Өвөрмөц амлалт
АНУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн гишүүн Елена Пирожкова Лондоны олимпоос алтан медаль хүртэнэ гэдэгтээ итгэлтэй буйн илэрхийлэл болгож, багийн ахлагч Мишель Обамаг тамирчидтайгаа уулзах үеэр нь гар дээрээ сийх ч үгүй өргөсөн байна.
USA Today-д мэдээлснээр тэр Цагаан ордны эзэгтэйгээс нэг бус удаа гуйсны эцэст түүнийг өргөх зөвшөөрөл авсан аж. Орост төрж, АНУ-д өссөн тэрбээр ДАШТ-ий мөнгөн медальт, Пан-Америкийн гурван удаагийн аварга аж.
Шагчдыг баривчилжээ
Цагдаа нар тэмцээний тасалбарыг хууль бусаар зарахыг зэхэж байсан 16 хүнийг баривчилжээ. Хотын зүүн хэсэгт Олимпийн парктай зэргэлдээ орших Стрэнфорд болон “Уимблдон”-ы цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо шагчид “ажиллахаар” бэлтгэсэн бөгөөд тэдний дунд 57 настай герман эр, 30 настай словак эмэгтэй байжээ. Камераас харахад тэд ганц ч тасалбар борлуулж амжаагүй гэнэ.
Дөрвөн тамирчин сэргээш хэрэглэжээ
Лондоны олимпод оролцогч дөрвөн тамирчин допингийн шинжилгээнд бүдэрчээ. Албанийн 19 настай туйванч Хусен Пулаку, Туркийн Фатих Байдар, Ибрагим Арат нар хориотой бэлдмэл хэрэглэсэн нь илэрсэн байна. 29-тэй Байдар Европын АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бол 23-тай Арат мөн тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлсэн юм. Мөн Узбекистаны уран сайхны гимнастикч Луиза Галиулинагийн цуснаас фуросемид илэрсэн тул тэмцээний талбарыг орхихоос өөр аргагүй болсон аж.
Туркийн боксын босс нас барлаа
Туркийн боксын холбооны тэргүүн Байр Алтуг Лондон дахь зочид буудалдаа амьсгал хураажээ. Олон улсын сонирхогчдын боксын холбооны шүүгчдийн комиссын гишүүн тэрбээр зүрх нь зогссоны улмаас үүрэгт ажлаа хийж чадалгүй таалал төгссөнийг эмч нар оношилжээ. Хойд Солонгосын туйванч рекорд тогтоов Хүндийг өргөлтийн эрэгтэйчүүдийн 56 кг-д хойд Солонгосын туйванч Ом Юн Чол 168-ыг шахсанаар (нийлбэр 293 буюу125+168) олимпийн дээд амжилт тогтоожээ. Тус төрлийн ялагчид сонин хэвлэлтэд шилжих үед тодроогүй байв.
Хиймэл хөлтийн амраг нь Оросын загвар өмсөгч
Лондоны олимпод энгийн тамирчидтай уралдах ӨАБНУ-ын гүйгч Оскар Писториус ОХУ-ын загвар өмсөгч Анастасия Хозисоватай дотно харьцаатай нь тодорхой болжээ. 25 настай хиймэл хөлтийн шинэхэн амраг нь 32-той бөгөөд тэд сарын өмнөөс дурлалын “романс”-аа үүсгэжээ. Олимпийн 4х100 м-ийн буухиад уралдах тэрбээр өөрийн твиттертээ “Миний хамгийн аз жаргалтай өдөр ирж байна. Их олимпод ч, паралимпт ч би өрсөлдөнө. Надад итгэл хүлээлгэсэн хүн бүхэнд баярлалаа” хэмээн сэтгэгдлээ бичиж үлдээсэн байна.
Энэтхэгүүдийг үл таних эмэгтэй толгойлов
Олимпийн нээлтийн ёслолд Энэтхэгийн шигшээ багийн тугчийн хажууд үл таних эмэгтэй явсан тухай Times of India-д бичжээ. Цэнхэр жинсэн өмд, улаан цамцтай, хар гутал жийсэн энэ бүсгүй тус улсын тамирчдын сүр алдрыг дарсан хэмээн тэд үзэж байна. Үл таних эмэгтэй цэнгэлдэхэд багийнхантайгаа байх хүсэлтээ Олимпийн багийн гишүүдэд илэрхийлэхэд зохион байгуулагчийн хувиар оролцохыг зөвшөөрсөн боловч арай ч тугчтай мөр зэрэгцэн явна гэж санаагүй биз ээ.
Харин тэрбээр цэнгэлдэхэд хээвнэг инээмсэглэн орж ирээд, гараа даллан явсан билээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр түүнийг Мадхура Хони гэдэг бөгөөд аспирантаар суралцаж байхдаа Лондон хотноо хэдэн жил амьдарсан нэгэн аж.
Р.Федерер 2016 оны олимпод ч оролцох хүсэлтэй
Дэлхийн манлай теннисчин Рожер Федерер 2016 оны олимпод ч бас оролцох хүсэлтэйгээ илэрхийлээд “Лондон-2012”-ыг өнжихөөр шийдсэн Рафаэль Надалийн тухай мэдээллийг сонсоод анх гайхсанаа өгүүлжээ. “Надаль олимпод оролцохгүй болсон нь миний хувьд сюрприз болсон. Тэр аваргуудын нэг мөртлөө яагаад ийм алхам хийсэн юм бол? Өвдөгний гэмтлээс бүх асуудал үүдсэн гэж лав бодохгүй байна. Тэр тун сайн формтой байсан даа. Миний хувьд олимп ямар ч тэмцээнтэй зүйрлүүлэхээргүй том үйл явдал болохоор тохироо нь бүрдвэл 2016 оны олимпод ч оролцох мөрөөдөлтэй” хэмээн ярьжээ.
Б.СОНДОР