МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын гишүүн болгох гэж нам, эвслийнхэн нь байдаг арга чаргаа хэрэглэж байна. Түүнийг шүүх хурал есдүгээр сар хүртэл хойшилсон. Үүнээс нь өмнө амжаад УИХ хэмээх “дархан” газрын босгоор алхуулчихвал айдаггүйгээ авдартаа хийчих гээд байгаа юм. Н.Энхбаяр, түүний хүү Э.Батшугар, академич С.Нарангэрэл нарын сонгогдох эрхийг СЕХ хууль бусаар хассан гэсэн тус намынхны гомдлыг Цэц үндэслэлгүй гэж үзээд эцсийн шийдвэр гаргасан. Гэвч МАХН-ынхан гандан буурахгүй нь.
“ШУДАРГА ЁС” ЭВСЛИЙН ХОЁР ГИШҮҮН ТАНГАРГАА ӨРГӨНӨ
МАХН, МҮАН-ынхан гурван гишүүнийхээ сэтгэл санаагаар “тоглож” байна. Дээрх гурван хүн анх тус эвслийн жагсаалтаар нэр дэвшигчдийг тэргүүлж байсан. Гэвч СЕХ тэднийг жагсаалтаас хассан тул дараагийн гурав нь дугаар ахисан юм. СЕХ-ноос Ерөнхийлөгчид өргөн барьсан нэрсийн дунд Ц.Цолмон, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нар багтсан. Гэвч Анхдугаар чуулганаар гишүүд тангараг өргөж, бүрэн эрхээ баталгаажуулах үед “Шударга ёс” эвслийн өнөө гурвыг үлдээчихсэн.
Н.Энхбаяр, Э.Батшугар, С.Нарангэрэл нарын сонгогдох эрх зөрчсөн асуудлаар Цэцийн дүгнэлтийг хүлээнэ гэсэн шалтгаанаар шүү дээ. Цэц “Эрх нь зөрчигджээ” гэж үзэх юм бол гурван хүнээ солих гэсэн юм. Гэвч бүтсэнгүй. Одоо өнөөх гурав нь тангаргаа өргөх ёстой. Төрийн ордонд тэдэнд өрөөг нь хүртэл бэлтгэчихээд байдаг. Тэгвэл эвслийн Удирдах зөвлөл хуралдаад Ц.Оюунбаатарыг дахиад л хүлээлгэх хэрэгтэй гэж шийджээ. Шалтгаан нь Н.Энхбаяр. Тус эвсэл хамтарсан Засгийн газрыг бүрдүүлэх нь тодорхой болсон. Тиймээс МАХН намын даргынхаа нэрийг цэвэрлэх, ямар нэг “бялуу”- наас зүсэм хүртээх замаар Н.Энхбаярын алдсан эрх мэдлийг сэргээхийг хүсэж байгаа.
Эвслийн хуульчид Цэцийн гишүүдийн мэргэн ухаанд эргэлзэж буй аж. Тэд “Н.Энхбаярыг нэр дэвшигчдийн жагсаалтаас үндэслэлгүй хассан” гэсэн дүгнэлт хийсэн тул дахиад Цэцэд хандахаар болсон юм билээ. Гурван хүнээ зэрэг тангараг өргүүлчихвэл Н.Энхбаярыг “шингээх” орон зай УИХ-д үлдэхгүй. Тиймээс Ц.Оюунбаатарыг золио сонд нь “шидэх” гэнэ. Гэхдээ Цэц эц сийн шийдвэр гаргачихсан. Үндэслэлийг нь жаа хан өөрчлөөд илгээсэн өргөдлөөр нь Цэц өмнөхөөсөө эсрэг шийдвэр гаргах нь юу л бол. Юутай ч энэ бол МАХН-аас Н.Энхбаярыг УИХ-д зүтгүүлэх сүүлчийн мэх болж байна.
С.ТУУЛ