Лондоны олимпод оролцсон Монголын багийн хамгийн залуу тамирчнаар 20 настай, усанд сэлэгч Гантөмөрийн Оюунгэрэл тодорсон юм.
Арван наснаасаа цэнхэр замд уралдаж эхэлсэн тэрбээр 2002 оны өсвөрийн улсын аваргад түрүүлж, 2004 оноос тасралтгүй УАШТ болон тив, дэлхийн усан санд хурд сорьжээ.
Таван жилийн тэртээ Макаод танхимын Азийн наадам, 2009, 2011 оны ДАШТ-д хүч сорьсон түүнийг цаашид “Лондон-2012” хүлээж байлаа. Залуу олимпчинтой ийн ярилцлаа.
-Ямар учраас усан спортоор хичээллэхээр шийдсэн юм бэ?
-Спорт комплекст ажилладаг ээжийнхээ ажлыг сонирхоод усан спортоор хичээллэж, сэлж сурахыг хүссэн. Эхний үед бэрхшээл мундахгүй гарна. Намайг энэ спортод Сүхбат багш хөтлөн оруулсан юм. Эрдэнэтийн “Хангарьд” спорт клубээс амжилтын гараагаа эхэлсэн.
-Хамгийн дурсамжтай тэмцээн гэвэл алийг нь нэрлэх вэ?
-Тухайн тамирчин чадаж л байвал нэг тэмцээнээс хэчнээн ч медаль авах боломжтой. Миний хувьд хамгийн олон медаль хүртсэн нь 2010 оны УАШТ. Нийтдээ 10 медаль авсны дөрөв нь алт, тав нь мөнгө, нэг нь хүрэл. Алтантуяа багшийн удирдлагад 2004 оноос өнөөг хүртэл тасралтгүй хичээллэж байгаа.
-Усан спортоор монгол хүн хилийн чанадад өндөр амжилт гаргах боломж хомс гэж бодох хүн цөөнгүй. Чиний хувьд...
-Миний бодлоор манай оронд усан спорт хөгжих боломжтой. Дэмжлэг, стандартад нийцсэн усан сан хамгийн чухал. 50 м-ийн бассейнтай болчихвол, тамирчид бэлтгэлээ өндөр түвшинд хийнэ. Өсвөрийн сэлэгчид гадаад тамирчидтай эн тэнцүү өрсөлддөг ч томрох тусам хоцордог юм шиг санагддаг.
-Чиний гол өрсөлдөгчид хэн, хэн бэ?
-Хамгийн түрүүнд өөрийгөө л хэлнэ. Өөрийгөө дийлэх нь хамгийн их аз жаргал. Тамирчдын хувьд багаасаа өрсөлдсөөр ирсэн гурван охин болох Хулан, Сүрэнням, Уртнасан нар.
-Сэлэх дуртай зай гэвэл?
-Үндсэн төрөл маань 100 м-ийн мэлхий болон өврөөр даллах сэлэлт. Усан спортод хөл тавиад хамгийн түрүүнд мэлхий сэлэлтийг сурсан. Харин надад хамгийн их таалагддаг нь далайн гахай сэлэлт.
-Усанд сэлэлтээр хичээллэхээс өмнө спортын өөр төрөлд хүч сорьж үзэв үү?
-Бүжгийн дугуйланд явдаг байсан.
-Ингэхэд Лондоны олимпод оролцох урилгыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Өнгөрсөн гуравдугаар сард болсон УАШТ-ий үеэр энэ тухай мэдсэн. Баярлалгүй яахав, ялангуяа багшдаа хамгийн их баярласан. Олимпод оролцохыг хүсдэг байснаас оролцоно гэж бодсон удаагүй.
-Улсын дээд амжилтыг ганцаарчилсан сэлэлтэд шинэчилсэн үү?
-Амжаагүй л яваа. Харин 2010, 2012 онд багийн төрөлд дээд амжилт шинэчилсэн юм байна.
-Олимпийн тэмцээнд оролцохын өмнө “Афин-2004”-т өрсөлдөж байсан А.Тамир ах тань багагүй зөвлөгөө өгсөн болов уу?
-Лондонд бид тэмцээн болохоос долоо хоногийн өмнө очсон.Тамир ах тэмцээнд оролцохын сацуу дасгалжуулагчаар ажилладаг учраас бэлтгэлийн үед тусалж зөвлөж байлаа. Мөн багшаас төлөвлөгөөт бэлтгэл авсан учраас хүндрэл тийм ч их гараагүй.
-Гараанаас гарахын өмнө сандарсан уу?
-Олимп төсөөлж байснаас минь агуу юм билээ. Өөрийгөө тайван байлгахыг хичээсэн. Гараандаа түрүүлнэ гэж бодсон ч хангалттай оролцож чадаагүй. Үүнд сэтгэл зүй нөлөөлсөн байх.
-Дэлхийн ододтой зураг татуулж, гарын үсгийг нь авч амжсан уу?
-NВА-гийн алдарт тоглогч Леброн Жеймс, Кевин Дюрант нараас гадна алдарт сэлэгч Майкл Фелпс, Сони Ребекка нарыг хараад өөрийн эрхгүй биширсэн. Бэлтгэлийн үеэр тэдэнтэй зураг авахуулж болохгүй. Зураг авахуулж амжаагүй ээ.
-Аль сургуульд суралцдаг вэ?
-Анагаахын “Этүгэн” дээд сургуулийн гуравдугаар курст эмчилгээний ангид суралцдаг. Тэмцээн гээд бараг хагас семистрээс хойш хичээлд суугаагүй намайг багш нар маань ойлгож, дэмжсэнд нь баярлаж явдаг. Энэ дашрамд Монголын усан спортын холбоо, Эрдэнэтийн “Хангарьд” клуб, багш Алтантуяа болон аав, ээждээ талархлаа уламжилмаар байна.
Б.СОНДОР