"Таван цагариг"-ийн тусгай сурвалжлагч Ж.Отгонцагаан, Г.Баярсайхан нар Лондон хотоос мэдээлж
байна
Долдугаар сарын 27-ны баасан гаригт Лондоны хотын Стратфорд дүүрэгт орших “Olympic Stadium”-д “Лондон 2012” олимпийн нээлтийн ёслол боллоо. Стратфорд бол Лондоны хамгийн хөгжил муутай, бараг л ядуусын хороолол нь байсан. Тиймээс англичууд энэ бүс нутгийг хөгжүүлэх зорилгоор олимпийн паркаа тэнд байгуулахаар шийдсэн билээ. Одоо энд спортын том том цогцолборууд, Европт хамгийн томд тооцогдох худалдаан төв, шинэ барилга байгууламжууд сүндэрлэн босоод байна. Нээлтийн ёслол орон нутгийн цагаар 20 цаг 12 минутад эхэлсэн.
Британичууд агуу баялаг түүхтэй улс болохоо энэ үеэр дэлхий нийтэд харуулсан гэж болно. “Ядуусын хорооллын саятан” киногоороо Оскарын шагнал хүртсэн найруулагч Дэнни Бойл нээлтийн сценарыг дэглэсэн бөгөөд үүндээ Лондоны түүхэн замналыг багтаажээ. Их Британийн түүхэнд анх удаа “Тур де Франс” уралдааны ялагчаар тодорсон Брэдли Уиггинс аварга том хонхыг цохиж, нээлтийн ёслол эхэлснийг зарласан бол хатан хаан II Элизабета олимпийн наадам албан ёсоор эхэлснийг ёслол төгөлдөр зарлан тунхаглалаа. Ёслолын эхэнд жирийн тариачин, малчин ардын амьдралыг харуулж удаах хэсэгтээ аж үйлдвэрлэл хөгжиж буй хоттой танилцах боломжийг үзэгчдэд олгов. Мөн дуу хөгжмийн өлгий нутаг гэдгээ харуулж, үе үеийн алдартай дуунуудыг завсар нь шигтгэж байлаа.
Нээлтийн ёслолын жижигхэн хэрнээ нэгэн гол дүрд хатан хаан өөрөө тоглосон нь олон хүнд гэнэтийн сюрприз барив. Букингемийн ордонд Даниэл Крейг буюу тусгай тагнуул Жеймс Бонд орж ирэн хатан хаантай цуг Олимпийн цэнгэлдэхийг зорин хөөрөх бөгөөд цэнгэлдэхийн дээр ирэх үед Жеймс Бонд шүхрээр доош үсэрсэн нь өвөрмөц шийдэл болжээ.
Дараа нь Харри Портер, Питер Пэн, ахмад Кук зэрэг үлгэрийн баатруудын үзүүлбэр өрнөсөн. Түүнчлэн Британи төдийгүй дэлхий нийтийн танил болсон жүжигчин Мистер Бин буюу Р.Аткинсон ёслолын нэгээхэн хэсэгт тоглосон нь үзэгчдийг хөгжөөгөөд авлаа. Үүнээс хойш “Битлз”, “Роллинг Стоунс”, “Queen” тэргүүтэй Британийн домогт хамтлагуудын дуу үзэгчдийг байлдан дагуулсан. Британичууд “Лондон-2012”- ыг ногоон олимп болгоно хэмээн амласан билээ. Тэгвэл нээлтийн ёслолын арга хэмжээ мөн ногоон орчинд болсон нь олон хүнд таатай санагдсан буй за.
Сонирхуулахад зөвхөн нээлтийг явуулахын тулд 785 цагийн тасралтгүй бэлтгэл хийсэн бөгөөд арга хэмжээнд 15 мянган сайн дурынхан хамрагджээ. Нийт 60 мянга гаруй хүн цэнгэлдэхэд хүрэлцэн ирж, энэхүү гайхамшигт үйл явдлын гэрч болсон бол дэлхий дахинд тэрбум гаруй хүн цэнхэр дэлгэцээрээ тольдсон тооцоо гарсан байна. Олимпийн бамбарыг хэн, хэрхэн асаах бол гэдэг асуулт үргэлж олны анхаарлын төвд байдаг. Хүмүүс эхлээд хөлбөмбөгч Дэвид Бекхэм бамбар асааж магадгүй гэж тааварласан ч үгүй болж таарсан. Нэр хүнд, байгуулсан гавьяагаараа С.Коэ боломжтой хувилбар. Гэхдээ тэр өөрөө зохион байгуулах хороог даргалж байгаа учир бамбар асаахгүй нь тодорхой. Тиймээс олимпийн таван алтан медальт завьчин Стив Редгрейв байж магадгүй гэж таамаглах болсон юм. Гэтэл хэний ч санаанд ороогүй хүн буюу өсвөрийн долоон тамирчин хамтдаа Лондоны олимпийн бамбарыг асаалаа.
