Лондон-2012 зуны олимпийн наадмын нээлтэд манай улсын Ерөнхийлөгч оролцсон билээ. Тэрбээр Монголын багийн тамирчдаа дэмжихээс гадна хэд хэдэн орны төр, засгийн тэргүүнтэй уулзах хөтөлбөртэй явсан. Энэ ёсоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Йоркийн гүн, Хунтайж Эндрютэй уулзлаа.
Хоёр орон дипломат харилцаа тогтоогоод 50 жил болж буй юм байна. Монгол-Британийн харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа худалдаа хөрөнгө оруулалтын чиглэлээр өргөжин хөгжихөд Хунтайж Эндрюгийн оруулж буй хувь нэмэр өндөр болохыг Төрийн тэргүүн тэмдэглэв.
Мөн “Британи Улс Өрнөдийн орнуудаас хамгийн анх Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон. Монгол Улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж , хөрөнгө оруулагчдын зүгээс бидэнтай хамтран ажиллах сонирхол улам бүр нэмэгдсээр байна.
Манай хоёр орны хувьд уул уурхай, банк санхүү, хөрөнгө оруулалт, боловсролын чиглэлээр хамтран ажиллах сонирхол харилцан нэмэгдсэн. Ирэх даваа гаригт Лондон хотноо болох МонголБританийн бизнес форумд 200 орчим бизнес эрхлэгч оролцож байгаа нь үүний тод илрэл юм. Дэлхийн банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн нэгэн томоохон төв болсон Лондон хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь Монголын энэ чиглэлийн салбарын хөгжилд томоохон түлхэц болох нь дамжиггүй. Боловсрол бол бидний хамтын ажиллагааны нэгэн чухал салбар. Монголын боловсролд Кэмбрижийн стандартыг нэвтрүүлж эхлээд байна. Британийн хөрөнгө оруулагчдын зүгээс Монголд дээд боловсролд хө рөнгө оруулах нь стратегийн хувьд чухал гэж үзэж байна” гэжээ. Йоркийн гүн Хун тайж Эндрю Ерөнхийлөгчтэй санал нэг байгаагаа илэрхийлээд боловсролын салбар, байгальд ээлтэй уул уурхайн технологийг нэвтрүүлэх чиглэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаагаа ярив.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Йоркийн гүн Хунтайж Эндрюг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урив. Түүнчлэн Ерөнхийлөгч олимпийн наадмын нээлтийн үеэр Английн Хатан хаан II Элизабетатай уулзсан байна. Тус улс зуны ХХХ олимпийг амжилттай зохион байгуулж байгаад нь баяр хүргээд, олимпийн наадмын тухай болон хоёр орны харилцааны зарим асуудлаар санал солилцжээ. Үүнээс гадна тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Ж.Рогге, Их Британийн Ерөнхий сайд Ж.Камерон, Хунтайж Чарльз болон Хатан хааны гэр бүлийнхэнтэй уулзаж ярилцлаа. Лондон-2012 зуны олимпийн наадмын нээлтэд төр засгийн 90 орчим тэргүүн, өндөр дээд хэмжээний зочид оролцсон байна.