2012 он “будаг нь ханхалсан” их мастер Баярсайханы Гүндаваад өгөөжөө хайрласан жил. Оны эхээр зохиогдсон насанд хүрэгчдийн УАШТ-д 22 нас, арван сартайдаа гурав дахиа түрүүлж, их мастер Б.Хатанбаатарын 25 настайдаа гурван түрүү авсан амжилтыг шинэчлэн тогтоосон тэрбээр дөрөв дэх олимпиаддаа зорилгоо биелүүлэв. Улсын аварга болсныхоо дараа залуу шатарчин “Энэ жилийн олимпиадад нэгийг дуулгана” хэмээж байсан нь хоосон үг биш байжээ. Эзэн хичээвэл заяа хичээдгийн үлгэр ийн биеллээ.
Туркт болсон шатрын 40 дэх олимпиад оролцогчдын тоогоор дээд амжилт тогтоосноос гадна өөр олон рекорд дагуулсан бол 23 насандаа их мастерын өндөр босго алхсан Гүндаваа энэхүү цолд хүрсэн манай хамгийн залуу аварга боллоо. Мөн түүний чансаа 2530 хэмээн тэмдэглэгдсэн нь Монголын шатарчдын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. Тэрбээр цаашид 2600-гаас хол давах, супер их мастерын болзол хангах тэмүүлэлтэй, ДАШТ-д оролцох хэтийн төлөвлөгөөтэй яваа нь мэдээж. Залуу их мастерыг уншигчидтайгаа уулзуулья.
-Их мастер болсонд тань баяр хүргэе. Өмнө нь гурван ч олимпиадад оролцсон хур туршлагатай учраас энэ удаа уг цолд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байв уу?
-Баярлалаа. Миний мэдэхээр Турк улс шатрын олимпиадыг хоёр дахь удаагаа хүлээн авч, өндөр түвшинд зохиож байгууллаа. Анх олимпиадын “утаа үнэрлэсэн” 2006 онд хоёрдугаар ширээнд сууж билээ. Харин бусдад нь буюу 2008, 2010, 2012 оныход нэгдүгээр ширээнд тоглосон. Энэ олимпиадад өндөр хариуцлага үүрч, олон жилийн хөдөлмөрийн үр дүнгээ харахыг хичээлээ. Оюунлаг ард түмнийхээ итгэлийг даах сайхан юм.
-Хөлөгт тоглоомд хөтлөн оруулсан Х.Сүрэндорж багш тань байсан бол бүр ч баярлах байсан даа?
-Тийм ээ. Багшийнхаа ачийг бага ч гэсэн хариулсан байх. Миний багш намайг тэнгэрээс харж буй гэдэгт итгэнэ. Багшаасаа хойш өөрийгөө дасгалжуулж, өдөр бүр арван цагийг шатарт зарцуулсны үр дүнгээ амсаж л явна.
-Долоон их мастер, нэг олон улсын мастер, мөн ФИДЕ мастертай тоглосон чиний хувьд ялагдал хүлээх үедээ хэр нервтэв?
-Эхний өргүүдэд бараг хожлын байрлал авсан боловч балчир хүүхэд ч алдмааргүй зүйл дээр тэргээ сул өгч хожигдсон. Одоо бодоход хэтэрхий хичээжээ. Алдаагаа зассаны үндсэнд сүүлийн таван өрөгт хожигдоогүй.
-Тэгвэл хамгийн таашаал авсан тоглолт юу вэ?
-Миний найм дахь, манай багийн арав дахь өрөг. Энэ тавилд л хожигдвол их мастер цолоос атгаад алдах байлаа. Зургаан цаг тоглосны эцэст хожил авчихаад гарч ирэх ямар сайхан байсан гээч.
-Цаашид залуу их мастерыг маань олон тэмцээн хүлээж буй нь лавтай. Хэзээ цолоо ахиулах вэ?
-Одоо миний чансаа 2530-тай байгаа. 2600 оноо цуглуулбал супер их мастер болох тул өндөр чансаатай тэмцээнд оролцох хэрэгтэй. Гэхдээ эхний ээлжинд юу ч бодолгүй амармаар байна.
-Дэлхийд эхний 100-д багтах талаар?
-2650 гэсэн чансаатай бол эхний 100-д орно.
-Оролцохыг хамгийн ихээр хүсэж буй тэмцээн юу байна?
-Шилдэг 128 шатарчин хасагдах системээр тоглодог Дэлхийн цомд оролцож үзэх хүсэлтэй. Азидаа эхний таван байр эзэлсэн, мөн бүсийн тэмцээнээс шалгарагсад дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх эрх авдаг юм.
Б.ӨЛЗИЙТОГТОХ