“Лондон-2012” олимпийн наадамд оролцох Монголын 29 тамирчны тэмцээний хуваарийг толилуулж байна. Монголын багийн салхийг байт харваачид хагалах бөгөөд долоодугаар сарын 27-ны 09.00 цагаас (тэм цээний хуваарийг орон нутгийн цагаар бичив. Лондон хот Улаанбаатараас долоон цагийн зөрүүтэй) Ж.Гантөгс, Б.Урантунгалаг нар урьдчилсан харваанд цэц сорино. Харин маргаашнаас нь жүдочдын тэмцээн эхлэх юм. Эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ М.Уранцэцэг нар хамгийн түрүүнд татамид гарна.
Манайхан урьдчилсан шатаа амжилттай даваад байвал спорт сонирхогчид өдөр бүр тамирчдаа цэнхэр дэлгэцээр харах боломжтой. Манай тамирчдаас Лондоны олимпийн эрхийг хамгийн түрүүнд авсан, олимпийн багийн тугч Б.Сэр-Од уламжлал ёсоор сүүлчийн өдөр марафонд уралдах билээ.

Тринадад ба Тобагогийн АТА
Монголын буудлагын дасгалжуулагч Б.Алтанцэцэгийн шавь, “Бээжин” 2008 олимпийн наймдугаар байрын шагналт Ц.Мөнхзул олимпийн эрхээ авч чадаагүйд олон хүн харамсдаг билээ. Харин түүний багш Алтаа нь Тринидад ба Тобаго улсын гар бууны тамирчин Даниэль Рожерсийг дасгалжуулах урилга хүлээн авч, өдгөө Карибын тэнгисийн энэ улсын багийн гишүүний мандатыг зүүн, Лондонд хүрэлцэн иржээ.
Тринидад ба Тобаго улс нийт 25 тамирчинтай их тулаанд ирсэн бөгөөд Даниэль бууч Улаанбаатар хотноо олон удаа бэлтгэл хийж “монголжсон” тамирчин билээ. 1988, 1992 онд тамирчнаар, 2000, 2008 онд дасгалжуулагчаар олимпийн “утаа үнэрлэсэн” АТА маань ийнхүү тав дахь удаагаа “зодоглож” буй нь энэ ээ. Мөн 2002 оноос Герман улсын харьяат болсон Доржсүрэнгийн Мөнхбаяр ч бас немцүүдийнхээ хамт тосгонд буужээ.
Допингод “ЧӨДӨРЛҮҮЛСЭН” 107 тамирчин олимпод оролцох эрхээ хасууллаа
Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн мэдээлснээр 107 тамирчин допингийн шалгалтад бүдэрч, Лондоны олимпид тоосоо өргөж чадахаа больжээ. WADA-гийн тэргүүн Жон Фейхи Олон улсын олимпийн хорооны хуралдааны үеэр дээрх тамирчдын цусны шинжилгээнээс допинг илрүүлсэн баримтуудыг дурдаад сэргээш хэрэглэсэн тамирчид шинжээчдийг хуурах боломжгүй хэмээн онцолжээ. Олон улсын спортын холбоод болон Лондоны олимпийн наадам зохион байгуулагчид допинг илрүүлэх ажиллагаанд оролцсон юм байна. Чухам ямар улсын тамирчид эрхээ хасуулсан тухай мэдээлээгүй аж.
Бадамкагийн санаа амрав
Саяхан Триполи хотноо барьцаалагдсан Ливийн ҮОХ-ны Ерөнхийлөгч Набил Эл Салим эсэн мэнд зандалчдын гараас суллагдсан байна. Тэрбээр Каддафигийн хүүгийн тэргүүлж байсан ҮОХ, тэдний үйл ажиллагааг хурц шүүмжилдэг нэгэн байжээ. Мань эр 2009-2010 онд АНУ-д зохиогдсон Олон улсын олимпийн хорооны дасгалжуулагчдын дээд курст манай байтын багш Ц.Бадамхатантай тохой залган сууж байсан нэг ангийн анд гэнэм. Тэр бүү хэл, Ливийн ҮОХ-ны ерөнхийлөгч удахгүй Лондон хотноо ирж, олимпийн наадамд оролцох гэж буйг сонсоод Бадамка ба АНУ-ын нэг курсийн пуэрто рико, серби, пакистан найз нарынх нь санаа амарчээ.
Хамгийн залуу ба ...
Монголын багийн хамгийн залуу тамирчнаар нь усанд сэлэгч Гантөмөрийн Оюунгэрэл (1992), боксчин Нямбаярын Төгсцогт (1992) нар тодорлоо. Харин нэмэлт үзүүлэлтээр Барселонагийн олимпийн жилийн олимпийн баярын өдөр буюу 1992 оны зургадугаар сарын 23-нд мэндэлсэн, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсөө усчин охиныг “ялж”, залуугийн залуу тамирчнаар “шалгарсан” бол байт харваач, 40 настай Ж.Гантөгс ахмад нь болов. Харин ахмадын ахмадаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, нас сүүдэр 62 хүрч, зургаа дахь олимпдоо хүрэлцэн ирсэн Ч.Насантогтох өнгөллөө.
Гурван Ганзориг
Энэ удаагийн олимпод манайхаас гурван Ганзориг бүртгүүллээ. Олимпийн боксын холбооны ерөнхийлөгч, Эрдэнэтийн босс, гавьяат эдийн засагч, төрийн шагналт Чимиддоржийн Ганзориг, боксын гавьяат дасгалжуулагч Дашзэвэгийн Ганзориг, Байт харвааны холбооны ерөнхийлөгч, “Нийслэл-Өргөө” компанийн захирал Балхүүгийн Ганзориг нар Лондонд нэг дор байх нь ээ.
Э.ХАНА