Шотландын шар айрагны “Brew Dog” гэдэг жижиг компани олимпийн эсрэг рекламны кампани өрнүүлсэн тухай “The drinks business” мэдээлэв. Кампанийн уриа “Never mind the anabolics” (Анаболикийн тухай санахын ч хэрэггүй) агаад тус үйлдвэр ийм нэртэй бүтээгдэхүүнийг XXX олимпийн нээлтийн өмнөх өдрөөс эхлэн хязгаарлагдмал тоогоор худалдаанд гаргажээ. Бүтээгдэхүүний шошгон дээр алтан медаль дүрсэлж, “Цэвэр үеийнхэнд зориулав” гэсэн өгүүлбэр хадсан аж.
Энэхүү шар айраг нь олимпийн болон ер мэргэжлийн тамирчдын хэрэглээнд албан ёсоор хориотой стероид, креатин, гинкго, коланы самар, гуарану зэргийг найрлагадаа агуулжээ. “Brew Dog” компани түргэн хоолны компаниудыг спортын тэмцээн уралдааны спонсороор сонгосон Лондоны олимпийн зохион байгуулагчдад шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Энэ алхам нь олимпийн ивээн тэтгэгчдэд хандах хэрэглэгчдийн итгэлийг хөсөрдүүлж мэднэ гэж “Brew Dog” үзэв. Тамирчид хүч чадлаа нэмэгдүүлж, уралдаан тэмцээнд үзүүлэх амжилтаа дээш лүүлэх зорилгоор химийн нэгдэл стероид агуулсан эм, бэлдмэл хэрэглэх нь байдаг.
Анаболик стероид буюу нийлэг аргаар гаргасан дааврын бэлдмэл тусгай зөвшөөрөлгүй хэрэглэхийг АНУ-д гэхэд хуулиар хориглодог. Зуны XXX олимпийн эсрэг рекламны кампани өрнүүлсэн анхны тохиолдол энэ биш. Британийн дарсны дэлгүүрийн сүлжээ Oddbins олимп эхлэхийн өмнөх долоо хоногт худалдан авагчдад 30 хувийн хямдралтай үйлчилжээ. Үүнд Лондоны олимпийн албан ёсны спонсоруудын өрсөлдөгч болох автомашины түлхүүрээс авахуулаад хувцас хүртэлх цөөнгүй бүтээгдэхүүн багтсан гэнэ.