-МАН-д өгсөн зөвшилцөх бичгийн хариуг хүлээлгүйгээр Анхдугаар чуулганыг үргэлжлүүлсэн нь хууль бус гэж тэд үзэж байна. Мөн Цэцэд хандсан юм билээ. АН яарснаараа ямар үр дүнд хүрсэн бэ?
-Бид зөвшилцөх бичгээ өгчихөөд хариуг нь 5-6 хоног хүлээсэн, энэ хооронд төрийн ажил саатсан. Нэг хүн, нэг нам гэдийчихээр Монголын төр гацдаг байж болохгүй. Өвөлжилтийн бэлтгэлээс эхлээд хийх ажил их байна. Мундаг том биш юм гэхэд цаг үеийн шинжтэй шинэчлэл хийх хэрэгтэй. Энэ бүхнийг хуулийн дагуу шийднэ. Анхдугаар чуулганы хурал даргалагч орж ирэхгүй бол тухайн хуралдаанд ирсэн ахмад гишүүнээр даргалуулаад л явна шүү дээ. Хурал даргалагчийн эрүүл мэнд муудсан тохиолдолд эдгэртэл нь хүлээж, төрийн ажлыг гацаах уу. 2008 оны сонгуулиар Увсад ийм байдал үүссэн юм билээ. Тэр үед АН-ынхан хуулийн дагуу саяынх шиг ажиллаад л явсан.
-МАН УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй байгаа үед Байнгын хороодыг байгуулах боломжгүй байх. Байдал гацаанд орчихсон юм биш үү?
-Гарц олдох байх. Болох талаас нь харъя. МАН-ын хурал нэг биш 2-3 өдөр үргэлжиллээ. Тэд хурлаа дууслаа, одоо ярилцана байх. Гол нь цаг хугацаа алдаж байгаад асуудал үүсэх вий.
-Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ер нь ямархуу байх вэ?
-Шинэ Засгийн газар нээлттэй, тунгалаг ажиллана. УИХ эхлээд Ерөнхий сайдыг томилох ёстой. Үүний дараа Ерөнхий сайд бүтэц, бүрэлдэхүүний асуудлаа өргөн барьдаг.