Лондоны олимпийн усанд сэлэлтийн тэмцээнд нанхиад охин Е Шивэнь дуулиан дэгдээсэн. Олимп, дэлхийн дээд амжилтыг угсруулан шинэчилж, эрчүүдээс ч хурдтай байна хэмээн гайхагдаж, сэргээш хэрэглэсэн гэж сэжиглүүлж ч үзсэн түүнийг агуу рекордч гэдэгтэй хүмүүс эцсийн эцэст эвлэрсэн. Тэгвэл түүний жимээр япон хөвгүүн алхах нь.
Тэр 18 настай Акихиро Ямагүчи. Ахлах сургуулийн сурагч тэрбээр хөвгүүдийн 200 метрийн өврөөр даллах сэлэлтийн тэмцээнд оролцож, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Тэрбээр дээрх зайд 2:07.01 минутын амжилт үзүүлсэн байна. Энэ төрөлд Унгарын тамирчин Даниэл Гюрта Лондонгийн олимпийн наадмын үеэр 2:07.28 амжилтаар дэлхийн рекорд шинэчилсэн юм. Тэрбээр Наран улсын алдарт тамирчин Косүкэ Китажимагийн үнэнч фэн бөгөөд цаашид дэлхийн тавцанд эх орноо төлөөлж, “цахиур хагалах” хүсэлтэй гэнэ.
Японы өсвөрийн дээд амжилтыг эвдэж байсан тэрбээр өнгөрсөн долдугаар сард дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний үеэр 100 метр, 200 метрийн уралдаанд дэлхийн рекорд шинэчилжээ.