийн гишүүд Ө.Энх түвшинг сонгосон нь маш зөв шийдвэр байсан гэж ам уралдан ярьж байсан нь түүнийг зүгээр нэг сонгоогүй болох нь харагдаж байлаа. Учир нь тэрбээр өнгөрсөн хугацаанд намаа хүнд үед нь удирдан залж, алдахдаа алдаж онохдоо онож явсан нэгэн. Тийм ч учраас түүнд энэ хариуцлагатай албыг хариуцуулах ёстой гэж олон хүн үзсэн байх.
Харин Ерөнхий нарийн бичгийн даргаар МАН-ын залуучуу дын байгууллагыг олон жил удирдсан Г.Занданшатарыг томиллоо. Намынх нь гишүүд түүнийг олонхоороо сонгосон гэх боловч Ө.Энхтүвшин өөрөө түүнийг санал болгосон гэсэн яриа дуулдаж байсан. Г.Занданшатарын хувьд МАН-д залуугаасаа элсэж халуунд нь халж хүйтэнд нь хөрч “Улаан сарнай “бүлгэмийг удирдаж явсан бас ч шаггүй улстөрч гэгддэг. Тэр ч үүднээсээ бага хурал эхлэхээс бүр өмнө түүнийг сонгогдоно гэсэн “бор шувуу” нисээд байсан билээ. Ерөөс бага хурлын үеэр олон санал шүүмжлэл өрнөсөн. Тэр ч үүднээсээ тэд хоорондоо ширүүхэн “авалцсан” байх. Намын гишүүдийн ярьж байсан гол сэдэв нь мэдээж өнгөрсөн сонгуулиас авах сургамж байлаа.

Намын бага хурлаар яригдсан өөр нэг шинэ зүйл нь тус намын удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэсэн санал шүүмжлэл байлаа. Нэг үгээр хэлбэл, сонгууль ялагдсан асуудлыг тэднээс асуух ёстой гэсэн нь ийн хүү нөлөөлсөн байж болохыг ч үгүйсгэхгүй. Ямартай ч нарийн бичгийн дарга нараа шинэчлэх ёстой гэдэг дээр бага хурлын нийт гишүүд санал нэгдсэн. Мэдээж өнөөдөр МАН цаашид шинэчлэлээ хэрхэн гүнзгийрүүлэх вэ гэдэг дээр гол анхаарлаа хандуулаад байгаа. Энэ утгаараа ч удирдах бүрэлдэхүүнийг шинэчилж байгаа нь ойлгомжтой. Ийм учраас л МАН-ын лидерүүд энэхүү хоёр эрхмийг чухал албан тушаалд сонгосон гэж ажиглагчид үзэж байна. Нөгөө тэйгүүр тэд ч намаасаа алдаж боломгүй үүрэг даалгавар авсан болохоор томоохон хариуцлага үүрч байгаагаа ойлгож байгаа биз ээ. МАН нарийн бичгийн дарга нараа ч залуучуудаар солих бодлого баримталсан нь тэдний хийсэн шинэ томилгооноос харж болно.
МАН саяын бага хурлаар нарийн бичгийн дарга нараа цөөлнө гэж байсан ч удтал хэлэлцсэний эцэст орон тооны болон орон тооны бус есөн нарийн бичгийн дарга нараа хэвээр нь үлдээхээр шийджээ. Нийслэлийн намын байгууллага хариуцсан нарийн бичгийн даргаар Ц.Мөнх-Оргилыг, Аймаг орон нутаг хариуцсан нарийн бичгийн даргаар Ж.Сүхбаатарыг, Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан нарийн бичгийн даргаар Д.Сарангэрэлийг, Сан хөрөнгө хариуцсан нарийн бичгийн даргаар Т.Бадамжунай нарыг тус тус сонгожээ. Эдгээр хүмүүст ирэх дөрвөн жил энэ намыг удирдан залах хүндхэн үүрэг ногдож байна. Өөрөөр хэлбэл тэд алдах эрхгүй хүмүүс гэсэн үг. Хэрвээ алдаа гаргавал дараачийн сонгуулиар өвдөг шороодно. Хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ.
Ж.БАТДОРЖ