.jpg)



Сонирхуулахад олимпийн аварга болсон Британийн тамирчид эдгээр хүүхдийг санал болгосон аж. Алдарт Д.Бекхэм хурдан завь хөлөглөн Темза мөрнөөр давхисаар олимпийн бамбарыг цэнгэлдэхэд авчирч, Британийн домог Редгрейв бамбарыг түүнээс аван хүүхдүүдэд дамжуулсан юм. Ингэснээр хоёр долоо хоногийн турш дэлхий нийтийг соронздон татах олимпийн галт бамбар Лондоны тэнгэрт бадамлан аслаа. Таван цагариг бүхий олимпийн далбааг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн цэнгэлдэхэд залан авчирч, домогт боксчин Мухамед Али тэнгэрт хөөргөсөн нь нээлтийн ёслолын ээлжит сюрприз байв. Төгсгөлд нь домогт “Битлз” хамтлагийн гишүүн Пол Маккартни өөрийн зохиосон “Hey Jude” дуугаа цэнгэлдэхэд цугласан 60 мянган үзэгчийн хамт дуулснаар нээлтийн ёслол өндөрлөв. Ийнхүү дөрвөн жил хүлээсэн олимпийн наадам ёслол төгөлдөр эхэллээ. Ёслолын арга хэмжээ өвөрмөц байдал, уран нарийн зохиомжоороо түүхэнд тодоор бичигдэн үлдэх нь гарцаагүй. Дэлхий дахин энх тайвнаар, спортоор амьсгалж байна. Одоо спортын ариун талбарт чин шударгаар өрсөлдөх мөч ирлээ.
ЭХНИЙ ӨДӨР ГАНЦ ЯЛАЛТТАЙ
Монголын жүдочид наадмын эхний өдрөөс л татамид гарч, медалийн төлөө өрсөлддөг уламжлалтай. Найман жилийн тэртээ Х.Цагаанбаатар эхний өдөр медаль авч, монголчуудаа баярлуулж байв. Харамсалтай нь бямба гаригт зодоглсон манай хоёр залуу бөх хүсэн хүлээсэн амжилтаа үзүүлж чадсангүй. Хашир туршлагатай хоёр Болдбаатарын хамт эрхийн бүст багтаж, хамт олныхоо итгэлийг өвөрлөн Лондоны зорьсон Д.Төмөрхүлэг ганцхан тойрог барилдсан нь тоогүй. Түүний өрсөлдөгч нь тивийнхээ аваргаар гурвантаа тодорсон Бразилийн Фелипе Катадай байсан бөгөөд Төмөрхүлэг 2008 онд залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль авахдаа түүнийг ялж байв.
Харин энэ удаа манай бөх олигтой эсэргүүцэл үзүүлж чадахгүй байсаар вазари үнэлгээгээр дийлдлээ. Жингийнхээ эхний наймд шалгарч байж дагах эрхтэй болдог тул түүний олимп ийн өндөрлөв. Энэ жинд Оросын залуу бөх, армен гаралтай А.Галстян түрүүлсэн нь олон хүнд гэнэтийн сюрприз байв. Бээжингийн олимпийн жүдогийн тэмцээнээс ганц ч медальгүй буцаж шившгээ дэлгэсэн оросууд ийнхүү “Лондон-2012”-ын эхний өдөр л аваргатай болов. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглосон М.Уранцэцэгт медаль тун ойрхон байлаа. Нэг гоц мөргөөд 16-д үлдсэн манай бөх Казахстаны А.Подрядоваг вазаригаар түвэггүй буулган авч, шилдэг наймын тоонд багтав. Улмаар хэсгийн аваргын төлөө Бээжингийн олимпийн аварга Румыний А.Думитрутай тэнцүүхэн барилдаж, нэмэлт цагт дийлдсэн юм.
Дэвжээний шүүгч румын бөхийг хоёр удаа торгосноор Уранцэцэг үнэлгээ илүү болоод байсан. Гэвч цаг дуусахаас арваадхан секундын өмнө хариуцлагагүй мэхийн оролдлого хийгээд юүко алдах нь тэр. Ингээд үнэлгээ тэнцэж, цаг сунган барилдахад мөн л цагийн төгсгөлд ялагдлын гашууныг амслаа. Уранцэцэг өнгөрсөн жилийн ДАШТ-ий эхний тойрогт мөн л энэ бөхтэй таарч, цаг сунган барилдаад ялагдсан билээ. Гарт ороод байсан ялалтаа харамсалтай алдсан тэрбээр дагах барилдаанд Аргентиний П.Паретод хоёр торгуулиар дийлдэн долдугаар байр эзэлснээр олимпийг өндөрлүүллээ. Залуу бөхчүүд маань олимпийн наадам хэмээх энэ том тэмцээнд биеэ барьж, үндсэн барилдаанаа гаргаж чадаагүй санагдсан. Энэ ялагдал тэдэнд дараа дараагийн тэмцээний том туршлага болох биз ээ. Одоо дараагийн бөхчүүдийнхээ дээлийн захыг мушгин сууя даа.
БАЙТЫНХАН ТЭМЦЭЭНИЙ САЛХИЙГ ХАГАЛАВ
Олимпийн эрхээ гуйж биш, гуядаж авсан байтынхан Монголын тамирчдын тэмцээний салхийг хагаллаа. “Lord’s Cricket Ground”-д цэц мэргээ сорих манай тамирчид баасан гаригт урьдчилсан шатны сумаа тавьсан. Авсан оноогоороо байр эзэлж, хасагдах шатанд хоорондоо хэрхэн таарахыг шийдэх энэхүү харваанд манай хоёр боломжийн амжилт үзүүлсэн юм.
Тухайлбал, эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөж буй Жанцангийн Гантөгс урьдчилсан харваанд 669 онож, 64 тамирчнаас 19-д бичигдлээ. Тэрбээр энэ үеэр Монгол улсын дээд амжилтыг нэг оноогоор ахиулжээ.
Гантөгс эхний даваанд Ирландын Р.Банержетэй халз харвах оноолт таарсан. Хэрвээ түүнийг буулгаж авбал Польш, Бразилийн тамирчдын аль нэгтэй тулах юм. Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөх Бишиндээгийн Урантунгалаг 652 онож, 18-аас босч харвах эрхтэй болов. Ингэснээр 47-д эрэмбэлэгдсэн Их Британийн А.Уильямстай халз харвах юм. Тэд долдугаар сарын 31-нд хасагдах шатанд өрсөлдөнө.