Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдсан Монгол Улсын тамирчин, ОУХМ Сайнжаргалын НЯМ-ОЧИР хүрэл медаль хүртлээ. Жүдо бөхийн тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 73 кг-д хүч үзсэн тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Германы жүдоч Кристофер Воелкийг вазари, юүко үнэлгээгээр, улмаар Европын аваргын алт, мөнгөн медальт Украйны жүдоч Владимир Сорокаг юүко үнэлгээгээр ялсан боловч хэсгийн аваргын төлөөх барилдаанд дэлхийн аваргын хүрэл медальт, ОХУ-ын жүдоч Мансур Исаевт цэвэр ялагдсан билээ.
Гэхдээ торгуулийн барилдаанд амжилттай барилдаж, АНУ-ын жүдоч Николас Делпополог юүко үнэлгээгээр ялснаар медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Голландын тамирчин Декс Элмонтыг юүко үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн эзэн болов. Тэрбээр Өдгөө 26 настай тэрбээр ийнхүү анхны олимпдоо оролцож, хүрэл медалиар энгэрээ мялаалаа.
Ийнхүү С.Ням-Очир Монголын спортын түүхэнд олимпийн наадмын 20 дахь медаль, олимпийн 11 дэх хүрэл, харин жүдо бөхийн төрөлд зургаа дахь медалийг эх орондоо авчирлаа.
Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон ОУХМ Д.Сумъяа эхний барилдаандаа БНСУ-ын бөх Ким Жан Дид дийлдэж тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Барилдааны үндсэн цагт хоёр бөх үнэлгээ авч чадаагүй бөгөөд цаг сунгасан ч барилдаан өмнөх шигээ үргэлжилсэн. Тиймээс шүүгчдийн шийдвэрээр манай тамирчин ялагдсан байна.
Эрэгтэйчүүдийн хийн урт бууны 10 м-т онч сорьсон ОУХМ Н.Баяраа 593 оноогоор 47 тамирчнаас 23 дугаар байр эзэлжээ. Тэрбээр цаашид хэвтээ болон гурван байрлалаас буудах дасгалд өрсөлдөнө.