МАХН-ын Удирдах зөвлөл өчигдөр үдээс өмнө хуралдаж, намын дарга Н.Энхбаярт шүүхээс дөрвөн жилийн ял оноосонтой холбогдуулан цаашид яаж ажиллахаа ярилцсан байна. Энэ асуудлаар тус намаас сонгогдсон гишүүн З.Баянсэлэнгэ, Удирдах зөвлөлийн гишүүн Э.Эрдэнэжамъян, Б.Тулга нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Тэд “МАХН-ын дарга Н.Энхбаярт Сүхбаатар дүүргийн шүүхээс ял оноохдоо шүүгч, улсын яллагч нар нь зөвхөн нэг талын цуглуулсан баримтыг ашигласан. Нөгөө талын баримт үндэслэлүүдийг харгалзаж үзэлгүй ял ногдуулсныг шинэ цагийн улс төрийн хэлмэгдүүлэлт гэж нэрлэж болно. Тиймээс МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн зүгээс АН-тай Засгийн газарт хамтарч ажиллах тохиолдолд ямар зарчим баримтлахаа баталгаажуулсан эвслийн тогтоолоо цаашид барин, шударга үнэний төлөө тууштай тэмцэнэ” хэмээн мэдэгдсэн юм.
“Шударга ёс” эвслээс өнгөрсөн сарын 26-нд гаргасан дээрх тогтоолд эвсэл нь АН-тай Засгийн газар байгуулахаар хэлэлцээр хийж байх шатанд, мөн хамтран Засгийн газарт ажиллаж байх хугацаанд улс төрийн хэлмэгдүүлэлт гарвал Засгийн газраас гарах хүртэл арга хэмжээ авна гэж заасан юм байна. Тэд энэ тогтоолоо АН-ынханд хүргүүлжээ. “Шударга ёс” эвсэлд цаашид хамтарсан Засгийн газарт байх эсэхийг Удирдах зөвлөл нь дахин хуралдаж шийдэх аж. Сэтгүүлчид тэднээс зарим зүйл тодруулаа.
-Эвслийг бүрдүүлж буй МҮАН-ынхан өнөөдөр яагаад энэ хуралд ирсэнгүй вэ. Тэд Засгийн газраас гарах эсэх талаар та нараас өөр байр суурьтай байгаа юм биш үү?
З.Баянсэлэнгэ: -МАХН-ын гишүүд долоодугаар сарын 26-нд гаргасан тогтоолоо барина. Бидний тогтоолыг МҮАН-ынхан хүндэтгэж үзэх байх.
С.УУЛ