УИХ энэ оны төсөвт тодотгол хийхдээ танах, бүсээ чангалахаас илүү эдийн засгийн тогтвортой байдлыг хангах
зарчим баримталсныг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өчигдөр онцлов. Ээлжит бус чуулганаар тус Байнгын хорооны нугалсан хамгийн том ажил нь төсвийн тодотгол байсан билээ. Түүнээс зарим зүйл тодрууллаа.
-Улсын төсөвт тодотгол хийх болсон шалтгаан нь юу байв. Тодотгол хийснээр хэдэн төгрөгийг нэмж төвлөрүүлэх боломжтой болсон бэ?
-Хоёр гол шалтгаан байсан. Нэгдүгээрт, Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, зарим яамыг 2-3 болгон салгаж, заримыг нь шинээр байгуулсан. Тиймээс сайд нарын багцад байсан мөнгийг шинэ бүтцийн дагуу шилжүүлэх шаардлагатай болсон. БСШУЯ-наас соёлыг нь салгах гэх мэтээр зохицуулалт хийсэн. Мөн улсын төсвийн төлөвлөж байсан орлого нэг их наяд гаруй төгрөгөөр дутах нөхцөл үүссэн.
Тавантолгойн ордыг ашиглаж эхлэхтэй холбоотойгоор улсын төсөвт 900 гаруй тэрбум төгрөгийн орлого орно гэж тооцсон байсан ч боломжгүй болсон. Европ болон өмнөд хөршийн эдийн засагт үүссэн хямралаас болоод манай экспорт, импортод сөрөг нөлөө гарч эхэлсэн.
Алт, зэс, нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ унаснаар Тогтворжуулалтын санд орох орлого 221 тэрбум төгрөгөөр, импорт 1.6 тэрбум доллараар буурах нөхцөл үүссэн. Төрийн банкны өмч хувьчлалаас 80 тэрбум төгрөг олохоор төлөвлөсөн ч бүтэлгүй боллоо.
Хүний хөгжил санд нөөц ашигласны төлбөрөөс санхүү бүрдүүлдэг. Гэтэл дээрх хүчин зүйлээс болоод уг мөнгө 40 тэрбум төгрөгөөр буурах төлөв үүссэн гэх мэтээр орлоготой холбоотой асуудал гарсан учир төсөвт тодотгол хийх шаардлагатай болсон. Тодотголоор нийт 120 тэрбум төгрөгийн орлого нэмж олно.
Тамхины импортын татвараас 19 тэрбум, хүн амын орлогын албан татвараас 11 тэрбум, дизель түлшний татварыг нэмснээр 30 тэрбум гэх мэтээр энэ орлого бүрдэнэ. Гэвч цаана нь нэг их наяд төгрөгийн орлого дутаж байна. Төсвийн алдагдал ДНБ-ий 4.9 хувьтай тэнцэхээр баталсан. 781 тэрбум төгрөгийг бид бонд гаргах, зээл авах гэх мэт өөр эх үүсвэрээр бүрдүүлэх хэрэгтэй болж буй юм.
-Хөрөнгө оруулалтын зардлаас хэдэн тэрбум төгрөг хэмнэсэн бэ?
-300 гаруй тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтыг танасан. Гэхдээ эдийн засаг муудсан үед зарлагаа танах нь тийм зөв арга биш. Зарлага хасагдвал улсын хэрэглээ буурна, тэр хэрээр бүтээгдэхүүн нийлүүлдэг компаниудын борлуулалт муудна. Улмаар ажлын байр үгүй болж, иргэд ажилгүй, орлогогүй болно гэсэн үг. Зарлага хасах нь компаниудынхаа хаалгыг барихтай ижил. Тиймээс алдагдлыг таван хувиас хэтр үүлэлг үйгээр эдийн засгийн тогтвортой байдлаа авч үлдэхэд УИХ анхаарч, тодотголыг баталсан. Төсөв тэлсэн, алдагдал нэмэгдсэн.
АНУ ч гэсэн хямралын үед алдагдалтай төсөв баталсан шүү дээ. Яамдын орон тоог цомхтго гэж байна. Үүний цаана хүмүүсийн амьдрал байгаа. Тиймээс алдагдлаа зээл авч төлөөд эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалах бодлого баримталж байгаа юм. Таван хувийн алдагдалтай байлаа гээд муудахгүй. Энэ бүхнийг бодлогоор зохицуулахын тулд Хөгжлийн яам байгуулсан шүү дээ. Цаашид бид гал унтраах сэтгэлгээнээс салж, төсөв батлахдаа тогтвортой хөгжлийн бодлого баримтлах болно.
-Төсвийн орлого 5.5 их наяд байх ч одоо 3.5 их наядыг нь л төвлөрүүлсэн байна. Он дуусахад үлдсэн орлогыг төвлөрүүлж чадах уу. Төсвийн алдагдал өндөр байх нь манай улсын зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлөх юм биш үү?
-Манай улсын ирээдүйд олох орлого тодорхой байгаа. Тиймээс бодлогоо л сайжруулчихвал эдийн засгийн боломжоо зөв ашиглаж чадна, зээлжих зэрэглэлд ч сөргөөр нөлөөлөхгүй. Одоогийн байдлаар төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр орлого 71 хувьтай байгаа. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 45 хувь байна. Манай компаниуд татвараа оны сүүлчээр төлөх хандлагатай байдаг болохоор татварын орлого 470 орчим тэрбум төгрөгөөр дутуу байгаа. Гэвч тодотгол хийхдээ боломжгүй болсон орлогуудыг хассан. Тиймээс оны эцэст гэхэд орлого төлөвлөсний дагуу орох байх. Хүний хөгжил сангийн тухайд нөөц ашигласны татвараас санхүүждэг учир асуудал гарч болзошгүй. 31 сая тонн нүүрс экспортолно гэж өмнө нь тооцсон бол одоо есөн сая тонноор буурсан. Үүнийг бонд гаргаж нөхнө.
-Төсөвт зэсийн үнийг 7000 ам.доллараар тооцсон. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ үүнээс доош хүрч унавал яах вэ. Төсвийн орлогыг хэрхэн нөхөх бол?
-Гэнэтийн нөхцөл үүсэхгүй бол бүх зүйл хэвийн байна. Дээрх тохиолдолд алтны үнээр орлогоо нөхөх боломжтой.
С.УУЛ