БУУДЛАГА
Тав дахь олимпдоо оролцож буй Отрядын Гүндэгмаа өчигдөр хийн гар бууны 10 м-т эхний шалгалтаа өглөө. Уг дасгалд 49 тамирчин онч сорьсоноос манай тамирчин 380 оноогоор 18 дугаар байр эзэлсэн бол Германы харьяат Д.Мөнхбаяр 378 онож 25-д орсон байна. Гүндэгээ хийн гар бууны 10 м-т “Атланта-96“-д 30 (372), “Сидней-2000”-д ес (382), “Афин-2004“-т 16 (380), “Бээжин-2008”-д 12 (382) дугаар байр тус тус эзэлж байжээ.
Бээжингийн олимпийн дэд аваргын дархан дасгал спорт гар бууны 25 м-ийн тэмцээн наймдугаар сарын 1-нд зохиогдох бөгөөд энэхүү төрөлд тэрбээр оролцсон олимп бүхэндээ медалийн төлөө тэмүүлдэг уламжлалтай. Д.Мөнхбаярын хувьд олимпод хийн гар буунд дээд тал нь зургадугаар байр (2004 он, 481,9 оноо) эзэлсэн юм. 1.Гуо Веньзюн (БНХАУ) 488,1 (388+100,1) 2.Силинь Гобервилле (Франц) 486,6 (387+99,6) 3.Олена Костевич (Украин) 486,6 (387+99,6)
ЖҮДО
Олимпийн наадмаас бусад бүх томоохон тэмцээнд аваргалаад буй Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар нэгийн даваанд хийлж, хоёрдугаар тойрогтоо Тайванийн Ту Кай Венийг вазари үнэлгээний давуугаар хожоод, гурав дахь учраа болох Их Британийн Колин Оатест юүко үнэлгээгээр дийлджээ. Хоёр бөх үнэлгээ авалцаагүй, өрсөлдөгч нь нэг торгуультай барилдаан үргэлжилж байхад дэвжээний эзэн орны бөх цаг дуусахаас тавхан секундын өмнө шийдсэн мэх хийж, юүко үнэлгээ авсан юм. Гавьяат тамирчин М.Бундмаагийн хувьд эхний тойрогтоо Гаитигийн Леноус Десравиныг 2 минут 10 секундэд хутгаж цэвэр ялаад, олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хошой мөнгөн медальт Кубын Бермойд хоёр вазари үнэлгээ алдан хожигдлоо. Манай бөх хоёр ч ДАШТ-д түүнд ялагдаж байсан бөгөөд Парисын “Их дуулга”-аар хариугаа авч байсан билээ. Гэвч Бундмаа олимп эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө бэртэл авч, шөрмөс нь сунасан нь нөлөөлсөн бололтой идэвх муутай барилдсаар куба бүсгүйд гурав дахиа хожигдлоо.
УСАНД СЭЛЭЛТ
Монголын багийн залуу сэлэгч Г.Оюунгэрэл 100 мийн өврөөр даллах сэлэлтийн урьдчилсан шатанд эхний группт уралдлаа. Зургаан хэсэг тус бүрт зургаан тамирчин хуваагдан хурд сорьсон бөгөөд манай бүсгүй 1.27,17 үзүүлэлтээр хэсэгтээ ганцхан сэлэгчийг ардаа орхижээ. Өврөөр даллах 100 м-ийн сэлэлтийн аваргууд өнөөдөр тодорно. БОКС Монголын боксчдоос “Лондон 2012”-ын салхийг ОУХМ Б.Түвшинбат хагалж, 69 кг-ийн жинд шөвгийн 16-д үлдэх тулаанаа Габоны Митоумбатай хийлээ. Уг тоглолтод манай тамирчин эхнээсээ илүүрхсээр гурван үед 17:4 (5:1, 6:1, 6:2)-өөр давамгайлсан юм. Тэрбээр дараагийн тоглолтоо наймдугаар сарын 3-нд Улаанбаатарын цагаар 21.45-д хийнэ.
МЕДАЛЬ АВСАН УЛСУУД
Алт Мөнгө Хүрэл Нийт
1.БНХАУ 6 1 2 9
2.АНУ 2 3 2 7
3.Итали 2 2 2 6
4.БНСУ 1 1 2 4
5.Бразил 1 1 1 3
6.Голланд 1 1 0 2
7.БНАСАУ 1 0 1 2
7.ОХУ 1 0 1 2
9.Австрали 1 0 0 1
9.Гүрж 1 0 0 1
9.Казахстан 1 0 0 1
12.Япон 0 2 2 4
13.Франц 0 1 1 2
13.Унгар 0 1 1 2
15.Колумб 0 1 0 1
15.Куба 0 1 0 1
15.Их Британи 0 1 0 1
15.Польш 0 1 0 1
15.Румын 0 1 0 1
20.Бельги 0 0 1 1
20.Канад 0 0 1 1
20.Норвеги 0 0 1 1
20.Серб 0 0 1 1
20.Словак 0 0 1 1
20.Украин 0 0 1 1
20.Узбекистан 0 0 1 1