Дэлхийн шилдгүүд л оролцдог олимпийн наадмаас “амь дүйж” авсан медалиудаа хулгайд алдсан явдал цөөнгүй тохиолддог. Эсвэл анхаарал болгоомжгүй байдлаас болж, “Салан баавгай”-н үлгэрийг амилуулсан нэгэн ч байх. Тухайлбал бейсболын “Уайтсокс”-ын тоглогч, Алексей Рамирес Кубын шигшээ багт долоон жилийн турш хүчин зүтгэхдээ “Афин- 2004” олимпоос алтан медаль хүртсэн билээ.
Доминикан, дараа нь Чикагод тоглож, алдрын түүхээ баяжуулсан тэрбээр хамгаас нандин медалиа хаа нэгтээ гээсэндээ туйлын харамсдаг аж. Өнгөрсөн зургадугаар сард “Уайтсокс”- ын эзэн Жерри Рейнсдорф ОУОХ-нд хүсэлт гаргасны дагуу ОУОХ-ноос түүнд уг медалийн хоёр дахь хувийг гардуулсан юм. Үүний дараа тэрбээр “Надад үнэхээр сайхан санагдаж байна. Афины олимпоос медаль хүртсэн тэр үе сэтгэлд минь өөрийн эрхгүй буулаа” хэмээн өгүүлжээ.
Олимпийн 18 алтан медальт, АНУ-ын нэрт сэлэгч Майкл Фелпс Лондоны олимпод оролцохоосоо өмнө “60 минут” шоу нэвтрүүлэгт оролцсон билээ. Энэ үед түүний медалийн цуглуулгад 14 биш, нэгээр цөөн медаль байсан нь сонирхолтой. “Таны нэг алт хаана байна” хэмээн гайхсан сэтгүүлчийн асуултад “Үнэндээ энэ талаар мэдэх зүйл алга. Надад медалиа хадгалдаг гар цүнх байдаг юм. Уг нь би үүнийг найдвартай гэж бодсон ч нэг медалиа алга болгочихсон” хэмээн ярьжээ. Түүний нутаг нэгт скелетонч Тристан Гейл хэзээ ч супер од байж үзээгүй боловч “Солт-Лейк-Сити-2002”-оос алтан медалиар энгэрээ мялаасан нь хамгийн дээд амжилт юм. Гэвч ноднин түүний гэрт хулгайч орж, хуримын бөгж, компьютерийг нь хамахдаа медалийг нь бас авчихжээ. Цагдаа нар долоо хоногийн турш шуурхай ажилласны дүнд гэмт этгээдийг баривчилж, медаль нь эзэндээ очсон байна. Медалиа хаана ч хамаагүй хадгалдаг хайхрамжгүй хүмүүсийн нэг бол олимпийн хошой аварга, сноубордч Шон Уайт. Америк эр медалиудаа номны завсар хадгалж хэвшиж. Нэг удаа ээжийнхээ машиныг унаж яваад алтан медалиа хувцасны халаасанд хийчихсэн аж. Гэтэл түүнийг ээж нь хими цэвэрлэгээнд өгсөн бөгөөд медалиа мартсан тамирчин өнөөх газар нь очиход аль хэдийнэ цэвэрлэсэн байж таарчээ. Ажилчид хувцасны халаасанд ямар ч зүйл байгаагүй гэж сноубордчинд тайлбарласан гэнэ.
Америкийн өөр нэг тамирчин, Бээжингийн олимпийн 4х100 м-ийн буухиа гүйлтэд аваргалсан Брендан Хансен Филадельфигаас Техас руу нисэж явахдаа мөн л медалиа гээчихжээ. Тиймээс агаарын тээврийн компани, цагдаа, АНУ-ын усанд сэлэлтийн холбоонд энэ тухайгаа өгүүлээд цаг алдалгүй хайсны хүчинд онгоцонд гээсэн медалийг нь нэгэн оюутан охин олсныг мэдсэн байна. Пан-Америк болон улсынхаа аварга, Лондоны олимпийн хүрэл медальт бразил жүдоч Фелипе Китаиди 23 насны төрсөн өдрөөрөө медалийн бозол хангасан юм. Шагнал гардсанаас хоёр хоногийн дараа тэрбээр хайхрамжгүй байдлаасаа болж, медальдаа сэв суулгасан гэнэ. Бразилийн ҮОХ-ноос энэ бүх байдлыг бичиж, уучлалт хүссэн захидлыг ОУОХ-нд илгээгээд медалийг сольж өгөхийг уламжилсан ч тэдний хүсэл талаар болсон байна.
Голландын сэлүүрт завьчин, Атлантын олимпийн аварга Дидерик Симоны гашуун туршлагаас өгүүлье. Афины
олимпоос мөнгөн медаль хүртсэн баяраа нөхөдтэйгөө хэсэг тэмдэглээд өрөөндөө ирэхдээ тэрбээр медалиа гээчихсэн байв. Энэ тухайгаа Грекийн цагдаа нарт мэдэгдээд “Медалиа олохгүй бол ямар нүүрээрээ эх орондоо очих вэ” хэмээн өгүүлжээ.
Нэгэн таксины жолооч алдсан зүйлийг олж тус болсон бөгөөд завьчин эр түүнд баярласан сэтгэлээ илэрхийлэн марк дурсгасан аж. Бээжингийн олимпийн хос байны төрөлд түрүүлсэн мэргэн буудагч Уолтон Эллер ФортУортод очсоны дараа халааснаасаа медалиа алджээ. Гэхдээ түүний алтан медаль төдөлгүй олдсон юм.
Үүний дараахан түүний найз Кари Кожелл Бээжингийн олимпоос зүүсэн хүрлээ хайхралгүй халаасалж яваад гээснийг нь цэвэрлэгч бүсгүй олоод өөрийн медальдаа анхаарал хандуулахыг зөвлөжээ.
Иймэрхүү явдал 1936 онд ч гарч л байв. 1936 оны олимпод өндрийн харайлтын төрөлд түрүүлсэн Канадын Данкан МакНафтан жилийн дараа алтан медалийг машинаасаа алдчихжээ. Тухайн үед уг медалийг дахин олгох боломж байгаагүй учраас хоосон хоцроход хүрсэн аж. Дэд аваргаар шалгарсан түүний найз Боб ван Осдел олон жилийн дараа буюу нас барахынхаа өмнө өөрийн медалиа нөхөртөө бэлэглсэн нь Данканы сэтгэлийг ихэд хөдөлгөсөн түүхтэй. Тэгвэл саяхан наймдугаар сарын 25- нд ОХУ-ын сагсан бөмбөгч Виталий Фризоны өрөөнд хулгайч орж, бүх шагнал, үнэт эрдэнийг нь хулгайлсан хэрэг гарав. Одоогоор гэмт этгээд баригдаагүй байна.
Б.ӨЛЗИЙТОГТОХ