МАН-ыг орхиж, МАХН-ын батлахаа сэргээгчдийн тоо өдөр ирэх бүр нэмэгдэх болов. МАХН-ын дарга Н.Энхбаярын уналт нам нь УИХ-д бүлэг байгуулж, Засгийн эрх барих хэмжээнд хүрснээр дуусаж, сэргэн мандалтын үе нь эхэлж байх шиг. Хэдийгээр тэр шүүхээс ял авч, эмнэлэгт хэвтэж байгаа ч нам нь хүрээгээ тэлэх янзтай.
Сэргэж байгаа намыг нь зоригсод ялангуяа, МАН-ын зүгээс олшрох янзтай болов. Өчигдөр л гэхэд МАН-ын Чингэлтэй дүүргийн намын үүрд хамаарах 250 гишүүн МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж, батлахаа гардлаа.
МАХН-ынхан мэдээж “шилжин ирэгчдийг” алд цэнхэр хадгаа дэлгэсээр л угтаж байна. Батлах гардуулахдаа МАХН-ын генсек Г.Шийлэгдамба “Шударга нийгмийн төлөө бидэнтэй хамтран зүтгэхээр ирж байгаа гишүүддээ баярлалаа” гэж хэлээд малийж сууна. Үүнээс хэдхэн хоногийн өмнө мөн л 300 хүн батлахаа сэргээж авсан. Н.Энхбаярын цэргүүд энд баясаж, даргыгаа эзгүйд эгнээгээ тэлж буйдаа додигор яваа бол МАН-ынхан тэнд барайж суугаа. УИХ-ын сонгуулиар үнэндээ МАН-ынхан АН-д биш, МАХН-д буюу Н.Энхбаярт мад тавиулсан. Сонгуулийн өмнөхөн УИХ-ын гурван ч гишүүнээ тийш алдсан бол одооны Парламентад тэдний араас явах хүн цөөнгүй байгаа сураг бий. Дээрээс нь дүүрэг бүрээс 100, 200, 300-гаар нь гишүүдээ алдаад байдаг, МАН-ынхан уйлахаас наагуур юм болж буй биз
МАН 160 мянган гишүүнтэй, Монголын хамгийн том нам гэдэг. Тэгвэл энэ тоогоо барихын тулд өөрсдийг нь орхисон хуучин гишүүдээ шинэ залуусаар “нөхөх” бодлогыг тэд баримталж байна. Сонгуулийн өмнөхөн тус намын удирдлага цэргүүддээ элсүүлсэн гишүүний тооноос хамаарсан “урамшуулал” олгох “уралдаан” зарлаж, учир мэдэхгүй, үзэл баримтлалыг нь үнэндээ ойлгоогүй олон зуун залууг бөөндөн элсүүлсэн. Намаас нь хүмүүс гараад байхад МАН одоо ч энэ кампанит ажлаа үргэлжлүүлэх биз ээ. Уг нь олон улсад намын хатуу гишүүнчлэлээс татгалзаж буй бол Монголд намууд гишүүнийхээ тоогоор уралддаг жишиг тогтож байх шиг байна.
С.ТУУЛ